Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв


Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2026.09.15) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 10 цаг 01 минутад 87 гишүүн хүрэлцэн ирж, ирц 69 хувь бүрдсэнээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.


Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент өндөр үүдээ нээж, 36 дахь жилийнхээ түүхийг бичилцэж байгааг дурдлаа. Тэрбээр, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болох ардчилсан парламентаа улам бэхжүүлж, төр төвтэй бус хүн төвтэй хууль баталж, ард түмний төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, эрх зүйн тогтолцоогоо илүү сайжруулах дараагийн сорилт бидний өмнө хүлээж байна. Энэ удаагийн намрын ээлжит чуулган Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, ирэх оны хөгжлийн чиглэл, иргэдийн амьжиргааг дэмжих онц хариуцлагатай цаг үед эхэлж байна. Намрын чуулганаар иргэдийн дунд хамгийн их хүлээлт, урт дараалал үүсгэсэн орон сууцны ипотекийн хөтөлбөрийг шинэчлэн, хүн бүрд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх нь туйлын чухал. Хамгийн их санаа зовоож буй нэг асуудал нь эрчим хүчний найдвартай байдал юм. Эрчим хүчний салбарын доголдлыг гал унтраах байдлаар биш, үндэс сууриар нь шийдвэрлэх цаг болжээ. Юуны өмнө түлш шатахууны хангамжаа сайжруулж, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Айл өрх бүр, сум, суурин газарт эрчим хүчний тархмал үүсгүүртэй болсон цагт хараат бус байдал арилна. Төрийн бодлого, шийдвэр ард түмний сонор, соргог, иргэдийн оролцоотойгоор ам, ажил зөрүүгүй, хариуцлагатай байх нь чухал хэмээн онцоллоо. Мөн УИХ-ын даргаар томилогдсон цагаасаа нээлттэй парламентын бодлогыг баримталж, сахилга бат, хариуцлагыг чухалчлан ажиллаж, УИХ-ын гишүүд иргэдтэй чөлөөтэй уулзах танхимыг нээсэн гэдгийг тодотгов. 


Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.










Хуваалцах:

Холбоотой мэдээ