Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.06.30) нэгдсэн хуралдаан 14.01 цагт Улсын Их Хурлын 82 гишүүн хүрэлцэн ирснээр 65 хувийн ирцтэйгээр эхлэв.
Олон Улсын Парламентын Холбоо байгуулагдсаны 137 жилийн ой, Олон улсын парламентын өдөр тохиож буйг нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглээд, мэндчилгээ дэвшүүлэв. Энэ жил Олон улсын парламентын өдрийг “Хүний эрхийг анхаарлын төвд авчиръя” уриатайгаар улс орнууд тэмдэглэж байгаа хэмээгээд “Улсын Их Хурлын даргаар томилогдсоноос хойш хууль тогтоох үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог бодитой хангах, чуулганы ирц, хариуцлагын тогтолцоог илүү сайжруулах томоохон шинэчлэлийг Улсын Их Хурлын гишүүдийнхээ хамт амжилттай эхлүүлээд байна” гэлээ. Олон улсын парламентын энэ өдөр Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн, иргэддээ ойр, ил тод нээлттэй, хариуцлага, ёс зүй, сахилга баттай парламентыг төлөвшүүлэх үйлсэд тууштай зорин ажиллахыг тэрбээр илэрхийлсэн (бүрэн эхийг эндээс).
Ийнхүү нэгдсэн хуралдаан эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр танилцуулаад, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үргэлжлүүлэн хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсан талаараа танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүнээс энэ сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 55 гишүүний энэ сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу иргэн Э.Баясалцэнгэлийн 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эхлүүлсэн PN-202604-36963 дугаартай, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдлийг насанд хүрсэн 33216 иргэн дэмжсэн тул тус өргөдөлд дурдагдсан асуудлыг хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэхээр Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд хуваарилжээ. Холбогдох Байнгын хороод нийтийн уг өргөдөлд дурдсан асуудлыг хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг С.Бямбацогт дарга чиглэл болголоо.
Ингээд энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон эхний асуудал буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав.
Тус Байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцжээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Цэцэгмаа овогтой Уртнасан, Нэргүй овогтой Мягмар нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан нэр дэвших тухай хүсэлтийн загварын дагуу материалаа бүрдүүлж Байнгын хороонд ирүүлсэн байна.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, 4.5 дахь хэсэгт “Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэж заасан байдаг аж. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах үе шатыг баримтлан зохион байгуулсан гэв (дэлгэрэнгүйг эндээс).
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар томилогдсон бөгөөд бэлтгэлийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хангасан байна. Энэ сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж, тайланг Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудсанд байршуулсан байна. Түүнчлэн энэ сарын 26-ны өдөр хаалттай хуралдаж, гишүүдийн олонх сонсголын тайланг дэмжсэн тул Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Ц.Уртнасан, Н.Мягмар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, мөн нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Пүрэвдорж, Ц.Мөнхбат, Д.Ганбат, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалтыг 16.30 цагт явуулахаар боллоо.
Үргэлжлүүлэн Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.
Засгийн газраас 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар, 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын энэ оны 6 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.26 дахь хэсгийг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн хэлэлцүүлэх хүсэлтээ хууль санаачлагч нараас ирүүлсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 279 дүгээр захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Р.Батболд, С.Зулпхар, С.Одонтуяа, Г.Уянгахишиг, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат нарыг оролцуулан байгуулсан байна.
Байнгын хороо энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн хэмээгээд дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа 5 хүртэлх ажилтантай ажил олгогчийг дэмжиж, ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 60 хүртэлх сарын хугацаанд чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ.
Ажлын хэсгээс гаргасан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон иргэд ажил, хөдөлмөр эрхлэх тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байж болох саналыг хэлэлцсэн байна.
Хэд хэдэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа иргэн өөрт таатай зөвхөн нэг гэрээг сонгон нийгмийн даатгалын шимтгэл төлж болохоор; тэтгэвэр тогтоох сүүлийн 20 жилийн дотор дараалсан 5 жилийг үе шаттайгаар нэмэгдүүлэх хугацааг 2029 оноос хэрэгжүүлэх талаарх саналыг хэлэлцсэн гэв. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцооны олон улсын нэршилд нийцүүлэн "Баталгаат тэтгэвэр" гэснийг “Суурь тэтгэвэр” болгон өөрчлөхөөр; суурь тэтгэврийг тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд хүрсэн нийт ахмад настанд авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааруулж улсын төсвөөс сар бүр олгох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох санал хураалтыг явуулан шийдвэрлэсэн гэв.
Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 32 санал, найруулгын шинжтэй 2 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 1 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, зарчмын зөрүүтэй 14 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуухын өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Жаргалан тус асуудлаар хоёр цагийн завсарлага хүсэж буйгаа мэдэгдэв. Улсын Их Хурлын дарга энэ дагуу шийдвэрлэж, дараагийн асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 25, 26-ны өдрийн нэгдсэн хуралдаануудаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо Даваа гарагийн (2026.06.29) хуралдаанаараа хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэв.
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л. Соронзонболд, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн, Р.Сэддорж нарын зүгээс Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан 1 зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар уг зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Ц.Туваан нар асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллоорх санал хураалтыг 16.30 цагт явуулахаар тогтсон.
Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо Даваа гарагийн (2026.06.29) хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.
Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 60 хувь нь дэмжсэн гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, О.Цогтгэрэл, М.Ганхүлэг, Ц.Мөнхбат нар асуулт асууж, ажлын хэсэг болон Ж.Энхбаяр сайдаас хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн явцад санал хураалт явуулахаар товлосон цаг болсон тул эхлээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 105 гишүүний 77 нь дэмжсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаарх нууц санал хураалтыг явуулав. Улсын Их Хурлын 105 гишүүний 70.5 хувь нь Н.Мягмарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг, 65 хувь нь Ц.Уртнасанг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилохыг тус тус дэмжлээ. Иймд “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус тогтоолд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Б.Баасандоржийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхөөр заасан байна.
Монгол төрийг байгуулах сонгуулийн үйл ажиллагааг шударга, хараат бус, хууль тогтоомжийн зөрчилгүй зохион байгуулах үүрэг хүлээж буй тул хариуцлагатай ажиллахыг шинээр томилогдож буй Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдэд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт сануулаад, ажлын амжилт хүслээ.
Дараа нь Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй 1 саналаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн авсан хоёр цагийн завсарлага дуусаж, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Жаргалан “Ажил олгогч, ажилтан, нийгмийн даатгал төлөгч болон тэтгэвэр авагсдын эрх ашгийг хангасан хууль батлах ёстой гэдэг үндэслэлээр манай бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаанд ажлын хэсгийн түвшинд ажил хэрэгч саналуудыг ярилцлаа” хэмээгээд завсарлагын хугацааг дуусгаж буйгаа нэгдсэн хуралдаанд танилцуулснаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, Ц.Туваан, Б.Түвшин нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 50 орчим саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулж эхлэв.
Энэ явцад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрийн талаарх мэдээллийг гишүүдэд дуулгав. Тэрбээр “2009 онд гэрээ хийхдээ хөрөнгө оруулалтын өгөөжийн 53 хувь монголчуудад ногдоно гэж байсан. Өдгөө бодит байдал дээр 25-30 орчим хувийн өгөөж ногдож байгаа. Үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газар үүнд анхаарал хандуулж, засахаар ажилла, 2019, 2021, 2025 онд Улсын Их Хурал холбогдох тогтоолуудыг баталж байв.
Монгол Улсын парламент, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ард түмэн нэг талдаа гарч, ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орохоор болжээ. Зээлийн хүү буурч SOFR +2 хувь болж, менежментийн төлбөр хоёр дахин буурах юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд 7 жил тутам шинэчлэл хийдэг байсан хугацааг бууруулж, 3 жил болгожээ. Мөн жил бүр ногдол ашиг авдаг болох нь. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 3 дахин их зэсийн баяжмал экспортлоод, 3 дахин бага татвар төлдөг, 1.6 сая тонн баяжмал экспортолдог, түүнд ногдох татвар нь маш бага байсан. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын жишгээр төлж байсан бол 5 их наяд төгрөгийн татвар төлөх ёстой атал “Оюутолгой” компани 1.6 их наяд төгрөгийн татвар төлж байсан. Зөрүү нь 3.4 их наяд төгрөг байсан нь түүх болох нь. Энэ асуудлыг шийдвэрлэж, амжилттай хэлэлцээр хийсэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нартаа Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэв.
Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал хураалт явуулах үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй 3 дахь саналтай холбогдуулан Ерөнхий сайд үг хэлсэн. Энэ үеэр тэрбээр "Ерөнхий сайдын хувиар Үндэсний их баяр наадмын өмнө монгол түмэндээ Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаснаа дуулгаж байна" гэлээ. Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулснаа тэмдэглэв. Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдсэн аж. Түүнчлэн Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жилд нэг удаа хийдэг байсныг 3 жил тутамд хийхээр болж, энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар тохиролцсон гэв.
“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж, үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээн Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн.
Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашигтай эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллахаа Ерөнхий сайд тодотгоод, “Рио Тинто” компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Ийнхүү Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санал тус бүрээр нь санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English