Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр /2026.08.04/ уулзаж, тус холбооны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Ногоон санхүүжилт-Хүртээмжтэй тогтвортой хөгжилд” чуулганы бэлтгэл ажил, зорилго, хүрэх үр дүнгийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүдийн манлайлал чухал хувь нэмэр оруулж байгааг онцолж, энэ чиглэлд тууштай ажиллаж ирсэн холбооны хамт олонд талархал илэрхийллээ.

Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбооны өмнөх чуулгануудыг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн 10 жилийн ойн чуулганыг УИХ-ын дарга ивээлдээ авч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр ногоон эдийн засаг, тогтвортой хөгжил, санхүүгийн хүртээмжийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлаас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласныг дурдаад, цаашид батлагдсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжийг нь хүртээхэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Мөн чуулганыг зөвхөн асуудал хөндөж, санал солилцдог арга хэмжээ бус, тодорхой үр дүн гаргаж, хэрэгжилтээ дүгнэдэг индэр болгох нь чухал гэдгийг онцолсон юм. Ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, ногоон болон хөнгөлөлттэй санхүүжилтийг бодитоор хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудаа чуулганаас өмнө эхлүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцуулахыг зөвлөлөө.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт “Асуудал хэлэлцэж, зорилт дэвшүүлэхээс илүүтэйгээр түүнийгээ хэрэгжүүлж, бодит үр дүн гаргасан байх нь чухал. Иргэд, бизнес эрхлэгчдэд хүрсэн өгөөжөөрөө ажлаа үнэлж, хэрэгжилтээ тайлагнадаг байх ёстой” хэмээн онцолж, хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн гаргахад анхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээ