Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдөр “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болж байна.
СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцах “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр форум үргэлжиллээ. Дээд түвшний панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлэв.
Панел хэлэлцүүлэгт Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар оролцож, хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Улс төрийн болон парламентын манлайлал хамтран ажилласнаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хэрхэн хурдасгаж, COP17 бага хурлын зорилгыг бодит үр дүнд хүргэх талаар Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада “Энэ нь амаргүй хэдий ч нэн тэргүүнд нийгмийн зөвшилцлөөр дийлэнх нь хүсэл эрмэлзэлээ нэгтгэсэн байх ёстой. Олонхийн энэхүү хүсэл эрмэлзэллийг бодит үйл хэрэг болгох, манлайлах, тулгарах олон сорилтыг даван туулахын тулд хувь улс төрчөөс иргэний зориг шаардана” гэлээ. Улмаар дээрх сэдвийн хүрээнд нэгэнт тодорхойлогдсон бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтээр хүсэж буй эрс шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэх төрөл бүрийн механизмууд буюу яриа хэлцэл, парламент дотроо хүсэл зоригоо илэрхийлж, бусад гишүүдэдээ ойлгуулан хамтрах, мөн ард иргэдэдээ тайлбарлах зэргээр талуудыг холбох гүүр болох нь чухал хэмээн цохож байв. Улмаар иргэн бүрийн анхаарлын төвд уг сэдвийг оруулж, өрх бүрийн өдөр, оройн хоолны ширээнийхээ ярилцдаг сэдэв болгож өдөр тутмын амьдралтай нь уялдуулж чадвал парламентын гишүүн нийгмийн дэмжлэгийг хүлээх, улмаар сонгогчидтойгоо ойлголт, хүсэл эрмэлзлэл нэгтэй байгаа нь дараа дараагийн улс төрийн үйл ажиллагаанд нь дэмжлэг болох боломжтой талаар дурдаж байв.
Египетийн Усны нөөц, усжуулалтын сайд Хани Севилам дээрх сэдвийн хүрээнд өөрийн орны туршлагыг хуваалцсан юм. Египет Улс нь 120 сая хүн амтай ч усны хомстол нэн тулгамдсан асуудал байдаг байна. Үүний хажуугаар байгаль орчин, экосистемийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх нь сорилт бөгөөд үүн дээр парламент, Засгийн газар, мэргэжлийн холбоод ойлголтоо нэгтгэн, зорилтоо хамтдаа тодорхойлохдоо иргэдийнхээ оролцоог хангаж чадсан. Үүний үр дүнд “Усны шинэчлэл 2.0” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хиймэл дагуул болон дрон ашиглан судалгааг богино хугацаанд, бодитой, үр дүнтэй хийж байгаа давуу талтайг тэмдэглэж байв. Техник, технологийн дэвшлийн зэрэгцээ талуудын оролцоог хангасан шийдвэр нь нэн чухал болохыг тэрбээр тэмдэглээд парламент нь Засгийн газартайгаа зохистой түвшинд хамтран ажиллаж байгаа хэмээгээд, үүнд улс төрийн манлайлыг хэн түүчээлэх нь чухал байсан талаар Египет Улсын туршлагыг хуваалцсан.
Оролцоог хангасан засаглалын загварын талаарх чиглүүлэгчийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн дарга М.Мандхай хариулт өгч, Монгол Улсын Их Хурлын болон монгол малчдын туршлагаас хуваалцав. Ган гачиг, зуд турхан буюу хүрээлэн буй орчны сорилт нь хүн төрөлхтний хувь шинэ зүйл биш бөгөөд ган, зудын дараа хөдөө аж ахуйн салбарт хүндрэл нүүрэлж, энэ нь хүнсний хангамжийн асуудал болоод, улмаар эдийн засагт инфляц хэлбэрээр нөлөөлдөг гинжин урвал хэлбэрийн хамааралтай байдгийг дурдсан. Засаглалын загвар, хандлагын хувьд тулгамдсан үед нь гэнэтийн хариу арга хэмжээ авахаас илүү угтаж бэлтгэх, урьдчилан арга хэмжээ авах нь чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Парламентын түвшинд эрх зүйн орчныг бүрдүүлэх, төсвийг батлахын зэрэгцээ баталсан хууль тогтоомж нь бодит амьдрал дээр хэрэгжиж, үр дүн гарч байгаа эсэхэд хяналт тавих, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, иргэд болон орон нутгийн оролцоог хангах үүрэгтэй талаар дурдсан.
Мөн тэрбээр малчдын оролцоонд суурилсан хамтын засаглалыг бэхжүүлэх, хот айл, анхдагч холбоо, нэгдсэн холбоог бэлчээрийн төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, хяналт, хариуцлага, мониторинг, маргаан шийдвэрлэлт, нөхөн сэргээлтийн бодит оролцогч болгох. Нэгэнт эрх зүйн орчин байгаа учраас орон нутгийн захиргаа болон малчид, тэдний төлөөллийн байгууллагын хамтын шийдэл, менежмент, оролцоог хөгжүүлэхэд чиглүүлэхийн чухлыг тэмдэглэлээ.
Парламент хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих бүрэн эрхээ ашиглан нүүдлийн мал аж ахуй, тогтвортой бэлчээрийн засаглалыг хэрхэн бэхжүүлж, газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтын шийдлийг улс орон бүр өөрийн онцлогт нийцсэн байдлаар эрэлхийлж байгаа хэдий ч бидний туршлага, сургамж харилцан адилгүй болохыг дурдсан. Тиймээс энэхүү форум нь хууль тогтоомж, бодлого, төсөв болон парламентын хяналтын сайн туршлагыг харилцан солилцож, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чухал боломж гэв.
Панел хэлэлцүүлгийн үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдэвт илтгэл танилцуулсан. Панел хэлэлцүүлгийн оролцогчид улс төрийн болон парламентын манлайлал хамтран ажилласнаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хэрхэн хурдасгах талаарх санаачилга болон тус бүрийн туршлагаа хуваалцаж буйг тэмдэглэв. Нэн тэргүүнд хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдээ төсвийн бодлоготой уялдуулах шаардлагатайг дэлгэрэнгүй тайлбарласан. Засгийн газар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлдог бол парламент талуудын оролцоог хангасан шийдвэр гаргадгаараа онцлогтой. Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээнд хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлж, урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бий болгон дэмжихийн ач холбогдлыг илтгэлдээ дурдсан. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын зэрэгцээ байгаль орчин, хүрээлэн буй орчин, уур амьсгалын асуудлыг орхигдуулахгүй байх нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэсэн юм.
Хатагтай Ясмин Фуадын илтгэл, мэндчилгээний дараа панел хэлэлцүүлэг үргэлжилж, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийллээ. Ирэх 11 дүгээр сард БНТУ НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлыг зохион байгуулах аж. Дараагийн бага хурлыг зохион байгуулагч орны төлөөллийн хувиар хатагтай Нилхан Аяан мөн үг хэлэв. Газар, хөрсний доройтлын асуудлыг тэрбээр онцлоод энэ нь өрх бүрийн амьжиргаа, хүнсний хангамжийн тогтолцоонд үзүүлэх нөлөөллийг, энэ нь улмаар ирээдүй үеийн сорилт болдог талаар дурдав. Байгаль орчны асуудал нь алсаараа нийгмийн тогтвортой байдлыг суурь болдог, хүн төрөлхтний сайн сайхан аж төрөлд нөлөөтэйг тооцож, парламент оролцоо, нөлөөллөө үнэлэх шаардлагатайг хэлж байлаа. Парламент нэн тэргүүнд хууль тогтоомжийг баталдаг, төсвийг шийдвэрлэдэг.
НҮБ-ын конвенцуудад байгаль орчныг хамгаалах үйлсийг хөгжил дэвшилтэй хэрхэн уялдуулах талаах тодорхой чиглүүлсэн байдаг гэв. Хөгжил цэцэглэлт гэдэг нь үндэсний нөөц баялгаа хамгаалангаа бүтээмжээ дээшлүүлэх, ирээдүйн иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалах, газар, ус, ойн нөөцөө хамгаалж, өвлүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх асуудал хэмээгээд “Итгэлцэл, тэнцвэр, нөхөн сэргээлтийн талаарх үзэл баримтлал нэн чухал. Байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээн, тэнцвэрийг хангах нь бидний үүрэг” хэмээв. Парламент НҮБ-ын конвенцуудад нийцсэн, үндэсний хууль тогтоомжийг батлахыг эрхэмлэхийн сацуу төсвийг оновчой, зохистой хуваарилах, тэр дундаа шинжлэх ухаан, судалгааны салбарт төсөв, хөрөнгө хуваарилах, улмаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах замаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг үндэсний болон олон улсын түвшинд үүрэг оролцоотой байснаар даян дэлхийн энэхүү үйл хэрэгт парламентууд манлайлах боломжтойг хэлсэн. Түүнчлэн цөлжилт, газрын доройтол, ган гачигт өртөж буй иргэд, эмэгтэйчүүд, залуус зэрэг нийгмийн бүлэг бүрийн дуу хоолой, хувийн хэвшлийн дуу хоолойг парламент, парламентчид сонсож, шийдвэр гаргахдаа оролцоог хангаж байхын чухлыг тэрбээр онцолсон.
БНТУ-д сайн үйлсийн сангийн шугмаар олон арга хэмжээ хэрэгжүүлдэг сайн туршлагатайг тэрбээр дурдаад “Үндэсний зөвшилцөл-үйл хэрэг” хэмээн уриатайгаар COP31-ийг зохион байгуулах гэж байгааг дурдсан. Амжилтыг үр дүнгээр хэмжих тул Улаанбаатарын Талуудын хурлаар эхлүүлсэн үйл хэргийг БНТУ-ын Анаталия хотод болох НҮБ-ын конвенцын Талуудын ээлжит бага хурлаар үргэлжлүүлэн, дүгнэх талаар хатагтай Нилхан Аяан хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа панел хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд хууль тогтоомж, төсөв, парламентын хяналт болон олон улсын хамтын ажиллагааны талаар саналаа илэрхийлсэн. Монгол Улсын Их Хурлын баталсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн талаарх хэлэлцүүлгийн чиглүүлэгч, хатагтай Сандхя Баласубрахманьямын асуултад Э.Болормаа гишүүн хариулахдаа “Хуулийн төслийг парламентын хэлэлцүүлгүүдэд бэлтгэх үйл хэрэгт Монгол Улсын Их Хурлын 20 гаруй гишүүн идэвхтэй, хариуцлагатай оролцсон. Анхдагч энэхүү хуулийг батлахад идэвхтэй оролцсон гишүүдэдээ талархал илэрхийлье. Ажлын хэсгийг би ахалж ажилласан” хэмээв. Монгол орны экосистемийн өнөөгийн нөхцөл байдал нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг батлах шалтгаан болсон талаар дурдаж, холбогох тоо баримтыг дурдсан. Хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнө олон улсын карбон зах зээлд оролцдог хувийн хэвшлүүд манай улсад байсан, хүлэмжийн хийг бууруулах олон улсын механизмд Монгол Улс оролцох боломж бий хэмээн үзсэн талаараа дурдаад Монголын парламент эрх зүйн орчныг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой байснаа дурдсан. Тэрбээр энэ чиглэлээрх үндэсний эрх зүйн орчноо бүрдүүлэхээр зэхэж буй парламентуудад амжилт хүсэв.
Дээд түвшний панел хэлэлцүүлгийн чиглүүлэгч, НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан Монгол Улсын Их Хурлын амжилтыг сайшааж байв.
Ийнхүү улс төрийн болон парламентын манлайлал хамтран ажилласнаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг хурдасгаж, COP17 бага хурлын зорилгыг бодит үр дүнд хүргэх талаарх панел хэлэлцүүлэг өрнөсний 23 улсын парламентын төлөөлөл дугуй ширээний хэлэлцүүлэг эхэллээ.
Өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүд болж, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодит арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох юм.
Мон
English