Цэс

Холбоо барих

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нарын хамтран боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөлд салбарын яамд, зорилтот бүлгийн иргэд, олон нийтийн санал “Хүртээмжтэй нийгэм ба тэгш оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2026.06.18) үргэлжиллээ. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргаж, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэлэлцүүлгийн эхний хэсгийг энэ сарын 11-ний өдөр зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн эхний хэсэгт гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, эрүүл мэндийн болон боловсролын салбарын хүртээмжийн талаарх Эрүүл мэндийн, Боловсролын, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын мэдээллийг сонсож, хэлэлцсэн бол өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын, Цахим хөгжил, инноваци, харилцааны холбооны болон Зам, тээврийн яамдын мэдээллийг сонслоо. Яамдын холбогдох нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд төрийн үйлчилгээг иргэд саадгүй, хүртээмжтэй авах, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан, жирэмсэн эх, 0-3 насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүмүүст хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлого, зохицуулалт, түүний хэрэгжилт, авч явуулж байгаа арга хэмжээний тухай танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын асуултанд хариулав.

Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хууль бол зөвхөн онцлог хэрэгжээтэй иргэдэд зориулагдсан хууль биш, хүн бүр таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зохицуулалттай бүх нийтийн хүртээмжийн тухай хууль гэдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм. Олон улсын стандарт нэвтрүүлж, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, ногоон байгууламжийн, авто зам, төмөр зам, агаарын зам, замын байгууламж, нийтийн тээврийн,  мэдээллийн технологи, харилцаа холбооны, үйлчилгээний нөхцөлийг нэгдсэн стандартаар зохицуулах харилцааг хуульд тусгасан гэдгийг тэрбээр онцолж, хэрхэн хэрэгжүүлж, яаж хянах, үнэлэх, ямар үр дүн хүлээж буй зэргийг дэлгэрэнгүй тайлбарласан юм.

Хуулийн төслийн танилцуулга, соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологийн болон зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаарх мэдээлэл хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, “Том ах эгч” ТББ-ын тэргүүн С.Энхтуяа, Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны тэргүүн А.Энхбаатар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул, Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбоо ТББ-ын төлөөлөл Я.Алтанзагас, тэргэнцэртэй иргэн Б.Энхсайхан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн тэргүүн Б.Гүнжилмаа, “Адина-тэгш боломж” ТББ-ийн захирал Л.Ариунзул, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны төлөөлөл Д.Лувсандорж, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо М.Мөнхтулга болон бусад оролцогчид үг хэлэв. Бассейн, спорт заал, нийтийн биеийн тамирын талбай, үзвэр үйлчилгээний танхимууд зэрэг соёл, спортын байгууламжуудын хүртээмжтэй байдал тааруу, мэдээллийн технологийн боломжууд, телевиз, мэдээллийн хэрэгслүүдийн агуулга, контентуудыг харааны, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх, сонсох боломжгүй, дохионы хэлний болон хадмал орчуулгагүй зэрэг олон бэрхшээл тулгардгийг тэд ярьж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд бүхий л ажлын байрны хүртээмжтэй байдлыг сайжруулах шаардлага байгааг дурдаж байлаа. Түүнчлэн түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хамрагдах, нийтийн эзэмшлийн зам, талбайд цагаан таягтны тусгай замыг гүйцэт хийх, тийм замд гэрлийн шон зэрэг саад байгааг арилгах, барилга, орон сууцыг хүлээн авах Улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ээлж дараатай оролцуулж, хяналт, туршилт хийлгэх ажлыг эрчимжүүлэх зэрэг олон ас уудлыг хөндлөө.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, А.Ариунзаяа нар оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настан зэрэг онцлог хэрэгцээтэй иргэдийн эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт, бодлого, хөтөлбөрт туссан зүйл заалтын талаар товч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээ