Инфографик: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

  2021-09-22 15:10  118

      

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга,  инфографикийн хамт хүргэж байна. 



    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нараас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Улсын Их Хурал 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа.

    Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих хүрээнд зохицуулалттай этгээд болох банк, эрх бүхий хуулийн этгээдийн харилцагч, хадгаламж эзэмшигчид санхүүгийн зуучлал, бүтээгдэхүүн, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хүргэдэг байх, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хүндэтгэдэг, хуульд зааснаас бусад тохиолдолд харилцан тохиролцох замаар хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах, түүнчлэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ач холбогдол бүхий суурь зохицуулалтыг хуульчиллаа.


Үүнд:

    1)Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтыг хуульд тусгалаа.

    2)Хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тусгаж уг гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх зохицуулалтыг тусгаж өгсөн. 

    3)Банк, эрх бүхий хуулийн этгээдээс гадаад валютаар зээл хүссэн зээлдэгч этгээдэд ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгдөг байх, түүнчлэн гадаад валютын орлогын эх үүсвэртэй, эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болохоор хуульд тусгалаа.


    4)Банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, мөн банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох, мөн хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавих зохицуулалтыг хуульд тусгалаа.

Хууль батлагдсанаар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж хадгаламж эзэмшигч, зээлдэгч болон санхүүгийн үйлчилгээ авч байгаа хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдаж олон нийтийн дунд санхүүгийн салбарт итгэх итгэл нэмэгдэнэ.

Улсын Их Хурлын Тамгын газар





  2021-09-22 14:50  118