Цэс

Холбоо барих

БОХХААБХ-ны дарга М.Мандхай “Тусгайлан хамгаалах нь газрын доройтлыг бууруулах үндсэн арга: 30x30 зорилтыг хангах бодлого, үр дүнд суурилсан менежмент” сэдэвт арга хэмжээнд оролцлоо


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.26/ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болж буй “Тусгайлан хамгаалах нь газрын доройтлыг бууруулах үндсэн арга: 30x30 зорилтыг хангах бодлого, үр дүнд суурилсан менежментсэдэвт арга хэмжээнд оролцлоо.


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консерванси (TNC)  хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээг нээж, тэрбээр үг хэллээ.

Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь тусгай хамгаалалттай газар нутгийн үр нөлөөг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийг бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, орон нутгийн иргэдийн оролцоог хангах зэрэг олон улсын өмнө тулгарч буй чухал асуудлуудыг хэлэлцэж буйгаараа онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.



Мөн дэлхий нийтээрээ 30x30 зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа энэ үед Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг нэмэгдүүлэхээс гадна, хамгааллын үр нөлөө, менежментийн чанарыг сайжруулахад анхаарал хандуулж буйг тэмдэглээд энэ хүрээнд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон ажиллаж байна гэлээ.


Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хамгаалалтын үр нөлөөг сайжруулах, хамтын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлэх, нутгийн иргэд болон бусад оролцогч талуудын үүрэг, оролцоог бэхжүүлэхэд чиглэж байгааг Байнгын хорооны дарга онцолсон юм.


Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Их Хурал болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлуулах, Монгол Улсын 30x30 зорилт болон биологийн олон янз байдлын хамгааллын үндэсний зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө манлайлал үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийллээ.   


Ташрамд дурдахад тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал хүрээнд болсон Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болон "Ган гачгийн асуудлаарх" олон улсын хэвлэлийн хурал зэрэг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, санал солилцож, байр сууриа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээ