Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

  2022-03-08 15:44  211

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн түүх нь Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурал байгуулагдсан 1990 оноос эхлэлтэй.

Улсын Бага Хурлын даргын 1991 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 25 тоот захирамжаар Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тооны хуваарийг батлахад Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтэст харьяалагдах Дотоод ажлын хэсэгт Хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэсэн 1 орон тоо батлагдаж байжээ. Улмаар 1992-2000 онд Хэвлэл мэдээллийн алба, 2000 онд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, 2001 онд Хэвлэлийн алба, 2003 онд Хэвлэл мэдээллийн алба, 2008 онд Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс, 2009 оноос Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирэв.

УИХ-ын даргын 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 42 дугаар захирамжаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг Хууль сурталчлах албатайгаар өөрчлөн байгуулжээ.

Харин Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 111 тоот захирамжаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах алба, Студи гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй, нийт 17 орон тоотой байхаар шинэчлэн баталжээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны есдүгээр сарын 27-ны өдрийн захирамжийн дагуу Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь Мэдээлэл сурталчилгааны алба, Студи гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй болсон бол УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 144 тоот захирамжаар Олон нийттэй харилцах алба шинээр байгуулагдаж, 16 орон тоотойгоор үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байна.

Үндсэн чиг үүрэг:

УИХ-ын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, УИХ, Тамгын газрын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, иргэд, олон нийтийн санал бодлыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгах, хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд пардамнтын боловсрол олгох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн гаргах чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг.


  2022-04-21 12:30  211