Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой “Нээлттэй парламент” танхимд өнөөдөр (2026.09.04) Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллаж, 47 иргэнтэй уулзан санал хүсэлтийг нь сонсов.
“Нээлттэй парламент” танхимыг зорьж ирсэн иргэд тулгамдаад буй асуудлуудаа гишүүнд танилцуулж, үүсэж буй үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх гарц шийдлийн талаар саналаа хэлж байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө хангах, хамгаалах шаардлага тулгарсан талаараа, төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас хохирсон ч шийдвэрлүүлж чадахгүй байгаа тухайгаа, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг тэгш эрхийг хангах зарчмын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар олонтаа хөндөж байв. Тухайлбал, 1980-2000 оны хооронд хөдөлмөр эрхлэх үедээ нийгмийн шилжилтийн улмаас хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл нь төрийн шийдвэрээр удаа дараа өөрчлөгдөж байснаас тэтгэвэр тогтоолгоход нь хүндрэл үүсэн, зарим тохиолдолд хөдөлмөр эрхэлсэн хугацааг нь тооцох боломжгүй болсон иргэд М.Нарантуяа-Нара гишүүнд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар танилцуулж, гарц шийдлийн талаарх саналуудаа хэлж байв. Улмаар уг асуудлыг нийтлэг агуулгаар нь шийдвэрлэх гарцыг бодлогын түвшинд анхаарч, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч өгөхийг хүсэж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өндөр настныг асарч буй иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн халамжийн тэтгэмжийн асуудлыг инфляцтай уялдуулах, ээжүүдийг тэтгэвэр тогтоолгоход төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор хүүхэд тутамд шимтгэл төлсөн хугацааг нь 1.5 жилээр өсгөж тооцдог зохицуулалтад тэтгэврийн насны бүх ээжийг хамааруулах зэргээр зарим нөхцөлийг өргөжүүлэх, хөнгөвчлөх санал уламжилсан.
Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрийн уулзалтад оролцсон бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг уг хөтөлбөрт хамруулах зорилгоор хамрагдах шаардлагыг бууруулах зэргээр холбогдох журамд зохих өөрчлөлтүүд оруулах саналууд танилцуулж байлаа. “Нээлттэй парламент” танхимыг зорьж ирсэн цөөнгүй иргэн уг асуудлыг хөндөж буйг М.Нарантуяа-Нара гишүүн онцлоод, холбогдох талуудад иргэдийн хүсэлтийг уламжилж, танилцуулан шийдвэрлүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлэв.
Орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн гэмт хэрэгт хохирч буй иргэд өнөөдрийн уулзалтад оролцоход М.Нарантуяа-Нара гишүүн, уг асуудлыг Улсын Их Хурал анхааралдаа авсан бөгөөд энэ хавар Өргөдлийн байнгын хороо “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонсох уулзалтыг зохион байгуулсан болохыг дурдаж байв. Мөн Байнгын хорооны хуралдаанаар холбогдох талуудын мэдээллийг сонссон, улмаар орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог байдлыг таслан зогсоохоор Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг П.Сайнзориг нарын Улсын Их Хурлын гишүүд өргөн мэдүүлээд байгаа талаар мэдээлэл өгч, иргэн бүрийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар судлахаа хэлж байв.
Залуусын нийгмийн эрүүл мэндийн асуудлыг цогцоор харж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хангах асуудалд онцгой анхаарал хандуулахыг, нийгмийн тодорхой бүлгийн дуу хоолойг парламентын танхимд илэрхийлж ажиллахыг уулзалтад оролцсон иргэд гишүүнээс хүсэж байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, боловсролын чанарыг сайжруулах шаардлагыг тайлбарлаж, саналуудаа танилцуулж байсан юм. Түүний парламентчийн үйл ажиллагааг дэмжиж, талархаж байдгаа иргэд илэрхийлж байсан. Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд “Бумбардай” гэр номын сан ажиллуулдаг иргэн “Нээлттэй парламент” танхимыг зорин ирсэн бөгөөд М.Нарантуяа-Нара гишүүн боломжтой үедээ номын санд нь зочлохоо илэрхийлсэн. Иргэн О.Оюунчимэг “Хүүхдийн төлөө сан”-гийн зарцуулалтыг судалж, анхаарал хандуулдгаа хэлээд “Эрүүл монгол хүн улсын баялаг учраас уг сангаас хүүхдийн эрүүл мэндэд тусламж, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай” хэмээн саналаа танилцуулсан.
Өнөөдрийн уулзалтаар тусгаар тогтнолыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүргийн талаар иргэд сануулж, улсынхаа нутаг дэвсгэрт тэгш эрхтэйгээр, ялгаварлан гадуурхалтаас ангид, чөлөөтэй амьдрах эрхээ хангах, хамгаалуулах хүсэлтээ уламжилж, холбогдох мэдээллээ, тулгамдаж буй асуудлуудаа М.Нарантуяа-Нара гишүүнд иргэд танилцуулж байв. Иргэний нийгмийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодын төлөөлөөллүүд “Нээлттэй парламент” танхимыг зорин ирж, тодорхой санал, хүсэлтээ танилцуулсан. “Ихэр мэргэн” НҮТТБ, “Монгол бахархал” нэгдлээс үндэсний ахуй, соёл өвийг хүүхдүүдэд таниулах, түгээх зорилготой “Монгол бахархал” төв буюу зуслан байгуулах төслөө танилцуулав. “Ачлалт эрдэнэ өргөө” ТББ-аас асрамж, тусламж шаардлагатай ахмад настнуудыг асрах шаардлага, тэдэнд тулгарч буй нөхцөл байдал, үйл ажиллагааныхаа талаар болон энэ чиглэлээрх нийгмийн эрэлтийн талаарх дэлгэрэнгүй танилцуулж, өөрсдийн байр, хүний нөөц, үйл ажиллагааны туршлагад тулгуурлан эмзэг бүлгийн буюу орон байргүй, асрах хүнгүй, орхигдсон ахмадуудыг халамжлах, асрах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн төслөө танилцуулсан юм. Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөл Улсын Их Хурлаар эцсийн хэлэлцүүлгийг явуулах Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх мэргэжлийн холбооны санал, олон улсын жишгийн талаар баримтыг танилцуулж, саналаа илэрхийлж байв.
“Нээлттэй парламент” танхимын уулзалтынхаа төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара “Цаг гарган, итгэл тээж зорьж ирсэн хүн бүрийн асуудлыг анхааралтай сонслоо. Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол нийгмийн бүлгийн төлөөлөл, ийнхүү энэ танхимд сонгосон гишүүнтэйгээ, хууль тогтоогчидтойгоо нүүр тулан уулзаж санал, хүсэлтээ илэрхийлж байгаадаа иргэд талархалтай байна. Миний хувьд “Нээлттэй парламент” танхимд анх удаагаа ажиллалаа, амжилттай өндөрлөж байна” гэлээ. Өнөөдөр зорьж ирж уулзсан 47 иргэний санал, хүсэлтүүд, цахимаар иргэдээс ирүүлсэн 11 санал, хүсэлтүүдэд тодорхой асуудлууд давтамжтай хөндөж байсныг тэрбээр тэмдэглээд Улсын Их Хуралд энэ хүмүүсийн дуу хоолой болж ажиллахын зэрэгцээ Засгийн газрын түвшинд буюу яамд, холбогдох төрийн байгууллагуудад хандан, хуулийн хүрээнд асуудлуудыг шийдвэрлүүлэхээр, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана хэмээсэн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Мон
English