Цэс

Холбоо барих

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ


Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.25) Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 11 цаг 35 минутад 70 гишүүн хүрэлцэн ирж, 55 хувийн ирц  бүрдсэнээр эхэллээ. Энэ өдөр хамгийн эхэнд ирцээ бүртгүүлсэн “эртэч” гишүүд нь УИХ-ын гишүүн Чулуунбилэгийн Лодойсамбуу, Лутаагийн Энхнасан, Цэндийн Сандаг-Очир, Баттогтохын Чойжилсүрэн, Мягмардашийн Сарнай нар гэдгийг УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт онцлов. Мөн найман асуудал хэлэлцэхээр товлосныг танилцууллаа.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр илтгэхдээ, манай улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн жилийн хүрээ, хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй, зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдал үүсэж ирсэн. Үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17.1 их наяд төгрөгт хүрээд байсан гэв. Хаврын чуулганаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль баталсантай холбогдуулан цаашид гадаад зээлийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглах, төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг оновчтой болгох шаардлага үүссэн. Энэ шаардлагад үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгалаа. Тухайлбал Төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ”,  “Нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ”, “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж тусгалаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх заалтыг оруулсан. Ингэснээр уул уурхай дагасан төсвийн зардлын огцом өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо. Түүнчлэн төсвийн өөрчлөлтөөр бодлогын арга хэмжээг шуурхай авах, цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах, өргөн мэдүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгалаа. Хуулийн төсөлд тусгасан эдгээр өөрчлөлт нь төсвийн эрсдлийг бууруулан, дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ хэмээв. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг илтгэхдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэсэн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, байр суурь илэрхийллээ. Ийн хэлэлцсэний эцэст санал хураалт явуулахад  50 гишүүн дэмжиж, 56.8 хувийн саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 


Хууль санаачлагч Г.Тэмүүлэн төслийг танилцуулахдаа, Монгол Улсын эдийн засаг  өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдлаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох, улмаар төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэхүү хуулийн төслийг дэмжсэнээр уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно хэмээв.


Төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг танилцуулж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнийг илтгэсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Л.Соронзонболд, А.Ариунзаяа нар тодруулж, үг хэллээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нийт гишүүдийн 60.9 хувь нь  дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


Нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Уг асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссаныг хуралдаан даргалагч мэдэгдэв. Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцуулахдаа, ирэх оны төсвийн бодлого, шийдвэр айл өрх бүрд үр дүнгээ өгсөн байхад голчлон анхаарч буйгаа илэрхийлсэн. Тэрбээр юун түрүүнд иргэдийнхээ бодит орлогыг цалин, тэтгэвэр нэмэхээс гадна татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн бодлогоор дэмжиж, зардлыг бууруулах замаар хамгаална гэв. Түүнчлэн хүн бүр цалингийнхаа 792 мянган төгрөгт татвар төлөхгүй. Боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Сургуулийн ачааллыг бууруулах, сургалтын орчны ялгааг багасгаж, хүүхдийн хоол, тэжээлийн чанарыг сайжруулна. Эрүүл мэндийн салбарт 414.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг зохион байгуулна. Эмчилгээ, оношилгооны хүртээмжийг нэмнэ. Жижиг, дунд, бичил бизнесийн нэг хувийн татвар төлөх босгыг өсгөж, 180 мянга орчим компанийн ачаа 246 тэрбум төгрөгөөр хөнгөрнө. Жижиг, дунд бизнес, дундаж давхаргаа 1.1 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжинэ. Орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмнэ. Ипотекийн зээл, урьдчилгаа төлбөрийн босго намсгах, хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр 16 мянга өрхийг орон сууцанд хамруулах зэргийг онцоллоо.


Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэхдээ эдгээр нь төсвийн төлөвлөлт, хууль эрх зүйн орчинд хүчтэй нөлөөлөл үзүүлэхээр байгааг анхааруулж, өмнө нь өгсөн дүгнэлтүүд давтагдаж буйг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан сануулав. (дүгнэлтийг эндээс) Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дүгнэхдээ, төсвийн бодлогын өөрчлөлт нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөx үндэслэл болсон гэж үзжээ. Эдийн засаг дахь төрийн оролцоог 37.8 хувь байхаар төлөвлөсөн нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж, өндөр орлоготой орнуудын түвшинд хүрсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшнээс хол зөрж байна. Дунд хугацааны инфляцын эрсдэл өндөр байна. Төсвийн үзүүлэлтүүдийн таамаглал нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн суурь таамаглал болон Олон улсын валютын сангийн таамаглалаас зөрж эхэлсэн. Төсвийн дүрмийн тогтвортой байдал алдагдах хандлага үргэлжлэхээр байна гэснийг танилцууллаа. 



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Р.Эрдэнэбүрэн, А.Ариунзаяа, С.Одонтуяа нар асууж, байр сууриа илэрхийлэхдээ төсвийн сахилга, хариуцлагын асуудлыг хөндөж байлаа. Гишүүдийн асуултад Засгийн газрын төлөөллүүд хариулж, хэлэлцсэний эцэст төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. Баасан гарагийн хуралдаан Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжилж, завсарлагагүй хуралдаж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээ