Цэс

Холбоо барих

АБГББХ: Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв


Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.06.26) хуралдаан 14 цаг 38 минутад гишүүдийн 58.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. 

Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байгаа аж.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын ажлын албаны 65 төсөвт байгууллага, 1 төсөл, сан, төрийн өмчийн 6 аж ахуйн нэгж нийт 72 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан гэв.

Тайлант онд тус Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 1,289.0 тэрбум төгрөгт хүрч 96.1 хувийн биелэлттэй, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 1,261.0 тэрбум төгрөг буюу 94.0 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 9 төсөл, арга хэмжээнд 113.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 97 хувийн биелэлттэй хэмээн З.Мэндсайхан сайд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын төсвийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 59 тайлан нэгтгэгдсэнээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 54 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 3 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 2.5 тэрбум төгрөгийн 35 зөрчил илэрснээс 24.1 сая төгрөгийн 3 төлбөрийн акт тогтоож, 468.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах 12 албан шаардлага хүргүүлж, 2 тэрбум төгрөгийн зөрчлийг залруулах, давтан гаргахгүй байх 22 зөвлөмж өгсөн гэв. Тайлан онд төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудын санхүүгийн тайлангийн аудитаар нийт залруулаагүй алдаа зөрчлийн дүн өмнөх оноос 5.7 хувиар өссөн болохыг дурдав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гадаад харилцааны сайдын төсвийн багцад 9.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 15 төсөл, арга хэмжээ, гүйцэтгэлээр 8.3 тэрбум төгрөгийн төгрөг буюу 86 хувийг санхүүжүүлсэн байна.


Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн тайланд 103 тайлан нэгтгэснээс 58 байгууллагын санхүүгийн тайлан дүгнэлт гаргаж, 45 байгууллагыг түүвэрт хамруулсан гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй”, харьяа 52 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 10.05 тэрбум төгрөгийн 200 зөрчил илэрснээс 290.8 сая төгрөгийн зөрчилд 18 төлбөрийн акт тогтоож. 7.2 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 62 албан шаардлага, сахилгын шийтгэл хүлээлгэх тухай 2 албан шаардлага хүргүүлж, 2.5 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 118 зөвлөмж өгсөн болохыг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Батлан хамгаалахын сайдын төсвийн багцад 65.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 3 төсөл, арга хэмжээ гүйцэтгэхээр төлөвлөснөөс 64.6 тэрбум төгрөг буюу 98.2 хувийг санхүүжүүлсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын төсвийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэснээс 1 байгууллагыг санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 2 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар 4.6 сая төгрөгийн 3 зөрчил илэрснээс зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх чиглэлээр 3 зөвлөмж өгсөн аж.


Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг тодруулан танилцууллаа. Төсвийг төлөвлөсөн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүнг үнэлэх боломжтой байдлаар тодорхойлж батлуулахад анхаарах шаардлагатай гэв. Ирэх оны төсвийн төслийг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээнд чиглүүлэн боловсруулж, батлуулах шаардлагатай болохыг дурдсан. Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төлөвлөхдөө сүүлийн 3 жилийн бүрдүүлэлттэй уялдуулж, бодитой төлөвлөх гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах; Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас яамны аппарат, яамны харьяа байгууллагуудад төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний жанжин штабт төрийн цэргийн командлал нэгтгэл, анги салбаруудад урамшуулал олгоогүй байгааг анхаарах шаардлагатай хэмээсэн. Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад олгогдсон тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад давхардаж газар олгогдож буй зөрчлийг арилгах чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газартай хамтран ажиллаж, данс, бүртгэлд авах ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа гэлээ.

Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагаанд сонгон шалгаруулалтын баримт бичгийг батлагдсан тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж, үнэлгээ хийх холбогдох баримтыг иж бүрэн бүрдүүлэх шаардлагатай байгааг анхаарахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Төгсгөлд нь, аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарал хандуулах шаардлагатай болохыг дурдлаа.


Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Г.Тэмүүлэн нар төсвийн ерөнхийлөн захирагч нараас төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлантай холбоотой асуулт асууж, үг хэлэв. Гадаад харилцааны яам орлогын туслах хэсгээ 100 сая төгрөгөөр төлөвлөөд 5.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, Батлан хамгаалах яам 122 хувь буюу өндөр хувиар давуулан гүйцэтгэсэн байгаа шалтгааныг П.Наранбаяр гишүүн лавлаж, төлөвлөлтийн алдаа байсан эсэхийг тодруулан асуулаа.

Гадаад харилцааны сайдын багцад 2025 онд 3.1 тэрбум төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө батлагдсан байна. Үүнээс Дипломат төлөөлөгчийн газруудын тайлант хугацааны үндсэн үйл ажиллагааны орлогоос 3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 6.1 тэрбум төгрөг, туслах үйл ажиллагааны орлого 5.1 тэрбум төгрөг, нийтдээ 11.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн болохыг ажлын хэсгээс хариуллаа. Төлөвлөлтийг дундаж жишгээр хийгээд, тайлант хугацаанд өндөр өсөлттэй гүйцэтгэл гарснаас дээрх хэмжээний зөрүү гарсан гэв. Батлан хамгаалах салбарын төсвийн орлого нь туслах аж ахуйн болон түрээсийн орлогоос бүрддэг бөгөөд тайлант онд орлогын гүйцэтгэл 103 хувь болсон хэмээн хариулсан.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсөв гэдэг нь татвар төлөгчдийн мөнгө учраас зарцуулсан төгрөг бүрээр гүйцэтгэлийг хянаж, төсвийн сахилга бат болоод хариуцлагыг биелүүлсэн эсэхийг нягтлах шаардлагатай хэмээгээд төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор төрийн аудитын байгууллага болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын саналыг тодруулж, хариулт авсан. Мөн 2024,  2025 оны гүйцэтгэлд хийсэн аудитаар санхүүгийн болон улс төрийн хариуцлага хүлээлгэхүйц зөрчил илэрсэн эсэхийг, аудитын байгууллагын хараат бусаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аудитын байгууллага ямар санаачилга, манлайлал гаргаж ажиллаж байгааг асууж, хариулт авсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авснаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ