Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.07.01) хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Г.Ганбаатар, С.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Б.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, С.Лүндэг, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн ирснээр хуралдаан 10 цаг 46 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонслоо.
Сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонсгол даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. (дэлгэрэнгүйг эндээс ) Тус Байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор уг сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Л.Мөнхбаясгалан, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Ц.Туваан, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Хоёр өдрийн сонсголын мэдээлэл, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, төрийн байгууллага, албан тушаалтны тайлбар, танилцуулга, иргэдийн санал, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан байна.
Уг дүгнэлтэд Малчны тухай хууль батлагдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрсөн боловч хэрэгжилт хангалтгүй байна. Хуульд заасан зарим чухал хэрэгжүүлэхээр заасан арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, журам батлагдаагүй, салбар дундын ажлын уялдаа хангалтгүй, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих тогтолцоо сул байна. Малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залгамж халааг бэлтгэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтууд бодит үр дүнд хүрээгүй. Ялангуяа малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зохицуулалт, малчны хөгжлийг дэмжих зарим арга хэмжээ хэрэгжээгүй байна гэжээ.
Мөн малчдын өмнө тулгамдсан хамгийн том асуудал нь бэлчээр, газрын харилцаа, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл хэвээр байна. Малчдын бэлчээр ашиглах эрх, өвөлжөө, хаваржааны хамгаалалт, усны нөөцийн ашиглалттай холбоотой зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай байна. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн үнэлэмж, малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Малчид хамгийн найдвартай зээлдэгч хэдий ч өндөр хүүтэй зээл авч байгаа нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, ипотек, даатгалын тогтолцооны хүртээмж сул байгааг харуулж байна. Малчны тухай хууль нь зөвхөн нэг салбарын бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндэс, хүнсний аюулгүй байдал, үндэсний уламжлалт мал аж ахуй, хөдөөгийн хөгжлийн суурь асуудлыг зохицуулсан бодлогын ач холбогдолтой хууль болохыг онцлон тэмдэглэсэн байлаа.
Сонсголын нэгдсэн дүгнэлтэд үндэслэн цаашид хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Малчны тухай хуулийн хэрэгжилтийн явцад илэрсэн хүндрэл, эрх зүйн хийдэлд үндэслэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах, Малчны тухай хуулийг Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Усны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Хөдөө, аж ахуйн тухай хуулиудтай уялдуулах асуудлыг судалж шийдвэрлэх, Малчны тухай хуульд заасан боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй дүрэм, журам, аргачлал, төлөвлөгөөг яаралтай баталж мөрдүүлэх, хуулийн хугацаатай зохицуулалтыг шинэчлэх арга хэмжээ авч хэрэгжүүллэх шаардлагатай гэсэн байлаа.
Мөн малчны зээлийн бодлогыг шинэчилж эрсдэлд суурилсан хүү, төлбөрийн түүх, индексжүүлсэн даатгал, тогтвортой худалдан авагчтай эсэх зэрэг шалгуур үзүүлэлтийг ашиглах боломжийг судлах, малчны хөрөнгийн үнэлгээний тогтолцоо, хөрөнгийн үнэлгээний аргачлалыг боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай хэмээн дурджээ.
Түүнчлэн малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэг удаагийн нөхөн төлөлтийн асуудлыг эрх зүйн хүрээнд шийдвэрлэх, малчдын эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн дотуур байр, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх салбар дундын уялдааг хангах арга хэмжээг эрчимжүүлэх, малчны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, малчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх, тэдний залуу халааг бэлдэх асуудлыг нийгмийн бодлогын төвд оруулах арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байлаа.
Сонсголын тайлан, санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах асуудлыг санал хураалтаар шийдвэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120.6-д “Байнгын хороо ... сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай 10.1-д заасан асуудлаар холбогдох тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10.1-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтны хариуцлагын асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тогтоол гаргана.” гэсний хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг дэмжье гэдэг саналын томьёололлоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Байнгын хорооны дарга Б.Бейсен Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүдээс уг хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт заасан “.....төсөл нь бусад Байнгын хорооны эрхлэх асуудалд хамааралтай бол тухайн Байнгын хороо уг төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн байна.” гэснийг үндэслэн хуралдаан даргалагч Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаасан гэдгийг гишүүдэд танилцуулсан. Мөн энэ хүрээнд Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн гэв.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Гишүүдээс хуулийн төслийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно.” гэж заасны дагуу Ж.Бат-Эрдэнэ гишүүн горимын санал гаргасан. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувь нь дэмжив.
"Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Үргэлжлүүлэн "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүнээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болов.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжлээ. Тогтоолын төсөлд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Замира, М.Мандхай, С.Одонтуяа, У.Отгонбаяр, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байлаа.
Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр 16 цагийн үед Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан асуудлыг татаж хэлэлцэн шийдвэрлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн.
Иймд хуралдаан Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэний нэрийг дэвшүүлж, энэ талаарх танилцуулгыг хийсэн бөгөөд уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан билээ. (дэлгэрэнгүйг эндээс)
Завсарлагын хугацаа дууссан тул уг асуудлыг үргэлжлүүлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн квотыг харгалзан шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог хангах үүднээс нэрээ татаж байгаагаа мэдэгдэв.
Ингээд УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Мэндбаярын Мандхайг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дэд дарга У.Отгонбаяр танилцууллаа. (нэр дэвшигчийн намтрыг эндээс)
Нэр дэвшүүлж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг нэр дэвшүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувь нь дэмжлээ.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнгөрсөн хугацаанд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг богино хугацаанд хэлэлцэн баталж, олон хэлэлцүүлэг, ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахад Байнгын хорооны дарга Б.Бейсен идэвх зүтгэлтэй, манлайлан ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайд ажлын амжилт хүсэв.
Хуралдааны төгсгөлд "Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгийг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English