Цэс

Холбоо барих

Байгаль, цаг уураас хэт хамааралтай туршлагыг өөрчлөхөд хамтын ажиллагааг чиглүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Канад парламентын бүлгийн дарга М.Мандхай өнөөдөр (2026.09.08) Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг нийтлэг үнэт зүйлсээр нэгдсэн Монгол, Канадын иж бүрэн түншлэл, хамтын ажиллагаа Канадын Энэтхэг, Номхон далайн стратегийн хүрээнд шинэ агуулгаар баяжиж, идэвхтэй хөгжиж байгааг парламентын бүлгийн дарга онцлов. Тэрбээр, хоёр талын бат бөх түншлэл, улс төрийн харилцааг өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэй. 2022 онд Канадын Сенатын танхимын дарга Жорж Фюригийн хийсэн албан ёсны айлчлал нь улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Цаашид бид энэхүү давтамжийг хадгалж, дээд түвшний айлчлалуудыг тогтмолжуулах нь чухал гэв. Парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гишүүд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх нь хоёр орны улс төрийн харилцааны суурийг бататгах, бусад салбарын харилцааг баяжуулахад чухал үүрэгтэйг уулзалтын эхэнд тодотгосон.


Мөн Монгол Улсын парламентаас хөдөө аж ахуйн болон хүнсний чиглэлээрх эрх зүйн шинэ зохицуулалт бий болсон тул нүүдлийн, уламжлалт байгаль, цаг уураас хэт хамааралтай арга, туршлагыг өөрчлөх боломж бүрдсэн. Эрсдэл бий болохоос урьдчилан арга хэмжээ авдаг тогтолцоонд шилжих чухал, хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэл хийх эдгээр хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх сорилт тулгараад байгаа гэв.

Элчин сайдын хувьд, Канад–Монголын МЕРИТ төсөл болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Дипломат харилцааны 53 жилийн түүхтэй манай хоёр улс нь байгаль, цаг агаарын хувьд ижил төстэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд тэргүүлэгч улс орны хувьд, хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлага, сайн чанарын таримал ургамлын үрийг нэвтрүүлэх, эрх зүйн орчин, нөхцлийн талаар уулзалтын үеэр хөндөв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Мөнхсоёл болон Улсын Их Хурлын Тамгын газар, Элчин сайдын яамны төлөөлөл байлцав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ