“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль болон Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр, “Хуулийн төсөл буцаах тухай”, “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоол, “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай”, “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон. Мөн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.
Тус дугаарт нийтэлсэн “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолоор Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр УИХ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан. Түүнчлэн “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон О.Амгаланбаатар, Г.Байгалмаа нарыг, мөн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлжээ.
Үндсэн хуулийн цэцийн “Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” 11 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээгээгүй гэж үзсэн. Харин “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай” ҮХЦ-ийн тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” гэсэн заалтын “... нэг удаа ...” гэсэн хэсгийг Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэсэн хэсгийг хүчингүй болгосон ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English