Цэс

Холбоо барих

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.09.30-10.04)


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубераг Их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч мэндчиллээ. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера  хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж гарын үсэг зурав. 2019.09.30. http://www.parliament.mn/n/jxjo


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера нар Төрийн ордны “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцээ хийлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар урилга хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад нь ноён Ярослав Кубера-д чин сэтгэлийн талархал илэрхийлээд “Энэхүү айлчлал хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг онцлон тэмдэглэв.


Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Ярослав Кубера Монгол оронд ирж, нисэх онгоцны буудалд буусан мөчөөс эхлэн анд нөхдийн элэгсэг дотно, найрсаг хандлагыг бид мэдэрч байна гээд “Наашаа ирэхээсээ хэд хоногийн өмнө би Чехэд байгаа Азийн орнуудын Элчин сайд нартай уулзсан. Тэд манай улсыг БНХАУ-тай харилцах харилцаандаа түлхүү ач холбогдол өгч, бусад орнуудад анхаарал сул тавьж байна гэсэн. Энэ байдлыг засах шаардлагатай. Тиймээс Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал уламжлалт харилцаагаа илүү өндөр, шинэ түвшинд хүргэх зорилттой байна”  гэлээ. Мөн тэрбээр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал нөлөөтэй гэдгийг онцлоод, айлчлалын бүрэлдэхүүнд Чехийн биенесийн салбарын өргөн төлөөлөл багтаж байгаа. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өрөгжүүлэхэд тэдний гүйцэтгэх үүрэг чухал гэж үзэж буйгаа дурдав.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ дахь Монгол, Чехийн парламентын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг тэмдэглээд, энэ цаг үед Монгол Улсын парламентаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү үйл явц зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлсэн, парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлсэн, иргэний оролцоо буюу шууд ардчиллыг хангасан улс төрийн томоохон үйл явдал болж байна гэдгийг онцлов. Түүнчлэн хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байна. Үүний тулд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газрын удирдлагын харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, ажилтнуудыг сургах, дадлагажуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Хоёр парламентын тэргүүн нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдлын талаар санал солилцов. Мөн Чехийн Сенатын гишүүд хоёр орны хамтын ажиллагааны зарим асуудлыг хөндөж, асуулт асууж, хариулт авсан юм. 2019.09.30. http://www.parliament.mn/n/k8jo


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера нар хоёр орны парламтентын тэргүүн нарын уулзалт хэлэлцээний талаар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг хүлээн авч, ноён Ярослав Кубера гэргийн хамтаар энэ өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буйг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэв. Айлчлалын хүрээнд парламентын дарга нар хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Түүнчлэн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэж, ярилцсан болохыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дурдав. Энэхүү хэлэлцээ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа тэрбээр тэмдэглэлээ. 

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера “1990-ээд оноос хойш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа саарсан бөгөөд Чехийн талаас энэ чиглэлээрх санаачилга, анхаарлаа сулруулсан байх талтай. Манай хоёр улсын харилцаанд ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй гэдэг нь тун таатай мэдээлэл юм. Мөн Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хоорондын олон талт хамтын ажиллагаа бичиг баримтын хүрээнээс хальж, бодит ажил хэрэг болсныг харахад туйлын таатай байна” гэлээ. Энэ өдрүүдэд Монгол Улстай эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргахаар Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар ажиллаж байгаа. Хоёр орон уул уурхайн салбарын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд цаашид Монгол Улс ашигт малтмал, байгалийн баялгаа экспортлох бус, боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох нь чухал, Бүгд Найрамдах Чех Улс энэ чиглэлээр хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгийг Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. 2019.09.30. http://www.parliament.mn/n/j9jo


Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган хаалтаа хийж, ээлжит бус чуулганыг хааж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ “Хэлэлцсэн асуудал, хуралдааны тоо, санал хураалт, үргэлжилсэн хугацаа гээд олон үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болохуйц чуулган боллоо. Энэ удаагийн ээлжит бус чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэж, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан байна” гэдгийг онцлов.

Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг хийлээ. 

Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн 28 намын төлөөлөл, иргэд, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан. Улсын Их Хурлын даргын хувиар улс төрийн 17 намын дарга, удирдлагуудтай биечлэн уулзаж, санал солилцсон. Тэдний дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Иргэд, намуудын саналыг орхигдуулалгүй судлан үзэж, чухал шаардлагатайг нь төсөлд тусгасан.

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай, төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг бид нэр төртэй давж гарсан гэж хэлж болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд хурууны хээ таних цахим системийг хэрэглэж хэвшсэнээр хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага дээшиллээ. Дүгнэж хэлбэл, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гарч, хууль тогтоох үйл явцад иргэд, олон нийтийн байгууллагын оролцоо нэмэгдсэн байна. Тиймээс ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж байна хэмээн Улсын Их Хурлын дарга дурдав. 


Түүнчлэн ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон ял завшсан, завших гэж буй талаарх олон нийтийг бухимдуулсан мэдээлэл, асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласныг онцлоод Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Ард нийтээрээ шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ цаг үед тэдний хүсэл зоригийг үл тоох, хайхрамжгүй хандах эрх хэнд ч байх ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж, тэмцэх нь хууль шүүхийн байгууллага төдийгүй нийт төрийн байгууллага, албан тушаалтны журамт үүрэг мөн. Түүний дотор хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал, иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон эрхэм гишүүд Та бидний хүлээх үүрэг, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай гэдгийг онцоллоо. 

Эцэст нь тэрбээр Монгол орноо, нийгэмд бугшсан буруу зөрүү асуудал бүхнээ цэгцлэх цаг нэгэнт болсон. Үүнд хэн ч эргэлзэхгүй байгаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Монгол оронд хууль эрх зүйн хувьсгалыг шинээр эхлүүлж, хөгжил дэвшлийн замд Монгол Улс эргэлт буцалтгүй чиглэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 2019.09.30.   http://www.parliament.mn/n/k5jo


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын нийт ахмадууддаа Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж энх тунх, аз жаргалтай, сэтгэл түвшин байж, насны буянаа эдлэн жаргахын ерөөл өргөв.

Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ, ахмадууд Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлт, хойч ирээдүйн сайн сайхны төлөөх эрхэм үйлсэд халуун залуу насаа зориулсан бахархалт хөдөлмөр, туршлага сургамжийг хойч үеийнхэнд өвлүүлж, хүндлэн дээдлэх, халамжлан түших нь төрийн хэрэг, Монголын ёс билээ гээд өтгөс буурлуудаа асран тэтгэх, үйл хэргийг нь үргэлжлүүлэн мөнхлөх нь энэ цаг үеийнхэн бидний хувьд ирээдүйн өмнө хүлээх эрхэм үүрэг мөн гэж бид үздэг хэмээжээ.

Түүнчлэн ахмадуудынхаа урт удаан наслах, эрүүл саруул, амар тайван, дутуу гуцуугүй аж төрөх, өөртөө таарсан хөдөлмөр эрхлэх, насаар ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх боломжийг бүрдүүлэх, нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах чиглэлд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал онцгой анхаарсаар ирсэн, цаашид ч ямагт анхаарлынхаа төвд байлгах болно гэжээ. 2019.10.01. http://www.parliament.mn/n/mujo


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийж, ээлжит чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан 7 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө 2 ээлжит чуулган үлдэж байна. Тиймээс өнгөрсөн 3 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухлыг хойшлуулалгүй хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байна. Тэр хэрээр Улсын Их Хурлын намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллахаар байна. 

Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна. Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.


Тэрбээр цааш хэлэхдээ, Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэн баталсан. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ.

Мөн энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална. Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатай. 

Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч дунд хугацаанд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэх, голлох түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл бий. Иймд төсвийн сахилга батыг чанд баримтлах, өрийн дарамтыг багасгах, улмаар гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй юм хэмээн үзэж буйгаа дурдав.

Түүнчлэн намрын чуулганаар Сонгуулийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд эдгээр хууль онцгой чухал ач холбогдолтой юм. Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халах шаардлагатайг онцоллоо.


Мөн энэ удаагийн чуулганаар нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэхтэй холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэрлэж болно.  Төвлөрлийг багасгах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн болон удирдлагын эрх хэмжээг зохистой түвшинд олгох зэрэг эдгээр хуулиудын агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл билээ.  Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах илэрхийлэл нь эдгээр хуулиудад тусгалаа олно гэдгийг бодолцож, хянуур хариуцлагатай хандах ёстойг онцлов. 

Түүнчлэн энэ намрын чуулган авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, хууль зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах болно. Энэ зорилгоор Авлигын тухай болон Эрүүгийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулна гэдгийг дурдлаа. 2019.10.01.  http://www.parliament.mn/n/m5jo


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улс, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2012 оны хэлэлцээг үндэслэн “Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийг техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос хэрэгжүүлж байгаа. Төслийг өндөр түвшинд хамтран хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр Германы тал 2019 он хүртэлх үйл ажиллагаанд 4.0 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий техникийн туслалцааг олгох, Монголын талаас хийгдэх төсвийн хөрөнгө оруулалт цаг хугацаанд төлөвлөгөөний дагуу хийгдэх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Монголын талын хүсэлтээр 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох боломжтой тухай мэдэгдсэн байна. Түүнчлэн Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхон дахь оюутны 2-р байрыг Монголын тал хариуцахаар болж 2019 оны Төсвийн тухай хуульд энэ зориулалтаар 2,5 тэрбум төгрөг тусгажээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн БНПУ-ын Засгийн газраас 50 сая еврогийн экспортын зээлийг эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “нөхцөлт тусламж” буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн. Уг нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 онд байгуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, Гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл, Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл, Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. 2019.10.01. http://www.parliament.mn/n/c8jo


Улсын Их Хурлын  гишүүн Ц.Гарамжав Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа. 1990 оны БНМАУ-ын Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд олон байдаг бөгөөд энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 21,1 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа аж. Тэдний 14,5 мянга нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3,8 мянга нь 27 жил ажиллаад нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд юм. Эдгээр хүмүүс 2019 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм.

Мөн уг хуулийн төсөлд эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудлыг хөндөгджээ. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэрт гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэврээс  /374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байгаа аж.

Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцлов. 2019.10.01.  http://www.parliament.mn/n/cdjo


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаарх танилцуулгадаа, улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд улсын төсвийн 31 ерөнхийлөн захирагчийн 828 төсөвт байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн 4439 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдлаа. Түүнчлэн төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэсэн гэдгийг дурдаад төсвийн гүйцэтгэлийн талаарх тоон үзүүлэлтийг гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулав.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагч, 4782 төсвийн байгууллага, төрийн сан, Засгийн газрын 23 тусгай сан, 539 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 156  төсөл, хөтөлбөр, 884 хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан болон бусад зардлын тайлан, нийт 6439 санхүүгийн тайланг хамруулсан. Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 27.9 тэрбум төгрөгөөр ашигтай гарснаараа өмнөх жилүүдээс онцлогтой гэдгийг тодотголоо.


Төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ удаагийн Улсын Их Хурал Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргаж, төсвийн сахилга батыг бий болгож, эдийн засгаа тогтворжуулсан гавьяатай гэж боддог. УИХ-аас төсвийн тодотгол хийхгүй гэсэн байр суурийг хоёр жил барьсны хүчинд эдийн засгаа босгож чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьд хүрээд байсан өрөө бид буулгасан. Валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсныг 3.8 тэрбум ам.долларт хүргэж өсгөсөн гэлээ. Мөн валютын нөөцөө өсгөж, дотоодын өрийн хэмжээг бууруулснаар  үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байх нөхцөлүүдийг бүрдүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгахын тулд дунд, урт хугацааны бодлого шаардагдана гэхийн зэрэгцээ Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа дурдав.  

Ингээд  Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв. 2019.10.01.  http://www.parliament.mn/n/cmjo


Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод 2019 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийж, Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 


Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн, аудит хийлгэн УИХ-аар хэлэлцүүлж байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9.3 их наяд, төсвийн зарлага 9.3 их наяд хүрч тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш анх удаа тохиож буй тэнцэл гэлээ. Энэ нь ДНБ-ий 0.09 хувьтай тэнцэж байгаа аж. Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон үнийн өсөлт, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа, санхүүгийн чадвар сайжирсан, НӨАТ-ын бүртгэлийн системийн хамрагдалт өссөн, татварын өр барагдуулалтын түвшин нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд нэгдсэн төсвийн орлого 10.2 их наяд төгрөгт хүрчээ. Түүнчлэн төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлсэн, төсөв тодотгохгүйгээр мөрдүүлсэн, Засгийн газрын дотоод болон гадаад үнэт цаас гаргахгүйгээр төсвийн санхүүжилтийг олгож, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулсан жил байсныг Сангийн сайд хариултдаа дурдаж байв. 

Дараа нь эдгээр Байнгын хороодын харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат  танилцуулсан юм.

Сангийн сайдын танилцуулга, Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов. 2019.10.02. http://www.parliament.mn/n/cujo


Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар Улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээн хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эдгээр гишүүд боловсруулжээ.

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 2019.10.02.  http://www.parliament.mn/n/c5jo


Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа юм. Гэвч бизнес эрхлэх сонирхолтой тэдгээр иргэдэд зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг. Тиймээс бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээл бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх ажил 2016 оноос эхэлсэн.

Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангаж, зорилтот бүлэгт хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зээлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бий болгох бүтээгдэхүүн гаргахын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх бөгөөд энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Иймээс Итгэлийн зээлийн дээд хязгаар нь 20 сая төгрөг байх тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж. 2019.10.02. http://www.parliament.mn/n/c9jo


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар Засгийн газраас 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс зэрэг байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч болон холбогдох албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсэг оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжив. 

Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараахь хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг тэрбээр дурдав. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулжээ. Уг хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулсан байна. 

Дараа нь Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 09-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив.  Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөв. Нэр дэвшигчийн талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулсан юм. Тэрбээр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг танилцуулав. 2019.10.03. http://www.parliament.mn/n/p8jo


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар Үндсэн хууль бол нийгмийн ойлголцол, зөвшилцлийн гэрээний баримт бичиг тул АН, МАН улстөржилгүй, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад, сонгодог парламентын жишигрүү явах хэд хэдэн заалт дээр зөвшилцөж, Үндсэн хуулийн цэцэд очилгүйгээр хуулийн маргаан, зөрчилгүй байгаасай гэсэн үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан байх. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй  гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд "Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжив. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь  хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттайг Байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж танилцуулсан юм.  

Тус байнгын хорооны  ээ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. 2019.19.03. http://www.parliament.mn/n/pxjo


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг Ерөнхийлөгч дэмжиж байгаа эсэх, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлах боломжтой буй эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодруулсан. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гишүүдийн асуултад хариулахдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулгыг 30 тэрбум төгрөгөөр явуулахын эсрэг байгаа. Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдсэн ч ирц бүрдэхгүй бол яах вэ. Ингэвэл энэ их хөрөнгө салхинд хийсэх болно гэлээ. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгээр хэлэлцэн батлаад явах боломж бий гээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд Ерөнхийлөгчийн зүгээс эсэргүүцэн хэлэх зүйл байхгүй гэдгийг тодотгосон юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд нар санал хэлж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Дараа нь “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2019.10.03. http://www.parliament.mn/n/pzjo


Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 66.7 хувийн ирцтэй эхэлж, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүнг танилцуулсан.  Түүнчлэн Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод 2019 оны аравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ томъёолон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд ирүүлснийг нэгтгэн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй, харин дэд хорооны дарга З.Нарантуяа ажлын хэсгийн гишүүдээс тодорхой асуултууд асууж, хариулт авсан юм. Ингээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжие гэсэн томъёоллоор санал хураалгахад дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжив. 2019.10.03. http://www.parliament.mn/n/pujo


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд Д.Ганзоригийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөх асуудлыг  хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заасны дагуу бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх саналаа Улсын Их Хуралд ирүүлжээ. 


Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн. Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт газрын даргаар ажиллаж байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч бригадын генерал Д.Ганзоригийн төрийн тусгай албан ажилласан туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд томилох санал гаргасан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн саналыг дэмжив.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулав.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 9.345,1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 26.2 хувь буюу 1.940,4 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 88.0 хувийг татварын, 12.0 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлого 1,817.3 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 98.6 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн орлого 178.9 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 35.1 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээл 9,317.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 717.8 тэрбум төгрөгөөр дутуу буюу 92.8 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар нь авч үзвэл урсгал зардал 337.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 378.1 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 2.1 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулсан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.630.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашиггай гарчээ. 2018 онд Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 353.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, орон нутгийн төсвийн тэнцэл 6.6 тэрбум төгрөгийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тэнцэл 99.3 тэрбум төгрөгийн, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тэнцэл 275.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.

Ингээд гишүүд асуулт асууж, тодорхой саналууд хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 38 буюу 67.9 хувь нь дэмжснээр дээрх тогтоолын төсөл батлагдав. 2019.10.04. http://www.parliament.mn/n/qdjo


Улсын Их  Хурлын дарга Г.Занданшатар Монгол түмний ирээдүй хойч үед эрдэм боловсрол олгож, хүн болгон хүмүүжүүлэх нэр төртэй, нандин сайхан албыг хашигч үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллагын ажилтан ажиллагсдад Монголын болон олон улсын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын Их  Хурлын дарга мэндчилгээндээ, хүн бүхний адил ачит багш нараараа эрдмийн аянд замчлуулж, нэгэн үе эрдэмт мэргэн багш нарынхаа дунд ажиллаж амьдарч, хүүхэд залууст эрдмийн шим хүртээх гэгээн үйлсэд хамтран зүтгэж явсны хувьд багш нарын зүрх сэтгэл, хүсэл тэмүүлэл, ажлын орчин нөхцөлийг би сайн мэднэ. Тэр хэрээр Та бүхнийгээ ямагт хүндэтгэн дээдэлж явдаг билээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүний хувьд боловсролын салбарын эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх, багш нарын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр зүтгэн чармайхыг өөрийн журамт үүргээ гэж үздэг.

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааны нэгэн үндсэн  чиглэл ч энэ бөгөөд цаашид ямагт анхаарлынхаа төвд байлгасаар байх болно. Монгол Улсын Их Хурал ойрын үед Шинжлэх ухаан, технологийн тухай болон Боловсролын салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Эдгээр өөрчлөлт боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг орчин үеийн шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгоход чухал хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ. 2019.10.04. http://www.parliament.mn/n/q8jo


Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын зэрэг гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн нь малчдад төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг бууруулснаас гэмт хэрэгтэн ял завшиж, улмаар малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төсөлд Эрүүгийн хуулиар болон Зөрчлийн тухай хуулиар мал хулгайлсан гэмт үйлдэлд ногдуулах хариуцлагын хэмжээг зааглаж өгчээ. Ингэхдээ бусдын малыг хулгайлсан этгээдэд захиргааны хариуцлага оногдуулахын оронд эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна. Мөн хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдын малыг хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ял оногдуулдаг байдлыг өөрчилж, малын хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөлийг илүү тодорхой болгож, ялыг ялгамжтай оногдуулах эрх зүйн үндэслэлийг тогтоосон байна. Түүнчлэн “олон тооны мал” гэж хавтгайруулж заасныг хасахаар тусгажээ.

Үүний зэрэгцээ Зөрчлийн тухай хуульд “Бусдын малыг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 240-250 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 7-30 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн 8.6 дүгээр зүйлийг нэмэхээр төсөлд тусгасан байна. 2019.10.04. http://www.parliament.mn/n/qmjo


Улсын Их  Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг 10 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх  буюу 66.7 хувь нь Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд танилцуулав. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авахыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн тул Ерөнхийлөгчийн хоригийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Дараа нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.


Үргэлжлүүлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ тодотгосон. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг онцлов. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан байна. Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулахаар тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн зарим тохиолдолд мөрдөгч даалгавар бичих эрхтэй байхаар зааж, мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгасан байна. Харин Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Усан замын тээврийн тухай хууль зөрчих, Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийг нэмсэн байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах талаар тусган холбогдох зөрчлийг хуульд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2019.10.04. http://www.parliament.mn/n/qujo

 

Улсын  Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл