Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

Хуулийн төслийг Байнгын хороонд буцаав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.19)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар гаргасан байна. Түүний гаргасан горимын саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан байна. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлд хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилт, хөтөлбөртэй байхаар тусгагдсан боловч холбогдох хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч өргөн мэдүүлээгүй байна. Тодруулбал хуулийн төслийн санаачлагч тодорхойгүй, хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой асуудлыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ёстой атал тэгээгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, М.Ганхүлэг, О.Алтангэрэл нар хөндөж, энэ асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчихөд хүргэнэ гэдгийг анхааруулсан юм. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ горимын санал гаргаж, хуулийн төслийг Байнгын хороонд буцаахыг хүссэн юм. Горимын саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд буцаалаа.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үүний дараа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 41 саналыг дэмжсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцуулав. Карбон кредитийн үр ашгийг малчдад хүртээх, мөн хууль хоорондын зөрчлийг арилгах талаар Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа зарим саналыг гүйцээн боловсруулахаар хуралдаан даргалагчаас чиглэл авлаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

Ойн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулав.

Хуулийн төслийн үзэл баримтлал, хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Баатархүү, М.Ганхүлэг, Б.Хэрлэн нар асуулт асууж, хууль санаачлагчаас хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд ойн баялгийг эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрөл, мэргэжлийн шалгуурыг тодорхой болгох, хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх,  хушны самарны ашиглалт, мөн хушин ойн нөхөн сэргээлтийг хушны тарьц суулгацаар хийх, ойн амьтны экологийн корридор гаргах, мөн дуудлага худалдааны зохицуулалтыг муутгахгүй байх, ойн сангийн хамгаалалтыг хот айлын нөхөрлөл хариуцахаар зохицуулж буй нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тэдний чиг үүрэг, зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн хууль батлагдсанаар ойн сан бүхий сум, суурин газрын модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд хэрхэх талаар тодорхой асуулт асууж асууж, хариулт авав.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

2025 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцлээ

Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хийв. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсөв, орон нутгийн төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэлийг хамруулсан байна.

Монгол Улсын эдийн засаг 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрч, эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай, инфляцийн түвшин оны эцэст 7.5 хувь, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.1 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл хангаж байгаа талаар Сангийн сайд З.Мэндсайхан нэг бүрчлэн танилцуулж, Төсвийн тухай хуулийн 57.2 дах хэсэгт “Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ.” гэж зохицуулсан боловч мөн хуулийн 57.3 дахь хэсэгт “Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байна.” гэж заасан нь төсвийн суурь тэнцэлийн тусгай шаардлагыг хангахад сөргөөр нөлөөлж байгааг дурдлаа.

2025 онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч 95.9 хувийн биелэлттэй, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан бол нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн буюу 73 хувийн санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн буюу 96 хувийн санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр бүрэн санхүүжүүлэх зарчим баримталсан байна. Харин 2025 онд ажил нь хийгдсэн боловч төсвийн орлогын биелэлттэй уялдуулж санхүүжилтийг бүрэн олгоогүй нийт 286.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэл бүхий он дамжин үргэлжлэх төсөл арга хэмжээг 2026 оны батлагдсан санхүүжилтээс олгосон байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл 2025 онд нэмэгдэж “Эс энд Пи” агентлагаас “B+ эерэг” байсныг “BB- тогтвортой” түвшинд, “Мүүдиз” агентлагаас “В2” байсныг “B1, тогтвортой” түвшинд хүргэж, “Фитч” агентлагаас “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгалж, зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиулжээ.

Сангийн сайд танилцуулга хийсний дараа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан нар танилцуулав.

Аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн төлөвлөснөөс 937.6 тэрбум төгрөгөөр тасарсан болон төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их наяд 331.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 2.4 хувиар өссөн байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дурдсан юм. Төсвийн зарлагын өсөлт улсын төсвийн урсгал зардал 4.6 хувиар, орон нутгийн төсвийн урсгал зардал 12.7 хувиар нэмэгдсэнтэй холбоотой байгааг тэрбээр онцолж, төсвийн суурь тэнцэл 1 их наяд 113.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-д заасан тусгай шаардлагыг хангахгүй байна гэсэн юм. Засгийн газрын өр нэрлэсэн үнээр 35 их наяд 407.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байгаа нь бөгөөд үүний 95.7 хувь нь гадаад валютаар илэрхийлсэн өр байгаа нь стратегийн баримт бичигт тогтоосон түвшнээс давжээ.

Зарим төрлийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэхэд салбарын бодлогын хэрэгжилтэд оруулах гүйцэтгэлийн гол үзүүлэлт тодорхойлогдоогүй, хүрсэн түвшин, гаргасан зардлын үр өгөөж, гүйцэтгэсэн ажлын өртөг тооцох тогтолцоо байхгүйгээс төсвийг зарцуулахдаа арвилан хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах соёл төлөвшихгүй, төсөв тэлэх байдал ажиглагдаж байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн анхааруулж, улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалтын зардлын ангилал, шалгуур үзүүлэлт тодорхойгүй, хууль, журмын заалт уялдаагүй, хяналт шалгалт хийх чиг үүрэг давхардалтай байгааг хэллээ. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын 2025 оны санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 75.1 хувь, барилга байгууламжийн хоёр ажил тутмын нэг нь, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах таван ажил тутмын дөрөв нь тухайн ондоо хэрэгжиж дуусалгүй дараагийн онд шилжсэн байгааг танилцуулав. Барилгад ашигласан материалаас ялгарах хорт бодисын агууламж хүлцэх хэмжээнд байгаа эсэхийг хянах, бүртгэх, баталгаажуулах тогтолцоо бүрдээгүй байгааг тэрбээр анхааруулж, 2025 онд ашиглалтад хүлээн авсан 13 сургууль, цэцэрлэгт дотоод орчны агаарт шинжилгээ хийхэд найман барилгад формальдегид болон бензолын агууламж хүлцэх хэмжээнээс өндөр гарсныг мэдээллээ. Төсөл, арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, ашиглалтад хүлээн авах, хөрөнгөд бүртгэх үе шат бүрд захиалагч, хяналт хэрэгжүүлэгч, хүлээн авах комисс зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хяналт, хариуцлага сул байгаагаас шалтгаалан зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврын дагуу хэрэгжихгүй байх, хугацаа хоцрох, дутуу хийгдэх, чанар, стандартын шаардлагад нийцээгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах, бүртгэл хийхгүй байх зэрэг алдаа, зөрчлүүд буурахгүй байгааг таслан зогсоох шаардлагатайг сануулав.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 32, “Хязгаарлалттай” 28 дүгнэлт өгсөн бөгөөд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд  “Хязгаарлалттай”  гэсэн дүгнэлт өгчээ. Тус аудитаар Монгол Улсын Ерөнхий сайдад зургаа, Сангийн сайдад хоёр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад нэг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт хоёр зөвлөмжийг тус тус хүргүүлсан байна. Төсөвт тодотгол хийхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан өөрчилж, тоштвортой байдалд эрсдэл үүсгэдэг, экспортын биет хэмжээнд найдсан төсвийн төлөвлөлт хийдэг, түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг үед бий болсон орлогыг хуримтлуулж төсвийн тэлэлтийг хязгаарлах орон зай бий болгоогүй, төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээг зардалтай уялдуулж баталдаггүй, цаг тухайд нь бүрэн санхүүжүүлдэггүй, үүнээс болж төсөвт ачаалал үүсгэдэг, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн тодорхойгүй, хяналт, хариуцлага сул зэрэг зөрчлүүд удаа дараа давтагдан гарсаар байгааг анхааруулав. Мөн гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажуулаагүй авлагыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг санууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайханы танилцуулсан дүгнэлтэд эдийн засагт гарсан эерэг үр дүн төсвийн гүйцэтгэлд тусгалаа олохгүй байгааг дурдсан байлаа. Төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүү нэмэгдсээр байгааг тэрбээр анхааруулж, ялангуяа хөрөнгийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү анхаарах шаардлагатай түвшинд хүрснийг онцлов. Мөн төлөвлөлтийн алдаа нь төсвийн тодотгол хийх нөхцөл болж байгааг дүгнэн, эдийн засгийн өсөлт, татварын орлого нэг салбараас хүчтэй хамааралтай байгаа нь эрсдэг агуулж байгааг анхааруулав. Мөчлөг дагасан төсвийн бодлого макро эдийн засгийн нөлөөллийг нэмэгдүүлж, төсвийн гүйцэтгэлийн чанарыг сулруулах хүчин зүйл болж байгааг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтыг төсвийн хэмнэлт, алдагдал бууруулах, тусгай шаардлага хангах удирдлагын арга хэрэгсэл болгож байгаад анхаарах болсныг сануулсан юм. Орон нутгийн төсвийн зарим үзүүлэлт улсын төсвийнхөөс давж нэгдсэн төсөвт үзүүлж буй нөлөөлөл нэмэгдэж байгаад дүгнэлт хийх, төсвийн гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал, хэмжүүр, зохион байгуулалт, чанарыг сайжруулах, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тодорхойлох шаардлагатайг тэрбээр дурдаж, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад цаашид онцгой анхаарч, энэ талаар бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэнийг тэмдэглэлээ.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, тайлан болон тэдгээрт хийсэн аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Г.Лувсанжамц, Ө.Шижир, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, П.Наранбаяр, Г.Хосбаяр, У.Отгонбаяр, Дав.Цогтбаатар, Г.Ганбаатар, О.Батнайрамдал, Д.Ганмаа нар асуулт асууж, хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүд аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтүүдэд дурдсан зөрчил, дутагдлуудыг цохон асууж, холбогдох төсвийн захирагч нар, албан тушаалтан, мэргэжилтнүүдээс хариулт авлаа. Төсвийн хуваагдал, зориулалт, төрийн өмчийн компаниудын төсөв, үр дүн, урьдчилсан төлбөр, тэдгээрийн бүртгэл, мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлалын төлөвлөгөө тасарсан, төрийн өмчийн компаниуд үндсэн чиг үүрэгтээ хамаарахгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1.1 их наяд төгрөг зарцуулсан, төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчихгүй байх, Засгийн газар болон Үндэсний аудитын газрын дүгнэлтүүд зөрүүтэй байгаа, татвар төлөгчдөөс 1.2 их наяд төгрөгийн татварыг урьдчилан төвлөрүүлсэн тухай, 9.1 их наяд төгрөгийн ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд 37.6 тэрбум төгрөгийн шимтгэл төлж буй асуудалд хэн хариуцлага хүлээх, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээр тогтоосон үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг биелүүлж ажиллах зэрэг олон чухал асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндсөн юм.

Засгийн газар батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой атал эсрэгээрээ өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэхийн тулд хууль тогтоомжийг байнга өөрчилж байасн гэсэн шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын чанар, үр дүн, тэр дундаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгын чанартай холбоотой асуудлууд ч байсаар байгааг дурдаж, Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс олон тооны чанартай дүгнэлт, зөвлөмж гаргаж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, цаашид хариуцлагын механизмыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлхийн болон алдагдсан чадамжийг боломжит дээд хэмжээнд сэргээх зорилтын хэрэгжилт, үр дүн хангалтгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ярьсан бол “Ахмадын сан” бүрдүүлэх асуудал яамдын хооронд хаягдсан, тарийн албаны 9.0 хувийн цомхотголын сөрөг үр дагаварыг бууруулах, худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэмдэглэлээ.

Төсвийн төлөвлөлт, үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодитой шинэчлэл хийгдээгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг шүүмжиллээ. Тэрбээр тарифын зохицуулалттай салбаруудыг үе шаттайгаар либералчлах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлэг хангалтгүй явагддагаас төлөвлөлтийн алдаа давтагдах, төсвийг байнга тодотгох, өмнөх жилийн сургамжийг бодлогод тусгаж чадахгүй байх зэрэг үр дагавар гарч буйг анхааруулсан юм. Мөн тэрбээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сул, бүртгэгдэх ёстой мэдээллийн 55.1 хувь бүртгэгдээгүй, өмнөх онд аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийн 65 хувь нь бүрэн хэрэгжээгүй байгаа нь хангалтгүй дүн гэдгийг онцгойлон сануулав. Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг сонгон шалгаруулалтыг нээлттэй дуудлага худалдааны аргаар явуулсныг сайшааж, энэ аргыг бусад салбарт нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр 2025 онд улсын төсвөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилт хангалтгүй байсныг шүүмжилж, 3.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 886 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэлгүй үлдээсэн нь хэмнэлт биш гэдгийг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асууж, орон нутагт зээлийн хүртээмж багассан тухай, мөн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар асууж, хариулт авав. Энэ мэтчилэн Улсын Их Хурлын гишүүд мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх, урсгал зардлыг бууруулах, нийслэлийн төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, Засгийн газрын өр, төлбөрийг зохистой хэмжээнд барих, “Эрдэнэс Монгол” нэгдлийн дотоод өрийг цэгцлэх, Оюутолгой компанийн татварын акттай холбоотой маргаан, түүнээс үүсэж болзошгүй эрсдэл, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн он дамжсан өр төлбөртэй холбоотй асуудлуудыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүллээ.

Хууль тогтоолын төслүүд, зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжив

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар санал хураалт явууллаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй 80 орчим саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын заримыг, Байнгын хороо дэмжээгүй саналыг бүгдийг гүйцээн боловсруулах чиглэл авлаа. Мөн тэрбээр “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулахаар Улсын Их Хурлын даргаас чиглэл авав.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэ хуулийг Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэхээр болсон гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт анхааруулж, нягт нямбай ажиллахыг зөвлөв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай санал хураалыг ирэх долоо хоногт явуулна

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн төвтэй нэгдмэл, тасралтгүй болгох, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, засаглал, хариуцлага, ил тод байдлыг хангах чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан тухай Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хууль санаачлагчийн илтгэлдээ дурдаж, эмнэлгийн шатлал бүрийн чиг үүргийг тодорхой болгох, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн систем, өвчний цахим түүх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх зэрэг зохицуулалт тусгагдсан талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Хуулийн санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара, М.Ганхүлэг, Г.Хосбаяр нар асуулт асууж, хуулийн төслийн шинэлэг зохицуулалт, тогтолцооны өөрчлөлт, төвлөрүүлэлт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цахим дэд бүтэц, мэдээллийн нэгдсэн систем,  эдийн засгийн тооцоо зэрэг олон асуудлыг хөндөж, хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Г.Лувсанжамц, Б.Бейсен, М.Нарантуяа-Нара нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үг хэллээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай санал хураалтыг ирэх долоо хоногийн Пүрэв гараг (2026.06.25)-т явуулахаар боллоо.

Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийг явуулав

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг дараа нь хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр уншиж танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдал үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хуулийг бүхэлд нь халж,  хуулийн нэрийг Төрийн нууцын тухай хууль болгон өөрчилж, зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна. Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хуулийн төслийг 7 бүлэг, 39 зүйлтэйгээр боловсруулжээ. Хууль батлагдсанаар төрийн нууцын жагсаалтыг Засгийн газраас баталж байгаа одоогийн эрх зүйн зохицуулалтыг Улсын Их Хурал батлах эрх зүйн үндэс бүрдэх ажээ.

Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин уншиж сонсголоо.

Хуулийн төслийн үзэл баримтлал, хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хррооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Д.Энхтүвшин нар асуулт асууж, төрийн болон албаны нууц гэх нэрийн дор төрийн байгууллагууд мэдээллийг үндэслэлгүйгээр нууцад хамруулж, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлөх, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй байх,  авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар үг хэлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр үг хэлж, төрийн нууцын асуудалд нухацтай, болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.

Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай санал хураалтыг ирэх долоо хоногийн Пүрэв гараг (2026.06.25)-т явуулахаар хойшлуулав.

Төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох үзэл баримтлал бүхий хуулийн төслийг хэлэлцлээ

Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр тавилаа. Үндсэн хуульд заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох үзэл баримтлалаар хуулийн төслийг боловсруулсан байна. Мэдээллийг үндэслэлгүйгээр нууцлах, салбар, байгууллагын хэмжээнд хэт өргөжүүлэх, эрсдэлийг хумих, үндэсний аюулгүй байдлын шинэ болон бодит аюул заналыг харгалзан үзсэн хэмээн сайд Б.Энхбаяр итгэлдээ дурдав.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, төрийн нууцыг задруулсан эрх бүхий этгээдэд тооцох хариуцлагын талаар ярилцав. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлээгүй учир санал хураалтыг ирэх долоо хоногийн Пүрэв гараг (2026.06.25)-т явуулахаар боллоо. 

Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг мөнхүү явууллаа.

Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг хуулиар бус Засгийн газрын тогтоолоор баталдаг болсон нь Үндсэн хуульд нийцэхгүй төдийгүй мэдээллийг төрийн нууцад хамааруулах шалгуур, босго “намсаж”, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хяналт байхгүй болсон гэдгийг хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл онцлов. Түүнчлэн “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллагууд “байгууллагын нууц” гэсэн ойлголт бий болгож мэдээллээ нууцалдаг болсон нь нууцын талаарх ойлголтыг “хавтгайруулж”, иргэдийн мэдээлэл авах эрхийг боогдуулан, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд саад учруулах болсныг таслан зогсоох зорилгоор хуулийг төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг мөнхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат танилцуулж, санал дүгнэлтийг уншлаа.

Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд үзэл баримтлалын хувьд адилхан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин дурдаад, харин гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хууль батлах хүртэл мэдээллийг нууцад байлгах зохицуулалт зөрчилтэй эсэхийг нягтлах шаардлагатайг сануулав.

Хуулий төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх долоо хоногийн Пүрэв гараг (2026.06.25)-т явуулахаар хойшлууллаа.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 онд төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай, дагалдан гарсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, холбогдуулан боловсруулсан хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, “Хуулийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсголоо.

2026 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаан зургадугаар сарын 20-ны 00:07 цагт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ