Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд бие даасан бус, нийгмийн хүлээлт өөрчлөгдөөгүй хэвээр. Монгол эмэгтэйчүүд 1 сая 650 мянгуулаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт байр суурь эзэлдэг. Манай хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд нийт сонгогчдын 55 хувийг бүрдүүлдэг боловч шийдвэр гаргах түвшинд тэдний хувь, оролцоо цөөн байна. Ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд таван нам, эвслийн төлөөлөл 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь монголчуудын хувьд дэвшил юм. Гэхдээ тэдний найм нь л тойргоос сонгогдсон. Эмэгтэйчүүдийн оролцоо бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, тухайн улс орны асуудал юм. Тэдний оролцоог бүхий л салбарт, шийдвэр гаргах түвшин дэх нөлөөлөл болгох чухал. Алтай дамнасан улс орнуудын түншлэл болгон өргөжүүлэх, хөгжүүлэхийг зорино гэж Улсын Их Хурлын гишүүн, Монголын Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа илтгэсэн юм.
Улаанбаатар хотноо өнөөдөр (2026.07.03) Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ “Тогтвортой хөгжлийн зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” олон улсын чуулганы дөрөв дэх хэлэлцүүлэг "Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” сэдвээр үргэлжиллээ. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны тухай хэлэлцүүлгийн модератороор Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн Хөтөлбөр, бодлогын асуудал хариуцсан дэд захирал Шерилл Алипио ажилласан юм.
Байгалийн гамшигт үзэгдэл, тухайн улс орны газар зүйн байршлаас үүдэлтэй эрсдэлт нөхцөл байдалд хамгийн их өртдөг нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний санхүүгийн боломжгүй байдал нь нэрмээс болдог гэсэн судалгааны дүнг Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн зочин судлаач Ясмин Виржаван танилцууллаа. Тэрбээр, эмэгтэйчүүдийн оролцооны талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулахдаа хүн ам зүйн шилжилт харьцангуй эрт явагдаж, хөдөлмөрийн насны иргэдийн тоо өсөж, улмаар эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай. Гэвч монголчуудын хувьд энэ тоо хамааралгүй гэсэн юм. Техник, технологийн дэвшлийг хүмүүс ашиглаж байгаа нь эдийн засгийн эрх чөлөөтэй гэсэн үг хараахан биш. Оролцоог нэмэгдүүлэхийн тулд манлайллыг бий болгох ёстой. Манлайлалд тууштай сургалтууд, бусад олон хүчин зүйл нөлөөтэй. Эдгээр асуудлыг нэг улс орон дангаараа бус, хамтын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь ач холбогдолтой хэмээн судлаач эмэгтэй иш татав.
Мөн тус сургуулийн “Natural Capital Alliance” түншлэлийн төлөөлөгч Тонг Ву энэ эрин зуунд булчинг сонгох чухал бус, улс орнууд хүйсийн тэгш байдал, тэнцвэрт харьцааг хэрхэн бодлогоор дэмжиж, зохицуулж байгаагаараа өрсөлдөх болно гэдгийг тэмдэглэж буйгаа илэрхийлсэн. Даян дэлхийн ногоон Хөгжлийн институт (GGGI)-ын Ерөнхийлөгч, ТУЗ-ийн даргын ахлах зөвлөх, Харилцаа холбоо, хамтын ажиллагааны шинжээч Дэйв Ким ногоон хөгжил рүү дэлхийн улс орнууд шилжиж, байгаль орчинд ээлтэй байх уриалгад нэгдсэн талаар танилцуулав. Тогтвортой хөгжлийн зорилт эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгальд хор хохиролгүй байхын төлөө чиглэдэг онцлогтой. Энэ чиглэлд охид, бүсгүйчүүдийг мэргэшүүлэн хөгжүүлэх, оролцуулах, ажлын байран дахь жендэрийн мэдрэмжтэй сонголт, ур чадварт суурилсан бодлого хэрэгжүүлэх сорилт тулгараад байгаа гэлээ. Үүнд төсөвлөлт ч хамаардаг. Тиймээс тус институтээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.
Алтайн язгуурын хэлт улс орнуудын түншлэл нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Азийн бүс нутаг тэргүүлэх үндэслэл болсон гэсэн дүгнэлтийг олон улсын чуулганы хаалтын үеэр онцоллоо.
Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулсан "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” олон улсын чуулга уулзалтыг хааж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн хэлэлцээ олон чухал сэдвийн хүрээнд идэвхтэй өрнөж амжилттай зохион байгуулагдсан явдалд нийт хамтрагчдад талархал илэрхийлэв. Тэрбээр, өнөөдөр технологийн дэвшлийн үр дүнд хуулийн төслийг дөрвөн секундэд бичдэг боллоо. Гэтэл парламент түүнийг батлахад дөрвөн сар шаардагдана. Баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд магадгүй дөрвөн жил зарцуулж мэдэх юм. Тиймээс тухайн улс орон хөгжих үү, хоцрох уу гэсэн сонголтын өмнө хүрч ирээд байна. Хиймэл оюунгүй салбар байхаа больсон өнөө цагт иргэдийн төрд итгэх итгэлийг алдруулж буй авлига, шударга бус зүйлээс бүтээмэл оюуны тусламжтай гарч чадна. Монголчууд зөн билэгтэй ард түмэн учраас тэнгэрийн хүлэг морийг төрийн сүлдэндээ дээдлэн залж ирсэн учиртай. Бүтээмэл оюуныг цөөхөн хүний давуу эрх биш, иргэн бүрийн зэвсэг болгох зам бидний өмнө тодорлоо. Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэмтэд, иргэний нийгэм нэг баг болж, нэг зүгт алхах цаг ирлээ. Хөгжлийн төлөөх түншлэлийн утга учир үүнд оршиж байгаа учраас иргэдийн оролцоо, газрын ховор элемент, эмэгтэйчүүдийн манлайлалд жинхэнэ оюуныг ашиглахыг хүн бүрт уриалж байна. Энэ яриа хэлэлцээ тав дахь жилдээ үргэлжилнэ. Алтай дамнасан энэ индрийг бүтээмэл оюуны засаглалын байнгын түншлэл болгоё гэж урьж байна. Ирэх жил бид амласнаа биш, хийснээ ярина. Түншлээд, итгэлцээд, тогтвортой ирээдүй рүү хамтдаа урагшаа хэмээн уриаллаа.
Бан Ги Мүний нэрэмжит "Сайхан ирээдүйн төлөө" сангийн Гүйцэтгэх захирал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк энэхүү чуулганыг үргэлжлүүлэхэд хүчин чармайлт гаргасан бүх хүнд талархал илэрхийллээ. Улс орнуудын төлөөллүүд тулгамдсан асуудлуудаа ил тод хэлэлцсэн нь ач холбогдолтой. Өөр хоорондоо харилцан адилгүй боловч бодлогын хувьд түншлэлээрээ нэгдэж, хэнийг ч орхигдуулахгүй хөгжихийн төлөө, харилцан шүтэн барилдлага, залуу улс орон болох Монголд хуран чуулж, тогтвортой хөгжлийн төлөө нэгдсэнд баяртай байна. Хойтон жил уулзацгаая гэв.
Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, Япон судлалын профессор, Япон хөтөлбөрийн захирал, Социологийн профессор Киёотэрү Цуцуй олон улсын чуулганыг хааж хэлсэн үгэндээ, улс орнууд харилцан туршлагаа хуваалцаж, зорилго, зорилтоо нэгтгэсэн хамтын идэвхтэй ажиллагаа боллоо. Тогтвортой хөгжлийн тайланд Азийн бүс нутаг тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хамгийн ахицтай бүсэд тооцогдсон нь Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнг илтгэнэ. Түншлэлээ улам бүр бэхжүүлэх урам зориг дүүрэн байна гэж онцлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English