Цэс

Холбоо барих

“Нээлттэй парламент” танхимд Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллав


“Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.08.27) Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн ажиллалаа. Улсын Их Хурлын гишүүний өнөөдрийн уулзалтаар ахмад настны хөдөлмөр эрхлэлт, шинжлэх ухааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тогтолцоо, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн төрийн байгууллагын хүний нөөцийн асуудлуудыг түлхүү хөндөгдөж байв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэнтэй уулзахаар нийслэлийн дүүргүүдээс гадна Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгаас иргэд хүрэлцэн ирж, хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлаа хуваалцсан юм.

Ахмад настны асуудлын хүрээнд Хэнтий аймгийн иргэн С.Шагдарсүрэн Ахмад настны тухай хуулийн 14.6, 14.7-д заасан Ахмадын сантай холбоотой зохицуулалтыг эргэн харах шаардлагатайг хэлсэн бол иргэн Ч.Ганчимэг хөдөлмөрийн чадвартай ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бий болгох шаардлага байгаа хэмээн саналаа илэрхийлсэн.



Б.Хэрлэн гишүүн ахмад настны нийгмийн хамгааллын асуудлыг зөвхөн халамжийн хүрээнд хязгаарлахгүйгээр хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоотой нь уялдуулан авч үзэх шаардлагатай гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, дүүрэг, хороодын түвшинд хэрэгжиж буй ахмадын хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, сургалт, санхүүжилтийн талаарх мэдээллийг нэгтгэн бодлогын түвшинд судалж, анхаарал хандуулна гэлээ.

Улсын Их Хурлаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр Б.Хэрлэн гишүүн шинжлэх ухааны судалгаа, нээлтийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар санал илэрхийлж байсныг иргэн С.Мандах онцлоод, энэ шалтгаанаар “Нээлттэй парламент” танхимыг зорьж ирснээ танилцуулав. Тэрбээр эмийн ховор ургамлыг  боловсруулан, бүтээгдэхүүн гаргах чиглэлээр 20 гаруй жил ажиллаж, судалгаа хийж байгаа бөгөөд эмийн ургамлын түүхий эдийг шууд экспортлохоос илүүтэй тарималжуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн үр өгөөжтэй төдийгүй ургамлын нөөцийг хамгаалах ач холбогдолтой талаар саналаа танилцуулсан юм. Иргэн С.Мандахын хуваалцсан туршлага, санал нь шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгамдаж буй зохицуулалт, санхүүжилтийн асуудлыг илрүүлж байгааг Б.Хэрлэн гишүүн тэмдэглэв.


Түүнчлэн Сэлэнгэ аймгийн иргэн А.Оюунчимэг өрхийн аж ахуйн хүрээнд тарьсан ногоо болон бусад бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх боломжийг нэмэгдүүлэх нь бичил үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлогын нэг хэсэг байх ёстой хэмээн саналаа танилцуулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн, энэ чиглэлээр бусад гишүүнтэй хамтран оновчтой санал, санаачилга гаргахаар ажиллахаа илэрхийллээ.

Мөн иргэдийн хөндөж буй асуудлууд, танилцуулсан саналуудыг холбогдох хууль тогтоомжид тусгах, бодлогын хэрэгжилтийн түвшинд анхаарах нь парламентын хууль тогтоох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагааны чухал хэсэг байх ёстой гэж Б.Хэрлэн гишүүн тэмдэглэж байсан юм.


Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ