“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай”, ““Мальфлюорит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай”, “Т.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай” Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухайд нэхэмжлэлийн шаардлага нь “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101А байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.Одончимэгт шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэсэн бөгөөд шүүх хуралдаанаас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, орон сууцны зориулалттай байрны өмчлөх эрхийг Д.Одончимэгт шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Гурван марал констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэжээ. Харин “Мальфлюорит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухайд нэхэмжлэлийн шаардлага нь “Мальфлюорит” ХХК нь нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч С.Эрдэнэцэцэг, Д.Нармандах нарт холбогдуулан “2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн НА-22240000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэсэн байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн маргаан бүхий актын 3 дахь хэсгийг хүчингүй болгосон шүүхүүдийн шийдэл зөв байсан тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн Т.Батцэцэгийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухайд нэхэмжлэлийн шаардлага нь “Урьд эрхэлж байсан Монополын эсрэг газар (хуучин нэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар)-ын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэсэн байсан бөгөөд шүүх хуралдааны тогтоолоор нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангаж, Т.Батцэцэгийг Монополын эсрэг газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохгүй байгаа Монополын эсрэг газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу томилохыг даалгажээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Мон
English