Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.29) 53.1 хувийн ирцтэй хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ.
Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан асуухад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба бэлтгэлээ бүрэн хангасан хэмээн хариулсан.
Үргэлжлүүлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь хоёр заалттай. Манай улс хөдөө аж ахуйн салбарын харилцааг зохицуулж буй 30 орчим хууль бий. Тэдгээрийн уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг хангах шаардлагаас үүдэн төслийг боловсруулсан. Цаашид энэ салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд бие даасан эрх зүйн бодлогоор дэмжих учиртайг Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Анар гишүүний асуултад хууль санаачлагч гишүүн М.Мандхай хариулахдаа сонгуулийн мөчлөгөөр хэмжих боломжгүй, урт хугацааны төлөвлөлтөөр хөгжих учиртай салбарын онцлогийг тайлбарласан юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй томьёолол бүхий нэг санал гаргасныг хэлэлцэж, санал хурааж шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төслийг дэмжиж байгааг илэрхийлээд, Тосон уул дахь талбайгаас авах хэмжээг ижил тогтоох санал гаргасан хэмээв. Тэдний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.
Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Анар, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Жавхлан, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, А.Ундраа, Д.Үүрийнтуяа нар оролцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English