Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Иргэдийн санал хууль тогтоох үйл ажиллагааны чухал үндэс

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байгуулсан "Нээлттэй парламент" танхимд өнөөдөр (2026.07.24) Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг нь сонслоо.


Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн С.Зулпхар Нийгмийн даатгалын тухай хууль болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулав.



Өнөөдрийн уулзалтад оролцсон 15 иргэн хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Булган аймгаас хүрэлцэн ирсэн иргэн Ц.Бийбат хөдөө аж ахуйн салбар болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон бол орон нутгаас нийслэлд шилжин ирж ажиллаж буй багш сургуулийн өмнөх боловсролын тэгш хүртээмжийг хангах чиглэлээр бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хөндөв.


Түүнчлэн бизнес эрхлэгчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоолын хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай талаар саналаа хэлсэн юм.



УИХ-ын гишүүн С.Зулпхар иргэдээс гаргасан санал, хүсэлт, тулгамдсан асуудлыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн санал, оролцоог бодитой тусгах нь парламентын үйл ажиллагааны нээлттэй, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ