Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр (2026.08.07) "Нээлттэй парламент" танхимд ажиллаж, 22 иргэнтэй уулзлаа.
Тэрбээр Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны талаар иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг сонсов. Өнөөдрийн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь ахмад настан байсан бөгөөд тэдэнд зориулсан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих үйл ажиллагаа, асрах үйлчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байгааг хэлж байлаа. Тухайлбал, иргэн Х.Цэрэндорж сэтгэл зүйчдийн ажлын байрны хүртээмжийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан юм. Хууль санаачлагчийн зүгээс ахмад настны асрах үйлчилгээний тогтолцоонд сэтгэл зүйн үйлчилгээ чухал байр суурь эзэлдгийг онцлоод хуулийн төсөлд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан гэв.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа эдийн засгийн тогтвортой байдал, тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудал, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн бодлого зэрэг иргэдийн тавьсан асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
Иргэн М.Энхбатын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу гэм буруутай этгээдээс хохирлоо барагдуулахад хүндрэл, чирэгдэл гардагтай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар саналаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ чиглэлээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана гэлээ.
Түүнчлэн иргэн Ц.Мөнхжаргал боловсролын тогтолцоог технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шинэчлэх талаар санал, бодлоо хуваалцсан бол иргэн Г.Гэрэлмаа иргэдийн санал хүсэлтийг сонсох нээлттэй уулзалтын танхимтай болсонд баяртай буйгаа тэмдэглээд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалт, хүүхдийн хөгжлийн чиглэлд төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон дурдав.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа иргэдийн дуу хоолой бол бодлого, шийдвэрийн чухал үндэс гэдгийг онцлоод салбарын бодлого, хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлж, бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Мон
English