Цэс

Холбоо барих

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.06.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд УИХ-ын 70 гишүүн хүрэлцэн ирснээр, 55.6 хувийн ирцтэй хуралдаж эхлэв. Пүрэв гарагийн хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр мөн өдөр хамгийн эртэч таван гишүүнийг зарласан юм. Энэ өдөр "Их Хуралдай" танхимд бүхнээс түрүүнд ирсэн гишүүд нь Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Х.Жангабыл, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэболд нар байв. 



Хуралдаан даргалагчийн зүгээс урд өдөр 10 цаг хуралдсан Эдийн засгийн байнгын хороо, 8 цаг гаруй хуралдаж асуудал шийдвэрлэсэн Хууль зүйн байнгын хороог онцолж, талархал илэрхийллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураасан юм. Д.Ганмаа нарын 46 гишүүнээс өргөн мэдүүлсэн энэхүү төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 



Түүнчлэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлснийг, мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцээд, дэмжлээ.



Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр илтгэв. Импортын хараат байдлыг бууруулж, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэрээний тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах, Засгийн газарт ногдох орлого, татвар, төлбөрийг давхардуулахгүйгээр, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ орд илрүүлэх, нөөц, олборлолт нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Гэвч сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос (Монгол)” ХХК-иудын хөрөнгө оруулалт, олборлолт буурчээ. Үүний гол шалтгаан нь 1991 онд баталсан хуулийн хоцрогдол, татвар, нийгмийн даатгал, аудитын эрх зүйн орчны тогтворгүй байдал, орон нутгийнхны эсэргүүцэл хэмээн хууль санаачлагч тал үзсэн гэлээ.


“Петрочайна Дачин Тамсаг” компанид 2013-2024 онд татварын хяналт шалгалтаар 703.3 тэрбум төгрөгийн акт тавьсан бол “Доншен газрын тос (Монгол)” компанид 23.8 тэрбум төгрөгийн акт тавигджээ. Мөн Үндэсний аудитын газраас албан шаардлага, актууд тавьж, уг төлбөр улам өсөх дүр зурагтай. Орон нутгийн зүгээс эдгээр компаниудад гадаад ажилтны квот хэтрүүлсэн, түүхий тос тээвэрлэж байгаль орчинд хохирол учруулсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Дорнод аймгийн Халх гол, Матад сумдаас нийт 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад асуудал үүсэж, улмаар хэрэглээний зардал, ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүсэхээр байгаа. Гэрээний хугацаанд нийт 12 сая тонн газрын тос олборлож, 11.5 сая тонн газрын тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтаар улсын төсөвт нийт 3 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ онд 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний суурь зарчмын дагуу татвар, бүтээгдэхүүн хуваалтын орлого хоёрыг давхардуулахгүйгээр нэгэнт үүссэн актуудын төлбөрийг шийдвэрлэх шаардлагын улмаас хуулийн төслүүдийг боловсруулсан гэв. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн эрх зүйн орчин тодорхой, тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Улмаар газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжин, татвар, шимтгэл, төлбөрийг нэгдсэн байдлаар зохицуулах, төр-хөрөнгө оруулагч хоорондын маргаан буурна хэмээн хууль санаачлагч танилцууллаа.


Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Бадамсүрэн, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан нар тодруулж, байр сууриа илэрхийллээ. Тэд үйлдвэр барьснаар улс орны эрх ашигт хэрхэн эерэг нөлөөлөх талаар асуув. Засгийн газрын төлөөлөл тэдний асуултад хариулахдаа, газрын тосны талаарх 35 жилийн өмнөөс эхэлсэн бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж шийдвэрлэхийг хүссэн юм. Хуулийн төслийг дэмжсэн байр суурийг С.Зулпхар гишүүн илэрхийлсэн. Тэрбээр, дэлхий нийтийн эдийн засгийн өрсөлдөөнт нөхцөлд манай улсын хувьд газрын тос чухал зүйл. Тиймээс энэ төсөл онцгой ач холбогдолтой учраас дэмжинэ гэв.



Хуралдаанаар хэлэлцсэн зургаа дахь асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв. Засгийн газраас өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж, зарчмын зөрүүтэй 25 санал гаргасан гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа санал, дүгнэлтийг илтгэсэн юм.



Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Цэнгүүн, Ж.Баярмаа, Х.Ганхуяг нар байр суурь илэрхийллээ. Хөрсөн дээрээ буух хэрэгтэйг, одоо байгаа төрийн өмчит компаниудыг эмх цэгцэнд оруулж чадахгүй байх вий, ашиггүй ажиллаж, удирдлагын багтаа өндөр цалин хөлс олгодог, төр хүнсний зах ажиллуулж байгаа зэрэг асуудлыг тэд хөндөв. Санал хураалтыг үдээс хойш болгон хойшлуулаад, энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн М.Мандхай асууж, үг хэлэв. 



Нэгдсэн хуралдаан завсаргүй хуралдаж, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодруулж, үг хэллээ. Хуралдаан даргалагч С.Бямбацогт, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль тогтоомж хэрэгжих ёстой. Төрийн албан ёсны хэлээр газар, орны нэршлийг нэрлэх учиртай. Тиймээс цаашид хэн ч дур зоргоороо өөрчлөхгүй болгож, уг тогтоолоор баталгаажуулна хэмээн онцоллоо.




Бизнесийн эрх чөлөөний тухай /Эдийн засгийн эрх чөлөөний тухай/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэж, нэг төсөл болгож ийн хэлэлцсэн юм. Ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй 189 санал гаргажээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, М.Мандхай, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн нар тодруулж, үг хэлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ