Цэс

Холбоо барих

ХХНББХ: Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2026.09.09) ээлжит бус чуулганы анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хорооны хуралдаан 12.14 цагт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Д.Бум-Очир, Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, П.Наранбаяр, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нарын буюу 63.3 хувийн ирцтэй эхлэв. Төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төрийн албан хаагчдын цалин хөлсийг ялгавартайгаар нэмэгдүүлж байгааг шүүмжилж, цалин хөлсний нэгдсэн бодлоготой байх шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан эмийн хангамж, нийлүүлэлтийг эрэмбэлэх, сургууль түрээслэх хөтөлбөр алсдаа улсын төсөвт дарамт учруулах төлөвтэй байна гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн дүгнэлтийг харгалзан үзэх нь зүйтэй гэлээ. Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 2027 онд нэмэгдүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгаад байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэтгэврийн шинэчлэлд хамрагдахгүй үлдэж болзошгүй хүмүүст анхаарах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, алслагдсан сум, сууринд эмийн сангийн үйлчилгээг хүргэх талаар бодитой алхам хийж ажиллахыг зөвлөлөө. Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эмийн сангүй 40 сум байгаа бөгөөд тэдгээр сумын Эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмийн хангамжийг шийдвэрлэж байгаа ажээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа 2026 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулснаар лавлагаа шатны эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хэдэн хувь нь анхан шатны эмнэлэг рүү шилжих, иргэдийг өвчин эмгэгээс хамгаалж, эрүүл мэндийг нь хамгаалсныхаа төлөө санхүүжих үр дүнд суурилсан тогтолцоонд хэрхэн шилжих, төсвийн өөрчлөлт, тодотголыг хэрхэн оновчтой зохион байгуулах, төрийн албан хаагчдын цалинг жигдлэх бус мэргэжил, ур чадвар, ажлын гүйцэтгэлд суурилж тогтоох, хүний нөөцийн хүртээмжийг хэрхэн сайжруулах, төсөв, санхүүжилтийн өөрчлөлтийн зорилтуудыг хэрхэн тодорхойлсон зэрэг олон асуудлыг хөндөж, хариулт, тайлбар авав. Өнгөрсөн онд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан хүмүүсийн 70 хувь нь лавлагаа шатны эмнэлэгт хандаж, 200 гаруй тэрбум төгрөгийн үйлчилгээ авсан дүнтэй байгааг сайд мэдээлж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчлөлийг бууруулах Үндэсний стратеги боловсруулж буйг дурдлаа. Иргэд эрүүл мэндийн анхан шатны байгууллагыг алгасаж, шууд лавлагаа шатны эмнэлэгт ханддаг байдлыг зөв чиглүүлэх санхүүгийн хөшүүргийг бий болгохоор ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар ярив.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр багш, ажилтны цалин, сурах бичгийн хангалт болон эмийн зах зээлээс чанаргүй эмийг шахах асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа мөн багш нарын орон нутгийн урамшуулал, 36 сарын нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох эсэхийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос магадлан асууж, тодорхой хариулт авсан юм. Орон нутагт тогтвортой ажилласны урамшууллыг энэ оны төсвийн тодотголд багтаан хугацаанд нь шийдвэрлэж, 36 сарын буцалтгүй тусламжийг 2027 оны төсөвт тусгаж олгоно гэсэн хариултыг Төрийн нарийн бичгийн дарга өгөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах төсөв, санхүүжилтийг нь хасаж байгаа хөрөнгө оруулалтуудыг хэрхэн сонгосон талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн төрийн захиргааны албан хаагчдын цалинг ирэх жилийн дөрөвдүгээр сараас биш, нэгдүгээр сараас нэмэх боломжтой эсэхийг асууж хариулт аваад, иргэдийн цалин, орлогыг нэмэгдүүлснээр инфляц дагаад өсдөг гэсэн буруу, ташаа ойлголтыг өөрчлөх цаг болсон гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн энэ оныг дуустал эмч, эмнэлгийн ажилтны цалингийн 15 хувийн нэмэгдэлд хэдэн төгрөг шаардагдахыг асууж, эм хангамжийн “нэг эх үүсвэрээс худалдан авах” аргыг хэрэгжүүлэхдээ өмнө гаргасан процедурын алдааг давтахгүй байхыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг цалин хөлсний нэгдсэн бодлого баталж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн А.Ариунзаяа гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ оны эхний найман сарын байдлаар төсвийн гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй байгааг шүүмжлэн, бодлогын тогтворгүй байдал улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойг анхаарууллаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай төсвийн урсгал зардал их хэмжээгээр нэмэгдэх нь хувийн хэвшлийг шахах эрсдэлтэй гэсэн ТТБЗ-ийн дүгнэлтийг сануулж, бизнесээс төрийн алба руу шилжих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, мөн нийслэлийн үнэт цаасны болон орон нутгийн төсвийн таналтаар улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж буй эсэхийг асууж, тайлбар авав. Уул уурхайн салбарын борлуулалт, зэсийн үнэ хамгийн өндөр байгаа үед төсвийн алдагдлыг хоёр дахин нэмэгдүүлж буй нь алдаатай бодлого байж болзошгүйг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү анхааруулж, өндөр мэргэжлийн боловсон хүчнийг төрийн албанд тогтвортой ажиллуулах болон дээд боловсролын салбарын бодлого хаягдаад явааг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Хосбаяр “Боловсролыг дэмжих жил”-ийн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар асууж, тус салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, мөн PISA үнэлгээний үр дүнг дээшлүүлэх талаар ахиц дэвшил гаргаж ажиллахыг зөвлөлөө. Мөн тэрбээр 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаатай холбоотойгоор төлөвлөж буй зорилт, үйл ажиллагаа, хүлээж байгаа үр дүнгийн талаар асууж, дэлгэрэнгүй хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын үр дүн хангалтгүй байгааг хэлж, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд уялдуулан жишиг болгодог амьжиргааны баталгаажих доод түвшинг хэзээ шинэчлэх, хүн амын энэ зорилтот бүлгийн иргэдэд үзүүлдэг 72 төрлийн үйлчилгээний төсөв, санхүүжилтийг хэрхэн тодотгох талаар асуув. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ч мөн энэ талаар асууж, төсвийн тодотголын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэг төгрөгөөр ч нэмэгдүүлэхгүйгээр төлөвлөснийг тодруулсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийн хэмжээг өнгөрсөн онд 20 хувиар, бусад халамжийг 8.6 хувиар нэмэгдүүлсэн талаар танилцуулж, ирэх жил 10 хувиар нэмэхээр 2027 оны төсвийн төсөлд тусгаад байгааг дурдав

Энэчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн төсвөөс 13.2 тэрбум төгрөг хасагдсаны учрыг тодруулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир зарим хувийн сургуульд төсөв хуваарилсан талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара “цалинтай ээж” тэтгэмжийн 50 000 төгрөгийг нэмэгдүүлэх боломж болон хүүхэд хамгааллын зардлыг 1.0 тэрбум орчим төгрөгөөр танасны ач холбогдлыг асууж, хариулт авсан юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, М.Ганхүлэг, Ж.Галбадрах, О.Саранчулуун нар үг хэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдтэй холбогдуулан тодорхой асуудлаар санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд хөдөлмөрийн аюулгүй байдлын зардал, эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах, төсвийн гүйцэтгэлийг сайжруулах болон боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халамжийн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцооны түвшинг дээшлүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярив.

Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэж тогтсоноор Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээ