Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.24) 56.3 хувийн ирц бүрдсэнээр 14.40 цагт хуралдаж эхлэн 10 цаг хуралдав. Хуралдааны эхэнд сонсголын товыг хойшлуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 29-нд зохион байгуулахаар болсон юм.
“Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Г.Уянгахишиг, Р.Сэддорж, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Л.Гантөмөр, М.Мандхай, Г.Очирбат тодруулж, байр суурь илэрхийлсэн. Мах, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах, нүүдэлчин малч удмын өв соёлыг тасалдуулахгүй байх бодлогыг чухалчлахыг тэд санууллаа. Гишүүдийн саналыг тогтоолын төсөлд тусгаж, дахин боловсруулахаар шийдвэрлэв.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Р.Сэддорж нар асууж, үг хэлэв.
Байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Засгийн газраас энэ сарын 17-нд өргөн мэдүүлсэн төслийг Сангийн сайд З.Мэндсайхан илтгэв. Улсын төсвийн нийт орлого ба тусламжийг 2025 онд 20,224.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс 19,550.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 96.7 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэлээ. Тайлант хугацаанд төсвийн хөрөнгө оруулалтаар 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн, нийт 729 төсөл, арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулсан талаар танилцууллаа.
Түүнчлэн Үндэсний аудитын газраас Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах 9 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүн, дүгнэлтийг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар төсвөөс бүрэн санхүүждэг улсын төсөвт үйлдвэрийн газруудын цалингийн шатлалын нэгдсэн жишиг, зохицуулалтыг батлаагүйгээс зарим байгууллагад цалингийн хэмжээ харьцангуй өндөр тогтоогдож, урамшууллыг холбогдох журам зөрчиж олгох, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулахгүй байх зэргээр мерит зарчим, ил тод байдал алдагдаж байгааг залруулах шаардлагатай гэж аудитаас дүгнэжээ. Мөн зарим байгууллагуудын чиг үүргийн зааг, ялгаа тодорхой бус, давхардалтай, Засгийн газрын шийдвэрийн нийцгүй байдлаас засаглал, зохион байгуулалтын уялдаа хангалтгүй байгааг засаж, залруулахыг зөвлөсөн байна. Байнгын хорооноос уг төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулахаар боллоо.
Үүний дараа Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа танилцуулгыг уншсан. Зарчмын зөрүүтэй 5 санал тус бүрийг хэлэлцэж, санал хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус тус явуулж, санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 11-нд өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эдгээр төслүүдийн талаар гишүүд тодруулж, байр суурь илэрхийлж, эцэст нь санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн юм.
Эдийн засгийн байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбат нараас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй нэгтгэн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураан шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English