Цэс

Холбоо барих

ТБХ:Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

 


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Батбаяр, Ж.Батжаргал, Х.Болормаа Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Г.Тэмүүлэн, Б.Түвшин, Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Д.Цогтбаатар нар хүрэлцэн ирснээр хуралдаан 15 цаг 00 минутад 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.


Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн  хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Монгол Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэхэд ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хамруулсан нь төсөв, татвар болон нийтийн эрүүл мэндэд тодорхой эрсдэлийг бий болгож байгааг Сангийн сайд дурдаад тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор уг бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах нөхцөл бүрдэх эрсдэлтэй төдийгүй нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ гаалийн албан татварын орлого буурах, улсын төсвийн орлогын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна гэж байлаа.


Улсын Их Хурлаас хэлэлцээр батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 117 дугаар тогтоолыг баталж, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор татвар, төсөв, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгажээ. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд уг хууль тогтоомжийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслөөр тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнэд суурилсан татварын хувь, хэмжээг тодорхойлон зохицуулахаар тусгасан гэж танилцуулгад дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах зохицуулалтын талаар, зах зээлд борлуулагдаж байгаа барааны үнээр татварын хэмжээг тогтоосон эсвэл өсгөсөн эсэх, Тамхины тухай хууль хэлэлцэж  буйтай холбогдуулан хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт орох боломжтой эсэхийг лавлалаа.

Хэлэлцээр ирэх долдугаар сарын 28-наас хэрэгжих тул Евразийн таван орноос гаалийн татваргүй тамхи импортоор орж ирэх юм. Иймд гаалийн татвараа бүгдэд нь тэгш тэглээд онцгой албан татвар нэмэхийг Сангийн сайд хариултдаа дурдаад татварын хэмжээнд өөрчлөлт орохгүй гэв.  


Мөн тэрбээр онцгой албан татварыг бүтээгдэхүүний өртгөөс нь авч байгаа. Үүнээс гадна ширхгээр нь тооцно. Өөрөөр хэлбэл, хайрцаг тамхи 20 ширхэгтэй гэвэл нэгээс нь 850 төгрөгөөр авдагтай адил. Үүнийг бид хосолсон хэлбэр гэж байгаа юм гэхийн зэрэгцээ Тамхины хуулийн төсөл тусдаа тул уг хуулиар хөндөх асуудал байхгүй гэж байлаа.  

Харин Сангийн яамны Татварын бодлогын газар Ч.Чимэдсүрэн хариултдаа онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулж байгааг онцлоод  биет хэмжээн дээр нь онцгой албан татвараа ногдуулахын дээр үнийн дүнг 30 хувиар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, онцгой албан татварыг биет хэмжээ болон үнийн дүнд суурилсан хэлбэрээр ногдуулахаар хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан хэмээв.

Ингээд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо

Дараа нь Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонсов. Энэ талаар сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал танилцуулсан. /дэлгэрэнгүйг эндээс/

Хоёр өдрийн сонсголын үеэр танилцуулсан төрийн байгууллагуудын мэдээлэл, шинжээчдийн дүгнэлт, аудитын тайлан, иргэдийн санал, асуулт-хариулт болон холбогдох баримт материалд үндэслэн дараах нэгдсэн дүгнэлтийг гаргаж байгааг тэрбээр дурдаад дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд;


1.Нийслэлийн төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэл нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн алдагдал улсын нэгдсэн төсвийн алдагдлаас давсан (232.8%) жилд 4-5 удаа тодотгол хийж байгаа нь Төсвийн тухай хуульд заасан төсвийн сахилга бат, алдагдалгүй төсөв батлах зарчимтай нийцэхгүй байна. Үнэт цаас, бонд болон гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж буй төслүүдийн эргэн төлөлт нь цаашид улсын болон нийслэлийн төсөвт нэмэлт дарамт учруулах эрсдэлтэй байна.
2.Хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн төлөвлөлт, бэлтгэл ажил хангалтгүй байна. Сонсголын үеэр хэлэлцсэн 16 мега төслийн нийт төсөвт өртөг 28,9 их наяд төгрөгт хүрсэн боловч санхүүжилтийн гүйцэтгэл ердөө 5 хувьтай байна. Төсөл, арга хэмжээнүүдийн зарим нь ТЭЗҮ, зураг төсөл, газрын асуудал, техникийн магадлал, байгаль орчны үнэлгээ, олон нийтийн оролцооны шаардлагыг бүрэн хангаагүй байхад батлагдсан нь хэрэгжилт удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх, үр ашиг буурах нөхцөлийг бүрдүүлжээ.


3.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд ноцтой зөрчил илэрсэн байна. Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Авлигын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийн шаардлагууд бүрэн хангагдаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

4.Нийслэлийн өмчит байгууллагын тоо, чиг үүргийн давхардал нэмэгдэж, засаглалын эрсдэл үүссэн байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагын тоо эрчимтэй өсөж, чиг үүргийн давхардал бий болсон төдийгүй төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн өрсөлдөөний орон зайг хязгаарлах нөхцөл үүсжээ. НИТХ-ын төлөөлөгчид өмчит байгууллагын удирдлага, ТУЗ-д ажиллаж, тухайн байгууллагын төсөв, хөрөнгө оруулалтыг хэлэлцэн баталж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх өндөр эрсдэлтэй байна.

5.Иргэдийн оролцоо, олон нийтийн хэлэлцүүлэг хангалтгүй байна. Томоохон төсөл, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитой хангаагүй, олон нийтийн хэлэлцүүлгийг шийдвэр гарсны дараа зохион байгуулсан, эсхүл хуульд заасан төлөвлөлтийн сонсголыг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй тохиолдлууд илэрсэн байна.


6.Ил тод байдал, мэдээллийн хүртээмж хангалтгүй байна. Нийслэлийн төсөв, мега төслүүдийн хэрэгжилт, санхүүжилт, гүйцэтгэгч байгууллага, гэрээ, зарцуулалтын талаарх мэдээлэл иргэдэд бүрэн нээлттэй биш байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрх болон олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.

7.Санхүүжилтийн эх үүсвэрийн бодит эрсдэл өндөр байна. Мега төслүүдийн нийт санхүүжилтийн 54 орчим хувийг гадаад зээл, үнэт цаас болон бусад өрийн хэрэгслээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч эх үүсвэрүүд бүрэн баталгаажаагүй, зарим төслийн эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийн тооцоолол бодитой бус, хэт өөдрөг таамаглалд тулгуурласан нь хэрэгжилтийн болон өрийн эрсдэлийг нэмэгдүүлж байна.

8.Худалдан авах ажиллагаа болон урьдчилгаа санхүүжилттэй холбоотой ноцтой эрсдэл илэрсэн байна. Туулын хурдны замын төслийн тендер шалгаруулалт, гэрээ байгуулах ажиллагаанд шаардлага хангаагүй баримт бичиг, эрх зүйн зөрчил, санхүүгийн баталгаатай холбоотой асуудлууд илэрсэн бөгөөд төслийн хүрээнд олгосон их хэмжээний урьдчилгаа санхүүжилтэд хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.


9.Хяналт, хариуцлагын тогтолцооны үр нөлөө хангалтгүй байна. Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжүүд бүрэн хэрэгжихгүй байгаа, хууль тогтоомжийн зөрчилд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм сул байгаа нь ижил төрлийн зөрчил давтагдах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн дүгнэсэн байлаа.

Иймд цаашид 13 чиглэлд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна. /дэлгэрэнгүйг эндээс/https://www.parliament.mn/nn/77668/

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Түвшин, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлсний дараа Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжлээ.

Ерөнхий хяналтын сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.  Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Цогтбаатар, Ж.Батжаргал нар санал хэлсний дараа төслийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналаар санал хураалт явуулсан. Ингээд уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.


Тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдааны  төгсгөлд Засгийн газраас 202 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна. Тайлант онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч 95.9 хувийн биелэлттэй, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэв.


Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн буюу 73 хувийн санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн буюу 96 хувийн санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан хэмээв.

Энэ талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 183 тайлан нэгтгэгдсэнээс 98 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 67 байгууллага, 18 дансыг түүвэрт хамрууллаа. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 76 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 22 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөнийг онцлов.


Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 418.2 тэрбум төгрөгийн 234 зөрчил  илэрснээс 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 25 төлбөрийн акт тогтоож, 46.5 тэрбум төгрөгийн зөрчилд 88 албан шаардлага хүргүүлж, 370.8 тэрбум төгрөгийн зөрчилд 113 зөвлөмж, 0.8 тэрбум төгрөгийн зөрчилд долоон албан тушаалтанд хариуцлага тооцуулах долоон албан шаардлага хүргүүлж, нэг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн анхаарал хандуулах шаардлагатай асуудлыг  Монгол Улсын Ерөнхий адуитор танилцуулсан. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч нь жилийн төсвийн төслийн саналыг боловсруулахдаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлэх, тухайн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, түүнд зарцуулах төсвийг үнэн зөв, бодитой төлөвлөж, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, бүртгэх, үр дүнг үнэлэх үе шат бүрд төсвийн ерөнхийлөн захирагч болон оролцогч байгууллага, албан тушаалтнуудын хяналт, хариуцлагыг сайжруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах тухай Засгийн газрын шийдвэрийн төслийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын нөөц сангийн зарцуулалтад хяналт тавих журам”-ын 1 дэх заалтын 1.2, 2.3-т заасны дагуу хууль тогтоомжийн нийцлийг үндэслэлтэй хянаж, шийдвэрлүүлж ажиллах шаардлагатай гэсэн байв.


Мөн гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүйгээс өмнөх оноос санхүүгийн тайлангийн зөрчил 355.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаад анхаарч, цаашид зөрчлийг давтан гаргахгүй байх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газар 2012-2025 оны хооронд 18 хөгжлийн түнш, гадаад улс орнуудын эх үүсвэрээс нийт 32,699.4 тэрбум төгрөгийн зээлийн хэлэлцээр байгуулснаас ашиглалт 40.8 хувьтай, зээлийн эрх нээгдсэн 45 төсөл, арга хэмжээний 9,109.5 тэрбум төгрөгийн ашиглаагүй зээлийн үлдэгдэлд, тайлант онд 37.6 тэрбум төгрөгийн амлалтын хүү (төлбөр хураамж) төлсөн байх тул гадаад зээлээр санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрийн мөнгөн урсгалыг бодитой төлөвлөж, зээлийн ашиглалт, өрийн менежментийг сайжруулах шаардлагатай гэсэн байв.

Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр олон жил үргэлжилсэн, гэрээний хугацаа сунгасан төслүүд хэрэгжилт удааширснаас төслийн үр өгөөж буурах, нэмэлт зардал гарах, төслийн үр дүнд бий болсон хөрөнгийн ашиглалт буурах, эзэнгүйдэх эрсдэлтэй байгаа тул төслийн үр дүнд бий болсон хөрөнгийн ашиглалт, төслийн захиалагч буюу төсвийн ерөнхийлөн захирагчдын тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, татварын албаны улсын төсөвт төвлөрүүлбэл зохих 35.0 тэрбум төгрөгийн татварын хүү, торгуулийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар гүйцэтгэл гараагүй байгаад анхаарч, улсын төсвийн орлогыг үнэн зөв, бодитой төлөвлөх шаардлагатай гэсэн байлаа.


Мөн татварын алба нь босоо тогтолцоотой улсын төсвийн байгууллага боловч орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдаас орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд татварын газар, хэлтсийн үйл ажиллагааг дэмжих, зарим үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх зэргээр 28 татварын газар, хэлтэст 4.4 тэрбум төгрөг, Нийслэлийн татварын газар, дүүргүүдийн татварын хэлтэст шат шатны Засаг даргаас авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогыг бүрдүүлэхэд зориулан 0.6 тэрбум төгрөгийн урсгал зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан авсан нь төсвөөс гадуурх зарцуулалт үүсгэж байгааг таслан зогсоох шаардлагатай  гэсэн байлаа. 


Төсвийн ерөнхийлөн захирагч өөрт олгосон эрхийн хүрээнд батлагдсан төсөвт зохицуулалт хийхдээ Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Зардлын эдийн засгийн ангилал заавар”-ыг зөрчиж, бүлгийн дүнгээр хянагдах зардлуудыг бүлэг хооронд гүйлгэн зохицуулалт хийж зарцуулж байгаа тул Сангийн сайдын тушаалаар баталсан төсөвт зохицуулалт хийх журмыг зарцуулалтад хяналт тавих журамтай уялдуулан шинэчлэн сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн аудитын шийдвэрийн хэрэгжилтэд анхаарч, аудитын шийдвэрийн болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүн шинжилгээ хийж, цаашид гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгч, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсгийг бүрэн хангуулж, дотоод хяналтын тогтоолцоог сайжруулах шаардлагатай байна гэж мэдээлэлд дурдсан байв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Түвшин нар асуулт асууж, санал хэллээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  


Хуваалцах:

Холбоотой мэдээ