Цэс

Холбоо барих

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсов

    УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцын талаар” тавьсан асуулгын хариуг сонссон юм. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн тавьсан дээрх асуулгын дагуу мэдээлэл хийв. 

    УИХ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталж, 2030 онд Монгол Улс нэг хүнд оногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс байх зорилтыг тавьсан. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” нь эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн засаглал гэсэн 4 бүлгийн 44 зорилтоос бүрдэж, I үе шат (2016-2020), II үе шат (2021-2025), III үе шат (2026-2030)-ад хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон урт хугацааны бодлогын баримт бичиг болохыг тэрбээр мэдээллийн эхэнд дурдав. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.6 дахь хэсэг, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолын 2.24 дэх заалтын дагуу “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын эхний үе болох 2017 он болон 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг бэлтгэжээ. 


    Эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд зорилтуудыг хэрэгжүүлж, олон улсын банк санхүүгийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжиж, санхүү болон татварын оновчтой бодлогоор тэтгэх зэрэг ажлууд хийсний үр дүнд эдийн засаг сэргэж байна. Гадаад өрийн дарамт багасаж, гадаад валютын нөөц нэмэгдэж, улсын төсвийн тэнцэл ашигтай гарч эхэлсэн. 2017 онд 5.1 хувьд хүрсэн эдийн засгийн өсөлт нэмэгдэж 2018 онд дөрвөн жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 6.9 хувиар өслөө. Мөн 2019 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрээд байна. Төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдсэн төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргаж арилжааны банкууд хөрөнгө татдаг байсныг зогсоосноор хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, зээлийн хүү буурч бизнесийн таатай орчин бүрдэж байна. Макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдэж буй энэ үр дүнд эдийн засгийн өсөлт нэмэгдэж бизнес эрхлэгчдийн орлого өсөж ашигт ажиллагаа сайжирснаар ажил эрхлэлт нэмэгдэж өрхийн орлого 15 хувиар өсжээ. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогын хэрэгслүүдээр мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, хүн амыг эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, геологи, уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. 

    Нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шинэчилж, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй явуулах, тандалт, эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд зарим ажлуудыг хийсэн байна. Түүнчлэн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж хүүхэд бүр цэцэрлэг хөтөлбөр хэрэгжүүлэн, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн, судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжин, шинжлэх ухааны салбарын судалгаа, боловсруулалтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр мөн тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. 

    Байгаль орчны тогтвортой хөгжлийн хүрээнд ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах, Засгийн газрын худалдан авалтыг ногоон болгоход чиглэсэн эрх зүй, зах зээлийн судалгааг хийж үе шаттайгаар нэвтрүүлэх, ногоон эдийн засгийн мэдлэг олгох, байгаль хамгаалах цэвэр технологийн стандартыг боловсруулж олон улсын стандарт, норм нормативыг шинэчлэх ажлуудыг хийж байна. Мөн баталгаат ундны усаар хангагдсан хүн амын тоог нэмэгдүүлж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлага нийцсэн барилга үйлдвэрлэлийг дэмжин, агаар орчны бохирдлыг бууруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хангах, тогтвортой хөгжлийн боловсролыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. 

    Тогтвортой хөгжлийн засаглалын хүрээнд засаглал эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж Монгол Улсын төрийн албаны тухай хуулийг шинэчлэн боловсруулан баталж, төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, шударга, хүртээмжтэй болгох, авилга ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх хүний эрх зүйн ёсны мехнизмд нийцүүлэх зарчмыг бий болгоход чиглэсэн багц хуулийг батлуулан, хэрэгжүүлж байна. 

    Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, хөгжлийн талаарх бодлогын баримт бичгүүдийг цэгцлэх, хянах ажлын явцын талаар болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр жил тутам “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг сонсож хяналт тавих чиг үүргийн хэрэгжилтийн талаар гишүүд тодруулж байв. Түүнчлэн хэрэгжилт нь хангалтгүй байгаа хэмээн үзэж байгаа бол уг баримт бичгийг шинэчлэх талаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулж хариулт авсан. Монгол Улсын хувьд хөгжлийн боломжуудаа ашиглаж чаддаггүй, цаг хугацаа алддаг гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн дурдаад өндөр зорилтууд бүхий уг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах нь УИХ-ын болон үе үеийн Засгийн газрын гишүүдийн зорилго байх ёстой гэдгийг хэлж байв. 


    УИХ-аас тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Олон Улсын Парламентын Холбоотой хамтран “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэл өгөв. Ирэх 27, 28-ны өдрүүдэд Төрийн ордонд болох уг чуулганд гадаадын парламентуудын төлөөлөл, дэд спикерүүд болон сайд нар оролцох юм байна. Энэ хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх Монгол Улсын оролцоо ямар байна, өмнөх хурлаас хойш өнөөдрийг хүртэл ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн болохоо тодорхойлон хэлэлцэх юм байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг тодотгох, шинэчлэх шаардлага бий гэдгийг удаа дараагийн хэлэлцүүлгийн явц, холбогдох сайд нарын мэдээллээс харж болно хэмээн тэрбээр хэллээ. Тогтвортой хөгжлийн зорилтод ядуурлыг бууруулах бус харин бүр мөсөн арилгах зорилтыг дэвшүүлсэн байдгийг тэрбээр онцоллоо. Энэ чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж, олон ажлыг хийх шаардлагатай гэдгийг хэлээд “Хэнийг ч ардаа орхилгүйгээр хүн бүр хөгжлийн үр шимийг ижил тэгш хүртэх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой. Бидний хувьд үүнийг баримталж чадахгүй байна. Орлогын тэгш бус байдал бий болсон бөгөөд үүнийг арилгах чиглэлээр Засгийн газар хөтөлбөрөө, улс төрийн сонгуульд оролцсон намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ иргэн рүү чиглэсэн боломжуудыг бий болгох ёстой юм” хэмээгээд Д.Оюунхорол гишүүн эдийн засаг өнөөгийн өсөлтийн өгөөжийг зөв хуваарилах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч чадах эсэхийг тодруулан хариулт авсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа асуулга тавьсан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд сэтгэл дундуур байгаагаа, эдгээрийг хариуцсан агентлагийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлж байв. 

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явууллаа. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд тогтоолын төслийг уншиж танилцуулсан бөгөөд санал хураалтыг ийнхүү үдээс хойших хуралдаанаар явуулсан юм. Санал хураалтад оролцсон 41 гишүүний 26 нь тогтоолын төслийг батлахыг дэмжиж, 63.4 хувийн саналаар дээрх тогтоолыг баталлаа. Иймд УИХ-ын дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. 

Хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. 

    Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулах үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хууль болон тогтоолын төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тоггоох, мөн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд 1998 оноос хойш импортоор оруулсан дизель түлшинд төлөх онцгой албан татварыг чөлөөлж байгаа тул өнгөрсөн хугацаанд энэ татварт төлсөн 98.3 тэрбум төгрөгийг илүү төлөлтөөр бүртгэх асуудал нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулагдах асуудал тул тогтоолын төслөөс хасч, уг хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, төслийн анхны хэлэлцүүлгийн хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нийтлэг журмыг, Гуравдугаар бүлгээр ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журмыг зохицуулсан боловч дэгийн нарийвчилсан харилцааг зохицуулаагүй орхисон нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцад процедурын хувьд хууль зүйн хийдэл үүсгэхээр байна хэмээн үзсэн байна. Иймд хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх байнгын хорооны ирцийн босгыг тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй байхаар, Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд гишүүний асуулт асуух хугацааг 8 минут, нэмэлт асуултын хугацааг 2 минут, мөн гишүүний асуултад хариулах хугацааг 8 минут, нэмэлт хариулт тайлбарын хугацааг 2 минут, гишүүн үг хэлэх хугацааг 10 минут, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байхаар, ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх журам, санал асуулгын дүнг УИХ-д танилцуулах журам зэрэг зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.8 хувь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

    Дараа нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцууллаа.  


    Хуулийн төсөлд УИХ-аас хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх зохицуулалтуудыг илүү тодорхой болгох, хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, УИХ анхдугаар хуралдаанаа өөрөө зохион байгуулах, шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох, хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх, УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх бөгөөд үг хэлэхдээ индэрээс хэлэх, Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсэг, заалт бүрээр хэлэлцэж баталдаг байх, төслийг хэлэлцэх явцад тухайн төсөл, түүний зүйл, заалтаар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын Тамгын газар дүгнэлт гаргах, мөн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар дүгнэлт гаргах, дэгийн заалтаар тайлбар хийх, дэг зөрчигдсөн асуудлаар хуралдаан даргалагчид зөвлөх, тухайн асуудлыг хэлэлцэх дэгийг хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг тогтоох санал, дүгнэлт гаргах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дотоод асуудлын Байнгын хороотой холбогдсон зохицуулалтыг тусгах, Хүний эрх, иргэний боловсролын байнгын хорооны бүрэлдэхүүн түүний эрхпэх асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөний баталгаа, иргэний эрх зүйн боловсрол, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, сонгогчдын боловсрол зэрэг зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Энэхүү төслүүдийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь санал хураалт явуулахад төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 39 гишүүний 30 нь дэмжээгүй юм. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав. 

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, А.Ундраа, Д.Цогтбаатар нараас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.


    Тус Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль, тогтоолын төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөний дагуу сургуулийн дэргэдэх туслах аж ахуй нь ашгийн төлөө бус байх, хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой зохицуулалтыг сонголттой болгох, Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчийг өдрийн хоолны үйлчилгээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар Засгийн газарт даалгах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

    Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтыг Бага, дунд боловсролын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Бага, дунд боловсролын тухай хуулийн заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлснийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

    Санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, А.Сүхбат, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авлаа. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн төслийн талаар нягтлан хэлэлцэх шаардлагатай тул Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдэв. 

Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Тсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Батнасан хийсэн юм.

    Тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй тодруулга хийх, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзлээ. Иймд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 38 гишүүний 29 нь буюу 76.3 хувь нь дэмжив. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 73.7 хувь нь дэмжнээр хууль, тогтоол батлагдав. 

    Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа. 

    Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд 1998 оноос хойш импортоор оруулж ирсэн дизель түлшид төлөх онцгой албан татвараас чөлөөлж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд энэ татварт төлсөн 98.3 тэрбум төгрөгийг илүү төлөлтөөр бүртгэх асуудлыг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж шийдвэрлэсэн байна. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно” гэсний дагуу дээрх төслийг боловсруулан, анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо хийсэн байна. Төслийг анхны хэлэлцүүлэгээр батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

    Төсвийн байнгын хорооны уг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд  тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь төслийг батлахыг дэмжснээр Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл