Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.25) үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг өнөөдрийн асуулгыг “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас гаргасан уу” сэдвийн хүрээнд төлөвлөжээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригч намын явуулж буй бодлого, засаглалын үр дүнд төрийн хямралт байдал хаалга тогшиж буйг сануулж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрэхгүй байгааг онцоллоо. Тэрбээр сүүлийн 10 жилд ядуу хүн амын тоо буураагүйгээр барахгүй, эдийн засаг 7.7 хувиар өсөж байхад иргэдийн амьжиргаа доройтож, ядуурал нэмэгдэж байгааг анхааруулан, эдгээр асуудлаар Засгийн газрын тэргүүн ямар дүгнэлт хийж буйг асуусан юм.
Энэ хүрээнд тэрбээр төсөв, цалин, тэтгэврийн бодлогын зөрчил, төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж буй төсвийн тэлэлт, өргөн хэрэглээний барааны үнэ, зээлийн хүүгийн өсөлт зэрэг бодлогын нөлөөлөл, үр дүнтэй холбоотой асуудлыг хөндлөө. Улсын төсвийг хууль болон төсвийн хүрээнд нийцүүлэн, хэт тэлэхгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн бүтцийг цомхон болгох арга хэмжээ авч, зээлийн хүүг 9.0, инфляцыг 5.0 хувиас хэтрэхгүй түвшинд хүргэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү мөн үнэ, зээлийн хүүгийн өсөлт, ядуурлын асуудлыг хөндөж, эрх баригч нам, бүлэг дотоодын хагарал, зөрчлөө зогсоон, төрийн ажлыг гацаалгүй явуулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатайг анхаарууллаа.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан иргэдийн орлогыг инфляц, үнийн өсөлтөөс хамгаална гэж ярьдаг атлаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орхигдуулж байгаад харамсаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд олгож буй халамж, тэтгэмжийн хэмжээ амьжиргааны баталгаажих доод түвшинд ч хүрэхгүй байгааг хэлж, энэ асуудалд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа монгол хүний үнэлэмжийн асуудлыг хөндөж, Монголдоо ажиллаж, амьдрах боломжгүй болоод гадаад орныг зорьж буй иргэд, үйл ажиллагаагаа зогсоон үүдээ барьж байгаа аж ахуйн нэгжүүд, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж буй хүмүүс, төрөлт жилээс жилд буурч буй зэрэг олон жишээ дурдлаа. Тэрбээр ядуурлыг бууруулах бодлогодоо өөрчлөлт оруулах цаг болсныг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Монгол Улсын өр 40.2 тэрбум ам.доллар буюу 144.0 их наяд төгрөгт хүрснийг дурдаж, ахмад настан, хүүхдийн нэр барин төсөв, эдийн засгийг тэлж байгааг шүүмжиллээ. Тэрбээр гэнэтийн ашгийн 68.0 хувийн татвар нь монголчуудын байгалийн баялагтаа оруулсан хувь нэмэр, хүртэх ёстой өгөөжийг илтгэж буйг хэлэв. Өнөөдөр өсөн нэмэгдэж буй АМНАТ-ийн суурь болсон энэхүү татварын бодлогыг үзэл суртлын шинжтэй хар пиарын хэрэгсэл болгохгүй байх, Үндэсний баялгийн санд төвлөрөх ёстой ногдол ашгийг тус санд нь үлдээх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн сүүлийн хоёр жилд манай улс БНХАУ-аас 600 тэрбум төгрөгөөр шахмал нүүрс худалдан авч түлсэн талаар ярив. Гэр хороололд амьдарч буй 220 мянган айлыг 1–3 сая төгрөгөөр дулаалж, цахилгаан халаагуур тавихад шаардагдах эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх боломж байсан гэдгийг дурдаж, энэ чиглэлээр цаашид ямар бодлого баримталж, хэрхэн ажиллахыг Засгийн газрын тэргүүнээс асуусан юм.
Тэрбээр 10 аймгийн цахилгаан станцад 150 сая ам.доллар зарцуулсан ч нэг нь ч ашиглалтад ороогүй байхад Оюутолгойн ногдол ашгаар энэ “бүтэлгүй” төсөлд дахин хөрөнгө оруулах гэж байгааг гайхаж буйгаа илэрхийлж, авлигачдад хариуцлага тооцож ажиллахыг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд парламент бодлогын шийдэл гаргах ёстой байтал улс төржилт хэрээс хэтэрч байгааг дурдан, өш хонзонгийн сэдэлтэй улс төржилт, төрийн өмчит компаниудын тансаглал, хулгайг зогсоож, хариуцлага тооцох хэрэгтэйг хэллээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа боловсролын салбарын хувьсах зардлын тогтолцоо нь эрх мэдэл, албан тушаалтай хүмүүст илүү боломж олгож байгааг хэлж, энэ талаар гаргасан Улсын Их Хурлын тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллахыг санууллаа.
Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга, гишүүдийн асуулт, саналд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тодорхой, дэлгэрэнгүй хариулт өгөв. Тэрбээр улс орны эдийн засагт гарч буй хөгжил, дэвшлийг тоон үзүүлэлтээр илэрхийлж, ядуурлын түвшин 2010 онд 38.8 хувьтай байсан бол одоо 27.1 хувь болж буурсныг танилцууллаа.
Ашигт малтмалын экспорт нэмэгдэж байгаа энэ үед өрхийн бодит орлогыг хамгаалахгүйгээр эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг айл өрхүүдэд хүртээх боломжгүй гэдгийг тэрбээр хэлэв. Иймд татварыг бууруулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг иргэдэд хүртээнэ гэлээ.
Өрхийн орлого 5.0 орчим хувиар буураад байгааг Ерөнхий сайд онцолж, үнийн өсөлтөөс бага орлоготой иргэдээ хамгаалахын тулд мах, ногоо, түлш, шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцын эсрэг бодлого хэрэгжүүлэхээс аргагүй болж буйг тэмдэглэв.
Инфляцыг хөөрөгдөж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй бол ядуурлын түвшин улам өснө гэдгийг тэрбээр хэллээ. Засгийн газар төсөвт тусгагдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоог 30.0 хувиар цөөрүүлж, уул уурхайн компани болсон “Эрдэнэс Монгол”-ыг “Чингис хаан” баялгийн сан болгохын зэрэгцээ эдийн засгийг уул уурхай, хөрөнгийн зах зээл гэсэн хоёр тулгууртай болгох саналаа төсвийн хуулийн төсөлд тусган оруулж ирж байгааг дурдав.
Энэ үеэр тэрбээр боловсролын салбарыг улс төржүүлж байгаад харамсаж буйгаа илэрхийлж, халамжийн төрөөс хөгжлийн засаглалд шилжихийн тулд МАН, АН хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 40 тусгай зөвшөөрөл, нийслэлд 120 зөвшөөрлийг цуцалж, гадаадын банк орж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлэн, 16 мянган айлыг 6.0 хувийн хүүтэй ипотекийн зээлээр орон сууцжуулах төсвийн төслийг өргөн бариад байгааг Ерөнхий сайд Н.Учрал тайлбарлав.
Мөн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийг дэмжих, залуу гэр бүлийн орон сууцны хангамжийг сайжруулах, хүн амын орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ачааллыг бууруулах, багадаа 15 мянган ажлын байр шинээр бий болгох, дундаж давхаргыг дэмжих 10.0 хувийн хүүтэй таван төрлийн зээл гаргах, боловсролын чанарыг сайжруулах зэрэг бодлогыг төсвийн төсөлд тусгасныг хэллээ. Төсвөөс гадуур зарцуулагддаг байсан төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт төвлөрүүлж, улам даамжирсаар ирсэн алдаа, дутагдлыг засахыг зорьсон хэмээн тэрбээр тодотгов.
Үүний дараа Улсын Их Хурал дахь олонхын бүлгийн гишүүн Д.Энхтүвшин, М.Ганхүлэг, Улсын Их Хурал дахь цөөнхийн гишүүн Б.Батбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, тэр дундаа эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн эзлэх хувийг жилээс жилд нэмэгдүүлэх зорилтын биелэлтийн талаар асуув. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, залуучуудыг дэмжих бодлого, тухайлбал залуучуудын боловсрол, орон сууц, ажлын байр, алслагдсан нутагт ажиллаж, амьдарч буй залуусыг дэмжих асуудлыг хөндлөө. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах, авлигын төсөөллийн индексийн үнэлгээг хэрхэн ахиулах талаар асуулт тавив.
Салбар бүрд хувийн хэвшил төрийн ачаанаас үүрэлцэж, хамтран ажиллахыг зорих боловч улс төржилт хэтэрснээс шалтгаалан бизнес эрхлэгчид дайжиж байгааг Ерөнхий сайд тайлбарлалаа. Эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх асуудлыг төсөв, төлөвлөгөөний хамт Төсвийн тухай хуульд тусгасан бөгөөд үүний үр дүнд ахиц гарна гэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Мон
English