Цэс

Холбоо барих

ХХНББХ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.06.29) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 15.42 цагт эхэлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ц.Баатархүү, О.Батнайрамдал, Х.Болормаа, Ж.Галбадрах, А.Ганбаатар, П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, Ж.Чинбүрэн, П.Наранбаяр, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Л.Энхнасан нарын буюу 53.3 хувийн ирцтэй эхлэв.


Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ахална

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүнээс өргөн мэдүүлж, чуулган энэ сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хорооны ажлын хэсгийг байгуулж тогтоол гаргав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, П.Наранбаяр, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Г.Хосбаяр, Л.Энхнасан нар ажиллахаар боллоо.


Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцлээ

Засгийн газраас энэ сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн болон Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн санаачилж, өнгөрөгч 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүний энэ сарын 04-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Хуулийн төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын энэ сарын 23-ны өдрийн 279 дугаар захирамжаар байгуулсан юм. Тус ажлын хэсгийг ахлан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хийлээ. Ажлын хэсэг энэ сарын 26, 28-ны өдрүүдэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран, өргөн оролцоо бүхий уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Эдгээр уулзалтууд болон Улсын Их Хурлын гишүүдээс өгсөн саналыг үндэслэн ажлын хэсгээс нэгтгэсэн төсөлд зарчмын зөрүүтэй 36 санал бэлтгэжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, П.Наранбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энэ зохицуулалтын насны хязгаарыг өргөжүүлэх, ялангуяа төгсөн курсын оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж, ажилгүйдлийн шимтгэлийг бууруулсан үндэслэл, тооцооллын тухай, Нийгмийн даатгалын сангийн зардал, ачааллыг тооцсон эсэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Нэгтгэн боловсруулсан болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүд санал хураалтын явцад нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, түүнээс чөлөөлөгдөх нөхцөл, тэтгэврийн урьдчилгаа, тэтгэврийн нас, хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний болон ажилгүйдлийн тэтгэмж, суурь тэтгэвэр зэрэг асуудлуудтай холбоотой 20 орчим зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалгав. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ