УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсын Архивын агентлагийн орлогч дарга, төрийн нарийн бичгийн дарга Юрасов Андрей Викторович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.06.23) хүлээн авч уулзлаа. Эдгээр зочид нь Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын бүрэлдэхүүн бөгөөд манай талаас Архивын ерөнхий газрын удирдлагууд байлцав.
Уг комисс 1992 оноос тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өдгөө 28 дахь хуралдаанаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдалд Хууль зүйн байнгын хорооны дарга баяр хүргэлээ. Хоёр улсын архивын сан хөмрөг, салбарын хамтын ажиллагаа улам бэхжиж, үр өгөөжтэй, шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгааг тэрбээр илэрхийлсэн.
Хоёр улсын архивын байгууллагууд хамтран түүхэн баримт бичгийн эмхэтгэлүүд хэвлүүлэн үзэсгэлэн гаргаж, эх сурвалжуудыг харилцан солилцож, сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн тухай зочин талаас танилцууллаа. Түүнчлэн энэ жил “Зөвлөлт-Монголын эдийн засгийн харилцаа 1921-1954 он”, “Зөвлөлт-Монголын улс төрийн харилцаа 1965-1982 он” сэдэвт эмхэтгэлүүдийг олны хүртээл болгоно. Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комисс XXVIII хуралдаанаараа архивын баримтуудыг илрүүлэх, судлаачдыг дэмжиж, хамтрах асуудлыг хэлэлцсэн талаар мэдээлэл солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English