Цэс

Холбоо барих

ХЗБХ: Төсвийн төслийг улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулав


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.24) 53.6 хувийн ирцтэйгээр 17.56 цагт эхэлж, уртасгасан цагаар хуралдав. Нийт 20 асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай байв. 



Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарын нэрийг дэвшүүлсэн тухай санал танилцууллаа. Тэрбээр, хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэв. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжжээ. (нэр дэвшигчдийн намтар, мэдээллийг эндээс)




Хууль зүйн байнгын хорооны гишүүд Цэцийн гишүүнд нэр дэвшигчдэд хандаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, "хүн биш, хууль засагладаг байх" зарчмыг баримталж ажиллахыг сануулж, шаардлагатай бол албан тушаалаа өгөөд явж чаддаг зоригтой байхыг захиж байлаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Б.Тулга, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, О.Номинчимэг, Дам.Цогтбаатар нар асууж, үг хэлэв. Тэдний асуултад нэр дэвшигчид нэг бүрчлэн хариулав. Ингээд нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ. 



Байнгын хороо энэ өдөр Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан найман хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг гишүүд дэмжив. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.



Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Хууль зүйн байнгын хороонд харьяалагдах 8 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг энэ үеэр илтгэсэн. Аудитаас "хязгаарлалттай" дүгнэлтийг есөн байгууллагад өгч, зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн тухай танилцууллаа. Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болгож, ашилалтад оруулсан хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, үе шат бүрээр бүртгээгүй зэрэг зөрчил илэрсэн. Төсвийн төслийг боловсруулахдаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, үнэн зөв, бодитой төлөвлөж, тайлагнаж хэвших шаардлагатайг анхааруулжээ. Мөн гүйцэтгэлийг тайлагнах, үнэлэх бүх шатанд холбогдох байгууллага, албан тушаалтан, оролцогчдын хяналт, хариуцлагыг чангатгах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллагын шийдвэр, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарч хэрэгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах асуудлыг хөндлөө.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Баасанжаргал, Дам.Цогтбаатар нар асууж, байр суурь илэрхийллээ. Тэд татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах тухай сануулсан бол хуралдаан даргалагчаас төрийн байгууллагуудын удирдлагууд эрхлэх асуудлынхаа хүрээнд хуралдаанд оролцох ёстойг сануулав.

Энэ өдрийн хуралдаанаар “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах горимын санал гаргасныг гишүүдийн 56.3 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Харин Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2027 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр хүний эрхийн зарим зөрчил, кэйсэд анхаарч ажиллахгүй байна хэмээн гишүүдийн зарим нь шүүмжиллээ. Ийн хэлэлцээд, Хууль зүйн байнгын хороонд хүний эрхийн үндэсний байгууллагаас мэдээлэл ирүүлэхийг даалгалаа. Дээрх байгууллагуудын төсвийн төслийг гишүүдийн олонх дэмжив. Байнгын хороо үргэлжлүүлэн, Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслүүдийг баталсанаар хуралдаан 23.47 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ