НББХ: Хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор бүх эмийн сангаас хөнгөлөлттэй эмийг худалдаж авах тогтолцоо бүрдэнэ

  2020-08-25 17:21  159

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.25) хуралдаан гишүүдийн 58.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан.

    Гишүүдийн асуултын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариулахдаа, үндсэн чиглэлийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах бодлого, олон зорилт, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгааг хэллээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор барихаар төлөвлөөд байгаа, газрын асуудлыг нь шийдсэн, зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна гэв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа талаар, энэ хүрээнд боловсруулаад буй хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасан эсэхийг тодруулсан Б.Жаргалмаа гишүүний асуултад С.Мөнхсайхан сайд хариулт өгсөн. Зүрх, судасны өвчлөл нь манай хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол удаад нь хорт хавдар, гуравдугаарт гадны шалтгаант нас баралт бичигддэг байна. Гадны шалтгаант нас баралтыг нарийвчлан судлахад нэн тэргүүнд осол гэмтэл, хоёрдугаарт амиа хорлолт байдаг. Энэ мэт судалгаа, мэдээллээс дүгнэхэд нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий гэдгийг Эрүүл мэндийн сайд тайлбарлалаа. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд тусдаа бүтэц байгуулахын оронд аймаг, дүүргийн түвшинд Эрүүл мэндийг дэмжих төв дээр сэтгэлзүйч эмч нар ажилладаг, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломж бий гэлээ. Түүнчлэн амиа хорлолт дундаа өсвөр насны хүүхдүүдийн асуудал анхаарал татахуйц нөхцөлтэй байгааг онцолж байв. Тиймээс ерөнхий боловсролын сургуульд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулиуд дээр чадварлаг сэтгэлзүйч эмч, нийгмийн ажилтнуудыг бэлтгэж ажиллуулах нь нэн чухал гэлээ. Салбарын яамны зүгээс цаашид энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ.


    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэл өгсөн юм. Салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах бодлого баримталж ажиллаж байгаа. Түүнчлэн ЖАЙКА-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулан, хоёр жил хэрэгжүүлсэн. Тус байгууллагатай хамтран байгуулсан 4 сургууль ашиглалтад орсноор  тусгай хэрэгцээт боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдэл болж байгаа бөгөөд 10 дугаар сараас ашиглалтад орох юм байна. Боловсролын салбарын багц хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд төслүүдэд энэ талаар тодорхой зохицуулалтуудыг тусгасан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарын цалингийн урамшууллыг 10 хувиар тогтоосон Засгийн газрын тогтоол батлагдсан гэдгийг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслүүдийн уялдаа холбоог хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийлээд, их, дээд сургуулийг Дорнод, Орхон-Уул аймаг, Багануур дүүрэгт шилжүүлэх, энэ хүрээнд орон нутагт оюутны хотхон байгуулах ажлыг эхлүүлэх арга хэмжээний хөрөнгийг төслийн III хавсралт буюу хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах саналаа илэрхийлсэн. Орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж буй дээд боловсролын байгууллагуудыг түшиглэж, оюутны хотхон байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа гэдгийг салбарын дэд сайд хэлээд, энэ төрлийн ажлын гүйцэтгэл хийгдэхгүй байгаа шалтгаан нь төсөв, хөрөнгийг шийдээгүй байгаагаас үүдэлтэй гэдгийг тайлбарлалаа. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, үндсэн чиглэлийн төсөлд дундаж давхаргыг дэмжих, улмаар өргөжүүлэх асуудлыг тусгасан гэдгийг онцлоод энэ хүрээнд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Үндсэн чиглэлийн төслийн зорилт 3.4-т “Дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг бэхжүүлнэ” хэмээн тодорхойлж, энэ хүрээндээ зорилтот санхүүжилт, хөнгөлөлт, хүртээмжтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн байна, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, зээлийн хүүг бууруулсан байна гэж тодорхойлсон нь хэрэгжих бололцоо бий эсэхийг лавлав. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг МСҮТ-ийн үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөний талаар тодруулж А.Ариунзаяа сайд болон Сангийн сайдаас хариулт авсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ойрын зорилт бол халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих, үүнийг дэмжих, МСҮТ-ийн суралцагчдыг бодлогоор дэмжих ажлуудыг хийхээр судалгаа, тооцооллын ажлаа хийгээд байгаа гэлээ. Төсөлд нийгмийн дундаж давхарыг тэлэх чиглэлээр тодорхой бодлого, олон зорилтууд тусгагдсан байна. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, орон сууцны хангамжийг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, баялагийн шударга хуваарилалтын асуудал, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг дэмжих замаар өргөжүүлэх зэрэг зорилтууд цогцоороо хэрэгжснээр дундаж давхарыг тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих зорилгоор салбарын яам онцгой анхаарч, өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд 8000 гаруй иргэнд 5.1 тэрбум төгрөгийн зээл олгосон гэв. Энэ арга хэмжээг өргөжүүлэх, зээлийн хүүг бууруулах чиглэлд зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн төсөлд үйлдвэрлэлийн хотхонуудыг байгуулах зорилт туссан бөгөөд энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан судалгаа, төлөвлөлтүүд хийгдээд байгаа гэлээ.

    Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нийслэлийн дагуул хотуудын бүтээн байгуулалттай холбоотой, Ч.Ундрам гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг төсөлд тусгах, Ц.Сандаг-Очир гишүүн их, дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдэх асуудлыг үндсэн чиглэлд тусгах санал гаргасан юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.  Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ц.Сандаг-Очир гишүүн Налайх, Багануур дүүргийн дулааны цахилгааны станцыг шинэчлэх асуудлыг тусгах боломжтой эсэх талаар асууж, Л.Оюун-Эрдэнэ сайдаас хариулт, тайлбар авсан. Үргэлжлүүлэн хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, “Үдийн цай” хөтөлбөрийн төсөв, зардлыг үнийн өсөлттэй уялдуулах, монгол хүний хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоох асуудлыг тусгах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор хүссэн эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм худалдаж авах тогтолцоог бүрдүүлнэ

    Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.


    Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин цар тахлаас үүдэлтэй урьдчилан тооцоолоогүй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж боловсруулсан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн 2020 оны тодотголын төслийг дагалдуулж хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлсэн гэв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагалдуулан өргөн мэдүүлжээ. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгжснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй чанартай, шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагууд өмчийн хэлбэр, өвчин эмгэгийн төрлөөс үл хамааран шударгаар санхүүжих тогтолцоонд шилжих юм байна.

Сангийн сайдын танилцуулга болон төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариул тайлбар авсан юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт реформ хийх зохицуулалтууд төслүүдэд тусгагдсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэсэн. Өндөр хөгжилтэй орнуудын хангалттай орлоготой иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээнийхээ зардлын 10-11 хувийг халааснаасаа төлдөг бол манай иргэд 32 хувийг төлдөг талаарх судалгаа, тооцоог олон улсын байгууллагаас гаргасан талаар хэлсэн юм. Түүнчлэн бусад гишүүний дурдсанчлан эрүүл мэндийн зардал нь өрхийн амьжиргаанд хүндрэл болж туссаны улмаас жилд 20 мянга орчим өрх ядууралд өртдөг гэх баримтуудыг анхаарч, шинэчлэл хийх нь зүйтэй гэв. Хуулийн төслүүдээр эдгээрийг өөрчилж, шинэчлэх боломж бүрдэнэ гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлж байв. Түүнчлэн бүх эмнэлгийг худалдан авалтын нэг тогтолцоонд шилжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг сайжруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийх зохицуулалтууд бий гэв. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагыг Засгийн газрын гишүүдэд хэллээ. Мөн эмийн чанар, үнийн талаарх мэдээллийг хуваалцаж, тодорхой асуултуудыг тавьсан.


    Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тогтолцоо, санхүүжилтийн хэлбэрийг үйлчилгээ авч буй иргэн төдийгүй үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагчдад харилцан ашигтай, зөв байх хувилбараар хөгжүүлэх шаардлагыг салбарын яамнаас санаачлан, Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа гэдгийг Засгийн газрын гишүүд тайлбарлалаа. Эмийн чанартай холбоотой асуудлаар тайлбар хийхдээ, төслийн нэгжүүдийн хийсэн судалгааны дүнгээр манай улсад худалдаалагдаж буй эмийн 19 хувь нь улсын бүртгэлд бүртгэлгүй, 14 хувь нь стандартын бус байгаа талаар дурдагдсан гэв. Түүнчлэн үнийн хувьд 60 орчим хувийн нэмэгдэлтэй байдаг гэх асуудлаар тайлбар, тодруулга өгсөн. Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдах бөгөөд ингэснээр чанар, бүтээгдэхүүний хяналтыг нэг сувгаар хийх, үнийг зохист хэмжээнд байлгах, эмнэлгүүдийн худалдан авалтыг нэгтгэн зохион байгуулалт хийдэг болсноор улсын төсөв хэмнэх, иргэдэд эм, эмнэлгийн хэрэгслийг чанартай үйлчилгээг хүргэх боломжтой гэж үзэж байгаа гэв.

    Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Эрүүл мэндийн даатгалын сан нь улсын болон хувийн эмнэлгийг сонгон гэрээ байгуулж, адил тарифаар санхүүжүүлэх зохицуулалттай болно гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлав. Энэ тохиолдолд улсын эмнэлэгт танил тал хайж, дугаар үүсгэн хүлээдэг байдал буурч, иргэд хүссэн эмнэлгээ сонгон үйлчлүүлдэг боломжтой болох юм байна. Санхүүжилт нь өвчтөнөө дагаж явдаг тогтолцоо руу орох өөрчлөлт хийх төслийг өнөөдөр хэлэлцэж буйг тэрбээр онцолж байв. Эмнэлгүүд чанараар өрсөлдөх, иргэд сонголтоо хийх боломжтой болох юм байна. Урьд нь иргэд өрх, сумын эрүүл мэндийн төв дээр эмийн жор бичүүлж, ЭМДЕГазартай гэрээ байгуулсан эмийн сангаар үйлчлүүлдэг байсан, эмийн сан санхүүжилт дууссан нэрийдлээр чирэгдэл учруулдаг байсныг халж, бүх эмийн сангаас хувийн болон улсын аль ч эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмээ хөнгөлөлттэй үнээр хүлээлт, чирэгдэлгүй авдаг болох юм байна. Эмнэлгүүд ЭМДСангаас гүйцэтгэлээрээ санхүүжиж эхлэхээр эмнэлгүүд эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, техник хангамжаа сайжруулах шийдвэрүүдийг бие даан гаргах эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог эрүүл болгох ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байгааг Ж.Чинбүрэн тэмдэглэсэн.


    Боловсролын зээлийн сангийн төсвийн талаар, хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургуулийн хуваарь, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор эцэг, эхчүүдэд тулгарах хүндрэл, ачааллыг тооцсон эсэх, тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар С.Чинзориг гишүүн асууж, хариулт авлаа. Боловсролын зээлийн сангийн санхүүжилт 2020 оны төсөвт 76 тэрбум төгрөгөөр батлагдсан ч хэрэгжилтийн явцад цар тахал гарсан. Үүнээс үүдэн 33 тэрбум төгрөг болж буурсан, одоогийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн зарцуулалттай байгаа гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр мэдээлэв. Өнгөрсөн хичээлийн жилд нийт 156 мянган оюутны 13 мянга нь Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт ирүүлсэн гэв. Эдгээрийг шүүж үзээд голч оноо тэргүүтэй бусад шалгуур үзүүлэлтийг хангаж буй хүсэлтүүдийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа хэдий ч төсвийн тодотголын төсөлд тус сангийн санхүүжилт буурсан гэдгийг хэллээ. Нөгөө талаар, хувийн их, дээд сургуулиуд энэ сангаас зээл авахын тулд оюутнуудынхаа дүнг зохиомлоор өсгөх, танил талын хүрээллээр асуудлаа шийдэх гэсэн сөрөг оролдлогууд гаргаж байгааг мөн дуулгасан. Салбарын яам боловсролын чанар дээр суурилах бодлого баримталж байгаа, цаашид тус санг Хөгжлийн сан болгох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. Хичээл, сургуулийг эхлүүлэхтэй холбоотой шийдвэрийг УОК гаргасны хүрээнд салбарын яам холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна. Төв суурин газрууд, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн горимын дагуу 3 өдөр танхимаар, 2 өдөр цахимаар хичээллэнэ. Тухайлбал, хүн хоорондын зай 1.5-2 метр байх гэх шаардлагын хүрээнд нэг ангид 15-25 хүүхэдттэй хичээллэх зохицуулалт хийгдсэн. Энэхүү өөрчлөлтөөс үүдэн төвийн сургуулиуд нэлээд ачаалалтай байх бөгөөд энэ дэглэм түр хугацаанд үргэлжилнэ хэмээн салбарын яамнаас үзэж, бэлтгэл хангаад байгаа гэв. Сум, орон нутаг, багийн сургуулиуд 5 өдөр танхимын сургалт явуулна. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёр улирлын сургалт цахимаар явсан бөгөөд үүнээс үүдэн хоцрогдол үүссэн гэж холбогдох байгууллагууд үзээд 2020-2021 оны хичээлийн жилийн эхний улиралд тэдгээрийг танхимаар бататгах, давтах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэв.

    Корона вируст цар тахлын халдвар бүртгэгдсэн улс орнуудаас 56 улс нь танхимын сургалтаа эхлүүлээд байгааг Г.Ганбаяр дэд сайд энэ үеэр дурдсан. Манай улс хосломол байдлаар үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байгаа гэлээ. Түүнчлэн хичээл орох хуваарийн өөрчлөлтөөс үүдэн эцэг, эхчүүдэд хүндрэл үүсэх тул Засгийн газрын түвшинд тэдгээрт цахимаар ажиллах боломжийг олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг “Цалинтай эцэг, эх” болгон өөрчилж, аль өндөр орлоготой нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонголтыг гэр бүлийн хүрээнд сонгох бололцоог бүрдүүлэх зэрэг саналыг гаргаад байгаа гэлээ. Их, дээд төдийгүй ерөнхий боловсролын хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн нөхцөл байдлыг талаар салбарын яамнаас ямар зохицуулалт хийж байгааг С.Чинзориг гишүүн лавласан. Улсын их, дээд сургуулийн төлбөр нэмэгдээгүй. Харин хувийн их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын төлбөрөө улирал, сараар авах зохицуулалт хийх чиглэлийг салбарын сайдаас өгөөд байгаа аж. Бизнесийн харилцаа, өрсөлдөөн байдаг тул төрөөс хатуу зохицуулалт хийх аргагүй учраас эцэг, эхчүүд сургуультай хийж буй гэрээндээ нарийвчилсан зохицуулалтыг тусгах байдлаар шийдвэрлэх гарц бий гэдгийг Г.Ганбаяр дэд сайд тайлбарласан.


    Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хувийн хэвшлийн сургуулиуд сургалтын төлбөрөө бүтнээр нь авах шаардлага тулгаад байгаа талаарх асуудлыг анхаарч, шийдвэрлүүлэх олон тооны хүсэлт, өргөдөл Нийгмийн бодлогын байнгын хороонд ирээд байгааг мөн дуулгав.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбартаа дорвитой шинэчлэл хийх шаардлага бий гэдгийг хэллээ. Манай улсын эрүүл мэндийн нийт зардал ДНБ-ий 4 хувьд хүрдэг, ДЭМБ-аас манайд өгдөг зөвлөмждөө энэ зардлыг 50 хувь нэмэгдүүлж 5-6 хувьд хүргэж байж хүн амаа эрүүл байлгах, аливаа төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээндээ үр дүн гаргана гэж зөвлөдөг гээд зарим улс орны жишээг дурдав. Түүнчлэн бидний тооцооллоор эрүүл мэндийн салбараас үйлчилгээ авч буй иргэн нийт зардлынхаа 32 хувийг, харин ДЭМБ-ын тооцооллоор 40-45 хувийг өөрөө төлдөг байдлыг өөрчилж, 20 хувьд хүргэх нь өрхийг эрүүл мэндийн өвчлөлөөс шалтгаалсан ядууралд өртөхөөс хамгаалах ач холбогдолтой гэв. Манай улс 10 мянган өвчтөнд оногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог байтал иргэд эрүүл мэндийн салбараас авч буй үйлчилгээндээ сэтгэл дундуур байдаг. Замын ослоос үүдэлтэй нас баралт 100 мянган хүн тутамд 16.5 хувь тохиолдож байгаа нь “харанга дэлдсэн” баримт гэдгийг хэллээ. Шинэ Зеландад энэ үзүүлэлт 5.6 хувь, Англид 3.1 хувь, Солонгос Улс 9.8 хувь байгаа. Энд бэртэл, гэмтлийг тооцоогүй, үүнээс үүдсэн эмнэлэг, эмчилгээ, сувилгаа, эм, хэрэгслийн зардлыг тооцоогүй байгааг дурдаад нийгмийн аюулгүй байдлыг хангах түвшинд уг асуудлыг харж, Засгийн газар олон салбар дамнасан асуудал болох онцлогийг тооцон холбогдох шийдэл, арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлыг анхаарах шаардлагатай гэлээ.


    Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдээс хууль, тогтоолын төслүүдтэй холбоотойгоор гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2020-08-25 12:08  159