Цэс

Холбоо барих

“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс завсарлага авав

Улсын Их Хурлын өнөөдрийн (2026.06.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав.


Монгол Улсын сая орчим өрхийн 1/3 орчим нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцад, үлдсэн хэсэг нь стандартын шаардлага бүрэн хангаагүй сууцад амьдарч байгаа гэлээ. Агаар, хөрсний бохирдлын дийлэнх эх үүсвэр эдгээр бүсээс шалтгаалж байгаа нь орон сууцжуулалтын бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагын илэрхийлэл хэмээлээ. Өнгөрсөн хугацаанд төрөөс орон сууцын ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр, төрийн орон сууцын хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт, аймаг бүрд 1000 айлын орон сууц зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч 2016 оноос хойш төрийн өмчийн түрээсийн орон сууцын санд 1512 айлын орон сууцыг бүрдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулаад байгаа гэв. Өрхийн орлогын судалгаагаар нийт өрхийн тал орчим хувь нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх бага болон дунд орлоготой, залуу өрхүүдийн хувьд орон сууцад хамрагдах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь төрийн өмчийн орон сууцын санг нэмэгдүүлэх шаардлагатайг илтгэж байгаа хэмээсэн. Үүний зэрэгцээ орон сууцын үнэ жил бүр инфляцын түвшнээс давсан буюу дунджаар 15 орчим хувиар өсөж байгаа ч өрхийн орлого 11-13 хувиар өсөж байгаа нь цаашид иргэдийн худалдан авах чадвар улам бүр буурах эрсдэл дагуулахаар байгаа аж.

Улсын хэмжээнд жилд дунджаар 20 мянга орчим орон сууц ашиглалтад орж байгаа ч орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд газар хөгжүүлэлт инженерийн дэд бүтцийг хүртээмж дутагдалтай байгаа нь орон сууцын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал болж байна гэв. Дэд бүтэцгүй газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг урт хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүсэн болохыг Э.Бат-Амгалан сайд танилцууллаа.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж, зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаа аж. Иймээс орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн ипотекийн зээлээр хязгаарлах бус газар хөгжүүлэлт, дэд бүтэц, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна.


Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс орон сууцын төслүүдийг бодлогоор дэмжиж зорилтот бүлгийн иргэдэд зээлийн батлан даалт гаргах юм байна. Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулж, орон сууцын эрэлт, нийлүүлэлтийг уялдуулж цогцоор нь шийдвэрлэх аж. Гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжихээс гадна урт хугацаанд иргэдийн амьдрах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэх чухал нөхцөл бүрдэнэ хэмээлээ.

Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа төслүүдийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан хэлэлцэж буй хуулийн төслийн үзэл баримтлалын талаар бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг хэлээд, ажлын таван өдрийн завсарлага хүслээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн.


Иймд дараагийн асуудал буюу Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 11 их наяд төгрөгөөс давсан санхүүжилт олгож, 144 мянга гаруй өрхийг орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлсэн хэдий ч гэр хорооллын бүсийн хэмжээ дорвитой буураагүй гэлээ. Мөн орон сууцын үнэ жил бүр инфляцын түвшнээс давсан буюу 15 орчим хувиар өссөөр байгаа нь орон сууцын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү нэмэгдэж зөвхөн эрэлтэд суурилсан санхүүжилтийн бодлогоор асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байгаагийн илрэл хэмээсэн. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 онд эхэлснээс хойш нийт олгогдсон санхүүжилтийн 24 орчим хувь буюу 2.6 их наяд төгрөгийн зээл хөдөө орон нутагт олгогдсон байна.

Орон сууцын санхүүжилтийн төрөлжсөн банкнаас санал болгох зээлийн бүтээгдэхүүний хувьд хөнгөлөлттэй буюу 6 хувийн зээлийг орон нутагт олгох, мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт байр худалдан авч буй иргэдэд зах зээлийн нөхцөлөөс хөнгөлөлттэй хүүтэй зээл олгох зохицуулалтууд тусгасан нь орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, дэд төвүүдийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд жил дунджаар 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт арилжааны банкнуудад ирж байжээ. Гэвч 9.5 мянган хүсэлтийг шийдвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 47 гаруй мянга хүсэлт хуримтлагдаж, 6,7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ үүсээд байгааг Э.Бат-Амгалан сайд танилцуулав. Засгийн газраас ипотекийн зээлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай 2023 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын орон сууцын бодлогыг шинэчлэх ажлын хүрээнд орон сууцны санхүүжилт, татаас болон институцийн тогтолцоонд цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцолсон. Үүний хүрээнд Дэлхийн банкнаас орон сууц болон орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замын зураглалыг гаргаж, хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт үе шаттай шилжүүлж, санхүүжилтийн төрөлжсөн бүтээгдэхүүн болон иргэдийн худалдан авах чадварт нийцсэн үнэтэй орон сууцын шийдвэр, шийдлүүдийг хөгжүүлэх суурь бодлогын арга хэмжээнүүдийг санал болгосныг энэхүү хуулийн төсөл боловсруулах суурь судалгаанд ашигласан байна. Хуулийн төсөл батлагдсанаар төрөөс хэт хамааралтай санхүүжилтийн тогтолцооноос зах зээлийн зарчимд суурилсан тогтолцоонд шилжих аж. Орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэж, төрийн санхүүгийн ачаалал бууран, хөрөнгийн зах зээл хөгжиж, санхүүжилт нэмэгдэх ач холбогдолтой аж.


Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хуулийн төслүүдийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байгааг дурдав. Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа явуулахад гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан энэ үеэр хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тус бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байгааг дурдаад, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс ажлын гурван өдрийн завсарлага хүсэхэд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн юм.

Нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшингийн гаргасан горимын санал дэмжигдэж, төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсныг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүллээ. Гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асуух, мөн Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаар байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар товлоод, дараагийн асуудлыг хэлэлцэв.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.

Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүн хамрагдсан нь тодорхой эрсдэлийг бий болгож байгааг сайд дурдсан. Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тариф “0” хувь болсноор импортын өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд энэ нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна гаалийн албан татварын орлого буурч, улсын төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй гэв.


Иймд Улсын Их Хурлаас хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотой төсөв, татвар, нийгэм, эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн гол зорилго нь гаалийн тариф тэглэснээс үүдэн тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэ буурах нөлөөллийг сааруулах, хэрэглээг татварын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, улсын төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахад оршиж байгааг З.Мэндсайхан сайд танилцуулав.

Өнөөгийн байдлаар тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгжид суурилсан хэлбэрээр ногдуулж байгаа юм. Харин хуулийн төсөлд одоо мөрдөж буй зохицуулалтаас гадна импортын тамхи, тамхин бүтээгдэхүүнд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээний онцгой албан татвар ногдуулах буюу биет нэгж болон үнийн дүнд суурилсан хосолсон татварын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусгажээ.

Импортын гаалийн тариф тэглэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн үнэ огцом буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдэлийг бууруулж, гаалийн албан татварын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж бүрдэх аж.

Мөн хуулийн төслийн хамт “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.


Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Д.Энхтүвшин гишүүн танилцуулав.

Сангийн сайдын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Б.Жаргалан, О.Номинчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Худалдааны тэгш байдлыг хангах зорилгоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд, яаралтай хэлэлцүүлж байгааг дэмжиж буйгаа Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн.



Хосолсон онцгой албан татвар ногдуулж байгаа арга хэлбэрүүдийн талаарх Б.Түвшин гишүүний асуултад Сангийн сайд хариулт өгөв. Жишээлбэл, суудлын автомашины моторын хэмжээ болон үнийн дүнгээс нь татвар авах зэргээр хосолсон ийм онцгой албан татварыг 63 улсын хэрэглэдэг, манайх ч хэрэглэж байгаа гэлээ. Тамхины тухайд 30 хувийн онцгой албан татвар авна, мөн ширхэг бүрээс 836 төгрөг, задгай тамхины кг тутмаас 3130 төгрөгийн татвар авах аж. Монгол Улс 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн бөгөөд үүнд нийцүүлэн татварыг өсгөх замаар тамхины хэрэглээг бууруулна бодлогыг хэрэгжүүлж байгаагаа Сангийн сайд тайлбарлав. Б.Түвшин гишүүн, никотин нь гаа, бохь зэрэг бусад хэлбэрээр зах зээлд худалдаалагдаж байгаа учраас тамхи гэлтгүй, никотины агууламжаас хамаарч татвар ногдуулах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлж байв. Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй хууль, тогтоолын төслийн боловсруулалтад анхаарах, бодлогын баримт бичгүүд болон хууль тогтоомжийн нийцлийг хангах шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн хэлээд, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтныг тодруулж, хариуцлага тооцох шаардлагатай гэдэг саналыг хэлж байсан. Татварыг бууруулахыг иргэд хүсэн хүлээж байгаа ч нийтийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө архи, тамхины татварыг бууруулж болохгүй гэдэг байр суурийг О.Номинчимэг гишүүн хэлээд, яг одоо Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүд хоорондын нийцлийг хангах шаардлага бий гэлээ.


Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шийдвэрлээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.  

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 518 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулж, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан, Б.Нарантуяа-Нара нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.


Ажлын хэсэг тамхины хэрэглээг бууруулах, хүн амыг тамхи болон никотины хамаарлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, электрон болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тамхинаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих, тамхины хяналтын тогтолцоо, хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 47 саналыг боловсруулсан байна.

Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулсан байна.

Тамхин бүтээгдэхүүнд ногдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техникийн зохицуулалтад нийцүүлж түүнийг баримтлахаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын үүргийн зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тамхины хэрэглээ болон тамхины хяналтын талаар хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ногдуулж байсныг тусад нь ангилах, аманд уусгах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнээс онцгой албан татвар ногдуулахаар нь оновчтой гэж үзсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн талаарх зөвлөмжийн дагуу 5 жилийн хооронд үе шаттайгаар нэмэгдэх онцгой албан татварын хэмжээг 60 хувьд хүргэхээр тооцож, холбогдох саналын томьёоллоор санал хураалт явуулсан гэв.

Тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахдаа ялгамжтайгаар тогтоох, никотин агуулагдаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ногдуулахгүйгээр тусгах нь оновчтой гэж үзсэн байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд бүтээгдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн тусгах нь зүйтэй гэж үзжээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Д.Пүрэвдаваа, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, Ө.Шижир, А.Ариунзаяа, Б.Жаргалан, А.Ганбаатар, М.Мандхай, О.Номинчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.




Хэрэглэгчдийн хүрээг өргөжүүлэхгүй байх чиглэлээр ямар зохицуулалт тусгасныг гишүүд тодруулахад “Тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэр, амтыг хорих саналыг Байнгын хороо дэмжсэн. Никотин агуулж байгаа бүтээгдэхүүнийг өсвөр насандаа хэрэглэх нь донтолт үүсгэх хамгийн том эрсдэл гэж үздэг. Энэ нь нотлогдсон зүйл, маргаан байхгүй. Өсвөр насандаа тамхи, никотин агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах нь никотины хамааралтай болох, донтохоос сэргийлэх хамгийн үндсэн арга. Энэхүү хуулийн төслийн зорилго ч өсвөр насны хүүхдүүдийг тамхи, никотины хамааралтай болохоос сэргийлэх юм. Төсөлд тусгагдсан хяналтын нэг том арга зам бол худалдааны байгууллагуудад ил байршуулахгүй байх гэж үзээд, төсөлд тусгахаар санал оруулсан. Ил тавихыг хориглосноороо маркетингийн хувьд сонирхол татах өнгө, үзэмж, үнэр, зураг дүрсээр хүүхдүүдийг уруу татах энэ байдлыг хорихоор зорьж байна” гэдэг хариултыг Ж.Чинбүрэн гишүүн өгсөн. Өсвөр насныхныг тамхинд оруулахгүйн тулд тамхийг 5 төрлөөр ялгаж, бүгд никотин агуулдаг гэдгийг ойлгуулах, улмаар татваруудыг нэмснээр санхүүгийн хязгаарлалт үүсгэн хэрэглэх боломжийг хорих нотлогдсон сайн аргыг нэвтрүүлэхийг зорьсон гэв. Санхүүгийн хөшүүргээр хэрэглээг 15 хувиар бууруулсан талаарх судалгааны талаар мөн дурдаж байлаа.

Химийн аргаар никотины хэрэглээг хангах аливаа бүтээгдэхүүнд төрөөс бүрэн хянах боломжгүй гэдэг утгаар зарим улс бүрэн хориглож байгаа жишээг гишүүд дурдаад, энэ төрлийн бүтээгдэхүүнээр дамжин сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хэрэглээнд нэвтрэх эрсдэл бий эсэхийг тодруулсан. Вэйп тэргүүтэй цэнэглэдэг бүтээгдэхүүнийг “задгай систем” гэж нэрлээд байгаа хэмээгээд Ж.Чинбүрэн гишүүн “Задгай систем учраас дотор нь юу ч хольж болно. Тэр утгаараа мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг холиод хэрэглээд явж буй эсэхийг ялгах боломжгүй. Тийм учраас Монгол Улсад “задгай систем” буюу цэнэглэдэг тогтолцоог бүрмөсөн хориглох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээрээ цахилгаан, халаадаг гэх зэрэг аливаа бүтээгдэхүүнд элдэв бодис холих боломжийг хориглож байгаа. Нэг удаагийн хэрэглээний тогтолцоо, систем нь нэг нэгнээ дэмжихгүй, задлаад угсрах тохиолдолд ажиллахгүй үйлдвэрийн хамгаалалттай байдаг юм байна. Энэ утгаараа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн төрлийн зүйлийг нэмэх боломжгүй төрлийг Монгол Улсад зөвшөөрнө гэж ойлгож болно” хэмээсэн.



Өсвөр насны хүүхдүүдийг хамгаалах зорилго нь зөв хэдий ч насанд хүрэгчдийн хэрэглээний сонголтыг хязгаарлаж буй эсэхээ нягталсан эсэхийг, дагаад хориглож буй бүтээгдэхүүний сүүдрийн зах зээл үүсгэх эрсдэлийн талаар судалсан эсэхийг М.Нарантуяа-Нара гишүүн тодруулахад “Тал бүрээс нь судалж үзсэн хэдий ч тэргүүлэх бодлого, зорилтоо эрэмбэлээд ажлын хэсгийн болон Байнгын хорооны түвшинд шийдвэр гаргасан” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Хүүхдийг нэг хорт зүйлээс хамгаалж байгаа нэрийдлээр нөгөө хорт зуршил руу шилжүүлэхгүй байх арга замыг бүрэн тодорхойлж, цогц арга хэмжээ авахгүй бол вэйпийг бүрэн хориглоход хэрэглэгчдийн 96 хувь нь татгалзсан ч үүнтэй зэрэгцээ янжуур тамхи хэрэглэгчдийн тоо 93 хувиар өссөн баримт бий гэдгийг дурдаж байв. Хэрэглээ талаас нь харж асуудлыг зохицуулахынхаа зэрэгцээ бизнес эрхлэгч талаас асуудлыг харах ёстой гэдэг саналыг гишүүд мөн илэрхийлж байсан. Аливаа хуулийг батлахдаа хэрэгжихүйц, амьдралд нийцтэй байх нөхцөлийг тооцох шаардлагатай гэдгийг П.Наранбаяр гишүүн хэлээд, энэ чиглэлээрх тодорхой асуудлыг төслийг дагаж батлагдах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгах саналыг хэлж байв. Төсөлд тусгагдсан татварыг бууруулахаар зохицуулалт тусгаж буйг О.Номинчимэг гишүүн хэлээд энэ өөрчлөлтөөс үүдэн тамхины хэрэглээг 14 хүртэл хувиар бууруулах зорилт хэрхэн өөрчлөгдөж байгааг тодрууллаа. Татварын бодлогын асуудлыг Б.Жаргалан гишүүн ахалж ажилласан гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаад “Одоо авч буй 836 төгрөгийн татварыг 2027 онд 2000 төгрөг болгож нэмж байна.  Эдийн засаг, нийгмийн нөлөөллийг бодитоор тооцох юм бол тийм ч их нэмэгдэл биш. Нөгөөтээгүүр, тамхины татвар бол орлого олох хэрэгсэл биш, эрүүл мэндийг хамгаалах зэвсэг гэж ойлгох нь зүйтэй. Тийм учраас хэрэглэгчийн санхүүд мэдрүүлж, тамхинаас татгалзах шалтгаан болж буй эсэх л чухал. Амьдралыг зохицуулах хэм хэмжээ учраас далд бизнес, контрабанд зэргийг ч оруулан тал бүрээс нь тооцож, олон талаас нь дэнсэлж байж энэ тооцооллыг гаргасан” гэж Ж.Чинбүрэн гишүүн хариулсан.




Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Х.Баасанжаргал, М.Мандхай нар илэрхийлж, үг хэлсэн юм.

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга товлов.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа танилцууллаа.


Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал энэ сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан гэв. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн хуулийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэг, найруулгыг жигдлэх, Үндэсний зохицуулагч байгууллага сааруулалтын үр дүнг тооцон шилжүүлэх, байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан алдагдах эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл, хөтөлбөрөөс үүссэн баталгаажсан сааруулалтын үр дүнгийн тодорхой хувийг эрсдэлийн санд нөөцлөн, хуульд заасан журмын дагуу буцаан олгох, удирдлага хяналтыг хэрэгжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 6 саналыг гүйцээн боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, М.Мандхай, Л.Соронзонболд, Р.Сэддорж нар танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар шийдвэрлэв.

УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.


Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах талаар зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг баримтлан уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн юм.


Ийнхүү өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаарх санал хураалтуудыг явуулахаар товлосон 17.00 цаг болсон учраас санал хураалтыг эхлүүллээ. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон 99 гишүүний 64 нь дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 25 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

“Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 65 нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.

Бизнесийн эрх чөлөөний тухай /Эдийн засгийн эрх чөлөөний тухай/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 189 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Улмаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг уншиж танилцуулаад, батлагдсанд тооцлоо. Тодруулбал, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Радио телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү Бизнесийн эрх чөлөөний тухай /Эдийн засгийн эрх чөлөөний тухай/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.


Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 100 гишүүний олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад 68 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 47 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн

мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй 6 саналаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Ийнхүү төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Харьяалах Байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжсэн бөгөөд энэ горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжив. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 6 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.


Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 275 дугаар захирамжаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Наранбаатар, Ц.Туваан, А.Ундраа, Б.Уянга, Б.Мөнхсоёл, Д.Үүрийнтуяа, Р.Эрдэнэбүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор ашигт малтмалын хайгуул, ашиглалт, баяжуулалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, зөвшөөрөл олголт, ил тод байдал, орон нутгийн оролцоо, байгаль орчны хамгаалалт, татвар, төлбөрийн тогтолцоог илүү тодорхой болгох, иргэн, аж ахуйн нэгжид илүү ойлгомжтой, тогтвортой эрх зүйн орчин, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, орон нутагт ногдох үр өгөөж, төсвийн орлого, хариуцлагатай уул уурхайг бүрдүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй 50 санал бэлтгэсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал, Э.Болормаа, М.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Г.Ганбаатар нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн ахлагч, мэргэжилтнүүдээс хариулт, мэдээлэл авав. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт төслийн талаарх зарчмын зөрүүтэй 50 саналаарх санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэснээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан.


Улсын Их Хурлын 36 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Сарнай танилцуулсан юм.

Хууль санаачлагч нь малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших эрхийг бодит нөхцөл, хэрэгцээнд нь нийцүүлэн хангах, сургалтыг хувилбарт, зайн болон цахим хэлбэрээр явуулах, хүүхдийн сурах боломжийг өргөжүүлэх, боловсролын хүртээмж, тэгш байдлыг сайжруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Дээрх хуулийн төслийг иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын "d.parliament.mn" цахим сайтад байршуулсан болохыг М.Сарнай гишүүн тэмдэглэв. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.


Хууль санаачлагчийн илтгэл болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Б.Бейсен, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авав.

Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжихгүй байгаа байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал илэрхийлсэн юм. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хойшлуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Холбогдох хуулийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулахаар нэр дэвшүүлж буй саналаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Нэр дэвшигч Ж.Сүхбаатар 1975 онд одоогийн Дархан-Уул аймгийн Дархан сум буюу Дархан хотод төрсөн. Ж.Сүхбаатар 1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. АНУ, Швед, Казахстан зэрэг улсад мэргэжлийн болон бусад сургалтад хамрагдсан. Нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн судалгаа хийдэг, докторант.

Ж.Сүхбаатар 1997-2005 онд “Улаанбаатар” эрдэм дээд сургуульд Захиргааны эрх зүйн багш, ахлах багш, 1997-1999 онд УИХ-ын гишүүний орон тооны ажилтан, 1999-2001 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд Хуулийн бодлогын зөвлөх, 2001-2006 онд СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн дарга, 2006-2008 онд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2012-2013 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга, 2016 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019-2020 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх, 2020-2024 онд УИХ-ын гишүүн, 2020-2022 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 04 дүгээр сар хүртэл УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2026 оны 04 дүгээр сараас Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй аж.

Ж.Сүхбаатар нь төрийн албанд 20 гаруй жил ажилласан бөгөөд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албанд удирдах болон өндөр албан тушаалуудад удаа дараа сонгогдон, томилогдон ажилласан, төрийн ажил, эрх зүйн онол практикийн өндөр мэдлэг чадвар, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав. 


Нэр дэвшигч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1990 онд 31 дүгээр дунд сургууль, 1994 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1997 онд Батлан хамгаалахын их сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. 1998-2000 онд ОХУ-ын Уралын хуулийн академид эрүүгийн эрх зүй, криминалогийн чиглэлээр аспирантурт суралцсан байна. Тэрбээр, 1994-1995 онд Хилийн цэргийн ангид офицер, 1996-1998 онд БХИС-д багш, 1998-2000 онд Хил хамгаалах ерөнхий газарт хуулийн зөвлөх, 2000-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2005-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2009-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах, 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, 2013-2019 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, 2019-2022 онд Монголын криминалогичдын холбооны ерөнхийлөгч, 2021-2023 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт, 2024-2025 онд УИХ-ын Тамгын газарт ажилтан, 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.  Түүний хууль зүй, улс төрийн мэргэшсэн байдал, төрийн алба болон эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын байгууллагад ажилласан болон эрх зүйн онол, практикийн өндөр мэдлэг, бэлтгэгдсэн байдал, туршлагыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж байна гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Жамъянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хэлэлцээд, Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.



Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Гунгаагийн Баясгаланг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай болон Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулж буйг Л.Соронзонболд гишүүн (дэлгэрэнгүйг эндээс) хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Монгол Улс дахь хуулийн засаглал, шударга ёсны оргил болох, Үндсэн хууль халдашгүй дархан байх, түүний хэм хэмжээ, зохицуулалт, ардчиллын амьд баталгаа болж байх бүрдлийг Үндсэн хуулийн цэц хангаж байдаг. Томилогдсон цагаас Монгол Улсын язгуур ашиг сонирхлын өнцгөөс, Монгол Улсын эрх чөлөөт, бүрэн эрхт, ардчилсан Үндсэн хуульт тогтолцооны өмнөөс бүхнийг харж эхэлнэ хэмээгээд амьдралын туршлагаас үүдсэн эрмэлзэл, хүсэл, тэмүүлийнх нь талаар тодруулж С.Эрдэнэболд гишүүн нэг дэвшигч тус бүрээс хариулт авсан. Хуульчийнхаа хувьд Үндсэн хуулийн эрх зүйг хөгжүүлэх, Үндсэн хуулийн шүүх болох институцийг өөд татаж, хүний эрхийн чиглэлээр итгэлцлийг бий болгох талаасаа ажил хийх боломж хэмээн харж байгаагаа Ж.Сүхбаатар нэр дэвшигч хэлсэн. Хууль зүйн салбарт 32 жил ажилласан туршлагадаа тулгуурлан шударга ёс тогтоох нь нэг удаагийн үйлдэл биш, үйл явц учраас байнга хамгаалж, арчилж, тордож, түүний төлөө ажиллаж байхгүй бол алдрах эрсдэлтэй байдаг юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсноо Г.Эрдэнэбат нэр дэвшигч хэлэв. Үүний зэрэгцээ аливааг сайтар нягталж, шалгаж, хянаж байх ёстой бөгөөд цаг хугацааны эрхээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд шийдвэр бүрээ эргэж харж, эргэлзэж байх ёстой гэв. Тийм ч учраас улс орнууд нэгнээ тэнцвэржүүлж харилцан хянадаг тогтолцоо бий болгосон бөгөөд хувийн туршлага, сурсан зүйл дээрээ тулгуурлаад, үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй хэмээн саналыг хүндэтгэлтэйгээр хүлээж авсан гэв. Нэр дэвшигчдийг улс төрийн намууд тэргүүтэй хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид, бие даасан, хараат бусаар ажиллах зарчмын талаарх байр суурийг нь Д.Энхтүвшин гишүүн асууж, хариулт авсан. Хариуцсан ажлаа итгэл үнэмшлээрээ хийх, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарлаж, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлж, урьдын жишиг, үлдэх мөрөө бодоод ажиллах бүрэн боломжтой хэмээн үзэж буйгаа хэлж байв. Үндсэн хуулийн цэцийн нээлттэй, ил тод байдлыг хангахад анхаарал хандуулж ажиллахаа Ж.Сүхбаатар нэг дэвшигч илэрхийлсэн бол Г.Эрдэнэбат нэр дэвшигч Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд анхаарч ажиллана гэв. Нэр дэвшигчдийг томилогдсон тохиолдолд зарчимдаа үнэнч ажиллахыг А.Ариунзаяа гишүүн захисан бол Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрийн хүчин чадлын талаар Д.Ганбат гишүүн нэр дэвшигчдээс асууж, хариулт авсан.



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулах бөгөөд санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ