Цэс

Холбоо барих

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо


Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.07.02) нэгдсэн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эдгээр төсөл нь 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд мөрдөх татвар, төлбөр, нөөц ашигласны төлбөрийн зохицуулалтыг тодорхой болгож, гэрээний тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр манай улс газрын тосны бодлогын хувьд хугацаа алдсан тул яаралтай засаж, залруулж өгөхийг гишүүдээс хүссэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

 


Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл илтгэсэн. УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, О.Номинчимэг нар асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Ж.Энхбаяр сайд хариулж, бизнесийн эрх ашгийг хамгаалах бодлого баримтлах, хөрөнгө оруулалт татах таатай орчинг бүрдүүлж, санхүүгийн салбарыг либералчилна. Ялангуяа хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй олон хязгаарлалтыг цөөрүүлэн тодорхой, нэг мөр болгож, цахимжуулна гэсэн юм. Байнгын хорооноос ирүүлсэн саналуудаар санал хураалт явуулахад, гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүнээс ноднин өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хүүхэд, залуучуудын эрүүл мэндэд хор хохирол учруулж буй асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой төслийг дэмжих талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, С.Эрдэнэбат нар онцолж байв. Зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 


Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг 70 гишүүн дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов. Түүнчлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан юм. Орон сууц захиалгаас үүдэн хохирсон 600 гаруй иргэдийн гомдолд үндэслэн Өргөдлийн байнгын хороо энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид орон сууцны залиланг таслан зогсоох шийдвэрийг парламент гаргалаа хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт онцлон тэмдэглэв. 

Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авав. Харин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад, гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Д.Үүрийнтуяа, Б.Уянга нар байр суурь илэрхийллээ.


Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо. Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Батрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив. 

Энэ өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай", "Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонхын саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ