Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д өнөөдөр /2026.07.10/ бараалхлаа.


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад айлчилж буйд талархлаа илэрхийлээд энэхүү айлчлал хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийг эхлүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.


Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосноос хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж ирсэн. Ялангуяа хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд парламент, парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, шинэ шатанд гарсныг дуулгалаа.


Тэрбээр Монгол Улсын Их Хурал парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд “Нээлттэй парламент”-ыг төлөвшүүлэх, улмаар хариуцлагатай, ил тод, иргэдийн оролцоог хангасан, хууль тогтоомжийн хэрэгжилтэд үр нөлөөтэй хяналт тавьдаг тогтолцоог хөгжүүлэхийг зорьж буйг онцлон тэмдэглэсэн. Энэ хүрээнд цаашид БНСУ-ын сайн туршлагаас судалж нэвтрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулахад үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.




Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан Хорооны монголын талын даргаар ажиллах хугацаандаа солонгос иргэдийг Монгол Улсад визгүй зорчих, улс хоорондын нислэгийн тоог долоо хоногт 7 байсныг 70-80 хүртэл нэмэх шийдвэр гаргаж байсан талаараа дурдаад хоёр улсын иргэд харилцан адил байх зарчмын хүрээнд монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр үргэлжлүүлэн анхаарал хандуулж өгөхийг хүслээ.


Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнгээр дамжуулан БНСУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд үүнд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэлээ. Иймд Улсын Их Хурлын даргын зүгээс хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ