УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.06.30) 75 хувийн ирцтэй хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.
Нээлттэй зар түгээж, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу оролцогч, ажиглагчдыг бүртгэхэд, сонсголд нийт 16 иргэн оролцохоор нэр ирүүлснийг УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Жавхлан танилцуулсан юм. Тэрбээр, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулахаар санал өргөн мэдүүлсэн гэв.
Нэр дэвшигч Энхболдын Анар 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2001-2004 онд Япон улсын Хакуо ахлах сургууль, 2004-2008 онд Япон улсын Хакуо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Улмаар 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль, 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн, 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар, 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар тус тус ажиллаж байгааг илтгэв.
Сонсголд оролцогчдын асуултад нэр дэвшигч Э.Анар хариулахдаа, төв банканд 16 жил ажилласан туршлагадаа үндэслэн Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцоог тогтвортой байлгах, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж байлаа. Мэргэжилтнээс нь эхлээд газрын захирлаар ажиллахдаа гадаад валютын нөөц, банкны хяналт шалгалтын чиглэлд түлхүү ажилласан учраас инфляцийг зорилтот түвшинд хадгалах, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд анхаарна гэлээ.
Иргэд, олон нийтийн төлөөлөл асуулт тавьж, хариулт авч дууссаны дараа УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асууж эхэллээ. Сонсгол даргалагч Б.Жавхлан дэгээ баримтлахыг сануулав. Банкны мэргэшсэн боловсон хүчин хэмээн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нэр дэвшигчийг дүгнэж, хадгаламжийн даатгалыг шинэчлэх талаар ямар бодолтойг тандлаа. Харин УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, бэлдсэн асуулттай орж ирж, дэг зөрчиж, нэр дэвшигчийг магтаж байна, Монголбанканд хүссэн хүн бүр ажилд орж чаддаггүй, iban нэвтрүүлсэн нь иргэдэд зардал, чирэгдэл үүсгэсэн хэмээн шүүмжиллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нэр дэвшигчээс дэвшүүлсэн гурван зорилтыг нь тодруулж, Монголд гадаадын банк орж ирэх асуудалд ямар байр суурьтайг асуусан. Нэр дэвшигч Э.Анар, төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нь тун чухал, иргэдийн хүлээлтэд хүргэхийн тулд ипотекийн эрх зүйн орчныг шинэчлэх, олон эх үүсвэрээс, хөрөнгө оруулалт татах, гадаадын банк ажиллахыг дэмжинэ гэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, томилгоо яаравчлуулахыг шахаж шаардсан уу гэж асуухад, нэр дэвшигч үгүйсгэлээ. С.Цэнгүүн гишүүн ганцхан нэр дэвшигч байгаа нь сонголтгүй нөхцөл үүсгэж байна, цаашид нээлттэй нэр дэвшүүлэх хэрэгтэй хэмээлээ.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мерит зарчмаар дэвших шалгууртайг УИХ-ын гишүүн М.Мандхай, төрийн албыг хувийн ашиг сонирхлоосоо дээгүүрт тавьж ажиллахыг, төв банкны хараат бус байдлын үнэлгээ 63 хувьтай байгааг дээшлүүлэхийн тулд юуг баримтлахыг УИХ-ын гишүүн П.Батчимэг, бодлогын болон зардлын хүү бууруулах ямар бодлого хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат тодрууллаа. Төв банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, засаглалын хувьд сайжруулах чиглэлд түлхүү ажиллана хэмээн нэр дэвшигч хариулав.
Монголд бизнес эрхлэхэд хүнд нөхцөлд байгааг, урт хугацаатай, хүү багатай зээлийн харилцааг бүрдүүлэх эсэх, хараат бус байдлыг хэрхэн баримтлахыг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Х.Ганхуяг, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, А.Ундраа, Ж.Золжаргал, П.Сайнзориг, Г.Лувсанжамц, Л.Соронзонболд нар асуусан. Түүнчлэн ирэх жилийн төсвийг парламентаар хэлэлцэхээс өмнө мөнгөний бодлогоо боловсруулж, хэлэлцэх нь зохистой гэсэн саналыг сонсгол даргалагчаас гаргаж байв.
Зээлийн хүүг багасгахын тулд олон эх үүсвэр бий болгох, зээлийн мэдээллийн сан, харилцагчийн үнэлгээг боловсронгуй болгож, уян хатан бодлого баримталж ажиллахаа нэр дэвшигч Э.Анар илэрхийллээ. Нэр дэвшигч Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд шаардлага хангаж буй эсэхээр гурван оролцогч үг хэлэв. Тэд зээлийн мэдээллийн санг шинэчлэх, төрд байгаа өөрийн мэдээллийг төлбөргүй авдаг болох, дэд бүтцээ байгуулахад анхаарах, зээлийн ангиллыг нарийвчлахгүйгээр бүхэлд нь авлагатай адил 30 хоногоор тооцдог байдлыг болиулах асуудлыг хөндсөн юм. Сонсголын үеэр 60 гаруй мянган иргэнийг хохироосон койнтой холбоотой кэйсээр Монголбанканд гомдол гаргасан тухай иргэн мэдээлэв.
Эдийн засгийн байнгын хороо 15.00 цагт хаалттай хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English