Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.17)-ийн үдээс хойно 14.00 цагт хуралдахаар товлогдсон боловч 126 гишүүнээс 52 гишүүний буюу 41.3 хувийн ирц бүрдэж, 50 хувьд хүрээгүй учир хойшиллоо.
Чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахдаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэсэн тангаргийн үгийг сануулж, улс орны өмнө тулгамдсан бодлогын, шийдлийн олон асуудал тулгамдаж байгааг онцгойлон анхааруулсан юм. Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, өмнөө тавих, улс төржих зүйл байх ёсгүй гэдгийг тэрбээр тэмдэглэж, аль нэг бүлэглэл, аль нэг нам гэж туйлшрахгүй, улс төржихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөв.
Тэрбээр өнөөдрийн чуулганы ирцийн байдлыг нэгд нэгэнгүй танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 68 гишүүнээс 44 гишүүн бүртгүүлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Дэлгэрсайхан, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, Х.Жангабыл, Д.Батлут, Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын найман гишүүн томилолттой байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат гэсэн гишүүд чуулганы хуралдаанд ирээгүй байна.
АН-ын 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохоос Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ирсэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Х.Баттулга, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Ж.Баясгалан, Ц.Баатархүү нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн, Л.Гантөмөр нар ердийн чөлөөтэй, Г.Хосбаяр, Ц.Мөнхбат, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар томилолттой, бусад 27 гишүүн буюу О.Алтангэрэл, С.Ганбаатар, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Дав.Цогтбаатар, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Х.Болормаа, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Д.Энхтуяа нар чуулганы нэгдсэн хуралдаан тасалжээ.
"Хүн" намын найман гишүүнээс Б.Мөнхсоёл чөлөөтэй, Т.Доржханд томилолттой, бусад зургаан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн бол ИЗНН-ын дөрвөн гишүүнээс Р.Батбол, С.Замира нар ирсэн, М.Нарантуяа-Нара чөлөөтэй, Б.Батбаатар тасалсан байна. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар мөн чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдааны ирц ийнхүү хүрээгүй тул Улсын Их Хурлын даргын зөвлөл цахимаар хуралдаж, энэ хуралдааныг ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу энэ сарын 21-нд, маргаашийн нэгдсэн хуралдааныг Мягмар гарагт тус тус хуралдуулахаар хойшлуулж буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт зарлалаа. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалт, эрчим хүчний бэлэн байдлыг хангах, шатахууны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд ард иргэдийн амьдрал тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсныг үргэлжлүүлж хэлэлцэх, мөн шударга ёсны болон ард иргэдийн хүсэн хүлээсэн асуудал болох Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон Ерөнхий сайдын шийдвэртэй танилцах ёстой байсан боловч харамсалтай нь хуралдааны ирц бүрдсэнгүй гээд ирэх долоо хоногийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Мон
English