Гадаад харилцааны хэлтэс

  2022-03-11 15:39  136

Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэс нь анх БНМАУ-ын Бага Хурлын даргын 1990 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр захирамжаар “Гадаад харилцааны зөвлөгч” гэсэн нэг хүний орон тоотой анх үүсэж байгуулагдсан. Улсын Бага Хурлын даргын 1991 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 25 дугаар захирамжаар Гадаад харилцааны хэсэг болж, 1 зөвлөгч, 2 зааварлагчтайгаар Ардын Их Хурлын дарга, Улсын Бага Хурлын дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны шууд удирдлагад ажиллаж эхэлжээ.

Улмаар 1992 онд Гадаад харилцааны хэлтэс болсон бөгөөд 1996-2001 онд Парламент хоорондын харилцааны хэлтэс нэртэйгээр ажиллажээ. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2001 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 198 дугаар захирамжийн дагуу нэгжийн нэрийг Гадаад харилцааны хэлтэс болгосон байна.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2008 оны арван хоёрдугаар сарын 8-ны өдрийн 387 дугаар захирамжаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, 2013 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн захирамжаар Гадаад харилцааны хэлтэс болгож, хэлтсийн дарга, 2 зөвлөх, 3 референт, 3 шинжээч, нийт 9 хүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Харин Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны есдүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар Тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулснаар Гадаад харилцааны хэлтэс нь дарга, 1 ахлах зөвлөх, 2 зөвлөх, 3 референт, 2 шинжээч, нийт 8 орон тоотойгоор ажиллаж байна.

Үндсэн чиг үүрэг:

Гадаад харилцааны хэлтэс нь УИХ, Монголын парламентын бүлгэм, Тамгын газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааг зохион байгуулах, олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, Олон Улсын Парламентын Холбоо, Монголын парламентын бүлгэмийн харилцан хүлээсэн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, гадаад оронд айлчлах, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг хангах, үйлчлэх чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг.


  2022-04-21 12:35  136