Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.09.16) Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 53.1 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны 32 гишүүнээс Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, З.Мэндсайхан, Б.Заяабал, Р.Батболд, А.Ундраа, Л.Соронзонболд, Л.Энх-Амгалан, М.Энхцэцэг, М.Мандхай, О.Батнайрамдал, Г.Уянгахишиг, С.Эрдэнэбат, Ч.Анар, Х.Булгантуяа, Б.Жавхлан нарын 17 гишүүн хүрэлцэн ирж, хуралдаандаа оролцож байгааг тус Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцууллаа.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн гадаад орчны сөрөг нөлөөлөл, байгалийн гамшиг, эрчим хүч, хүнсний хангамжтай холбоотой онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай санхүүжилтийг шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулгадаа дурдав.
Хөтөлбөрийн хүрээнд 200.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төсвийн дэмжлэгийн зээл болон 250.0 сая ам.доллар хүртэлх эх үүсвэртэй Болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугамыг байгуулахаар хэлэлцээрийн төслийн эцэслэсэн. Энэ нь Засгийн газар уг санхүүжилтийг бүхэлд нь шууд авч ашиглах бус, эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг, бусад онцгой нөхцөл байдал үүссэн үед урьдчилан тохирсон нөхцөлийн дагуу санхүүжилт авах нөөц эх үүсвэр бүрдүүлэх явдал гэв. Манай улс өмнө нь тус банктай зудын гамшгийн үед хамтран ажиллаж ерөнхий хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Зээлийн эргэн төлөлт 15 жил бөгөөд эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Засгийн газрын гадаад өрийн дээд хязгаартай энэхүү төсөл хэрхэн уялдаж байгааг, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хөтөлбөрүүдийн үр дүн, болзошгүй гамшиг гэдэгт юуг хамааруулах, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төрийн сангийн мөнгөн үлдэгдлийн талаар, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, С.Эрдэнэбат нар зээлийн зориулалт, хүүгийн төлбөр өссөн асуудлыг тодруулж, байр суурь илэрхийллээ.
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд эдгээр зээл, зээлийн шугамыг бүрэн авч ашигласан тохиолдолд Засгийн газрын өрийн хэмжээ 2026 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 44.5 хувь байх төсөөлөлтэйг Сангийн яамны төлөөлөл танилцуулав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 46 төслийг хэрэгжүүлж байгаа. Хэрэгжилт харьцангуй үр дүнтэй явж ирсэн. Болзошгүй гамшигт манай улсын хувьд түлш шатахууны хомсдол, инфляц зэргийг нэмж оруулах шаардлагатай гэж үзсэн. Гадаад, дотоод зээлийн хувь хэмжээг бодлогоор барихыг хичээж, эргэн төлөлтийг дарамт үүсгэхгүй, дахин санхүүжүүлэх байдлаар зохицуулж байгаа хэмээв.
Хуралдаан даргалагч Б.Заяабал, дэлхий нийтийн нөхцөл байдлаас улбаалан улс орнууд ийм төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг авахыг хүсэх нь элбэг байгааг сануулаад, бага хүүтэй зээл авах, ялангуяа шаардлагатай, болзошгүй нөхцөл байдалд бэлэн байх чухлыг онцоллоо.
Ийнхүү хэлэлцээд, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул төслийн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Эдийн засгийн байнгын хороо энэ өдөр Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Олонхын саналаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Мон
English