Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.10/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзан, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга Элчин сайдтай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Шэнь Миньжуанийг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэв.


Тэрбээр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гээд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд олон жилийн уламжлалт найрсаг харилцааг хадгалан, харилцан айлчлал, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдааныг энэ жил Бээжин хотноо амжилттай зохион байгуулахад Элчин сайдын хувьд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Түүнчлэн Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү тогтвортой, таатай ажиллах эрх зүйн орчин бүрдсэнийг онцлов. Мөн Газрын тосны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д үүсээд байсан татвар, төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх зүйн нөхцөл бүрдсэнийг Улсын Их Хурлын дарга дурдлаа.


Мөн тэрбээр Монгол-Хятадын улирлын чанартай хилийн боомтууд, тэр дундаа Байтаг-Улиастай боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг урагшлуулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтын үеэр талууд хоёр улс харилцан ашигтай, хамтын ажиллагааны бодлогыг тууштай хэрэгжүүлж нийгэм, эдийн засгийн бүх салбарт ахиц гарч, хамтран эхлүүлсэн томоохон төслүүд бодит үр дүнгээ өгч буйг онцлон тэмдэглэв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань монголд ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж ирсэнд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд ялангуяа Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг урагшлуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах зэрэг томоохон төслүүдийг ажил хэрэг болгож чадсаныг онцлов

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг цаашид шинжлэх ухаан, инноваци, ашигт малтмал, хиймэл оюун ухаан зэрэг шинэ чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.


Мөн Элчин сайд улирлын чанартай хилийн боомтуудыг байнгын ажиллагаатай болгох, газрын тосны нийлүүлэлтэд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж буйгаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ