Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдвээр үргэлжиллээ.
Энэхүү хуралдааныг Корё их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Солонгосын эдийн засгийн холбооны 56 дахь ерөнхийлөгч Канг Сүн Жин удирдан явуулсан бөгөөд эхний илтгэлийг Стэнфордын их сургуулийн “Natural Capital Alliance” түншлэлийн ахлах эрдэмтэн, Стэнфордын их сургуулийн Доэрийн нэрэмжит тогтвортой байдлын сургуулийн нийгмийн ухаан судлалын эрдэмтэн судлаач Минге Жү танилцуулсан.
Эрдэмтэн Минге Жү Монгол Улс уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай, ДНБ-ий үлэмж хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг хэмээгээд, нүүрсний экспорт нийт экспортын тэн хагасыг эзэлж, зэс болон жоншны экспорт томоохон байр суурийг эзэлдэг байна. Тэр чинээгээр даян дэлхийн ханган нийлүүлэгч сүлжээний томоохон оролцогч гэдгийг тодотгосон.
Тэрбээр дэлхийн уул уурхайн стастистикийн баримт мэдээллийг танилцуулаад, уул уурхайн салбарын байгаль орчны нөлөөлөл, уул уурхайн салбарт үзүүлж буй эко системийн үйлчилгээ нь уул уурхайн салбарын шийдвэр гаргалттай холбоотой гэдгийг онцолсон.
Тэрбээр, усны зүй зохистой хэрэглээ тогтовортой уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлдог гэж тэмдэглээд, монгол орны гадаргын усны нөөцийн байршил, уур уурхайн үйлдвэрлэл явагдаж буй газрууд, малын бэлчээр, газар тариаланд үзүүлж буй нөлөөлөл, байгалийн баялгийг үнэлэх аргачлалын талаар мэдээлэл өгсөн.
Мөн салбар хуралдаанд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, БНСУ-ын Үндэсний дипломат академийн хүндэт профессор, БНСУ-аас Бүгд Найрамдах Латви Улс дахь Элчин сайд асан Ли Тунг, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын санхүүжилт, хөгжлийн эдийн засагч Фирүз Саидхаджаев, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гадаад улсын гишүүн Жиюнь Оуянг нар илтгэл тавьсан.
Тухайлбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чухал ашигт малтмал ба хариуцлагатай уул уурхайн талаар баримталж буй бодлого” илтгэлдээ Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувь, экспортын орлогын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь, улсын төсвийн орлогын 28 хувийг тус тус бүрдүүлэгч эдийн засаг, нийгмийн гол тулгуур салбар гэдгийг онцолсон.
Мөн тэрбээр манай улсад тодорхой нэр төрлийн чухал элементүүдийн нөөц, бидэнд өрсөлдэхүйц давуу талууд байна хэмээгээд, үүнийг нэг нь манай орны газарзүйн байршил гэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн томоохон хэрэглэгч болох БНХАУ-ын хөрш, зах зээлийн дэргэд байгаагаас гадна манайд зах зээлд өрсөлдөхүйц, тус зах зээлд зарж чадах олон ашигт малтмалын арвин нөөц, уул уурхайн олборлолт, боловсруулалтыг тууштай дэмжсэн төрийн бодлого, зохицуулалт байгааг тэмдэглэж байлаа.
Түүнчлэн манай орны уул уурхай, эрдэс баялгийн салбарт тулгарч буй сорилтуудын талаар мэдээлж, нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох уул уурхайн салбарт баримтлаж буй бодлогын талаар нэгтгэн танилцуулсан юм.
Чуулга уулзалт “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” сэдвээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мон
English