Цэс

Холбоо барих

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнөөдөр (2017.12.20) Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хуулийн төслийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, УИХ-д өргөн бариад хэлэлцэхийг дэмжсэн энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа саналыг нь авах ёстой гэж үзсэн төлөөллүүдийг оролцуулан удаа дараа  уулзалт, ярилцлага хийсэн. УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг хоёр долоо хоногийн өмнө хуралдаад дахин нэг зөвлөлдөж, санал сонсохоор шийдвэрлэсэн. Энэ хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд ирсэн байна” гэв.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталж, өнөөг хүртэл дагаж мөрдсөөр ирсэн тухай дурдаад нийслэл хоттой холбоотой эдийн засаг, нийгмийн статистик тоон мэдээллийг хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

Тэрбээр Улаанбаатар хотын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн учир хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар  боловсруулсан гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийлээ.


Тэрбээр танилцуулгадаа, нийслэлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг 120 гаруй хуулиар зохицуулдаг,  20 гаруй хуульд нарийвчилсан заалт бий.

Шинэчилсэн найруулгын төсөл 14 бүлэгтэй. Дагалдуулан 19 хуулийн төслийг өргөн өргөн мэдүүлсэн гэлээ.

Мөн 1994 онд хууль баталж байх үеийн болон өнөөдрийн Улаанбаатар хотын нөхцөл байдлыг харьцуулан мэдээлэл хийв.  

1994 онд суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1,3 сая болсон. Тэр үед автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон.

Нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүн 44 тэрбум байсан бол 2016 оны байдлаар 15 их наяд болжээ гээд шинэ эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсныг хэллээ.

Хуулийн төсөлд,

·         Нийслэлийн удирдлагын зүгээс баримтлах бодлогын асуудлыг хуульчлах,  

·         Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын хөгжлийн загварыг нутагшуулах,

·         Мэдлэгт суурилсан өндөр технолгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих,

·         Нийслэлийн удирдлага зохицуулалтын үндсэн зарчим,

·         Оршин суугчдын эрх, үүрэг, хариуцлага зэргийг нэмж тусгаснаараа онцлог гэж Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлав.

Хуулийн бүтцийн хувьд, нийслэлийн нутаг дэвсгэр, эдэлбэр газар, нийслэлийн өмч, газрын бирж, хот тохижилт ногоон байгууламж, авто зам, нийтийн тээвэр, нийслэлийн иргэдийн оролцоог хангаж урамшуулах, нийслэлийн төсөв, нийслэлийн удирдлагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай харилцах харилцаа, УИХ, Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт, нийслэлийн шагнал, бүртгэл мэдээлэл, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан байна.

Тухайлбал, хэт төвлөрлийг хуулиар нарийвчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд захиргааны аргаас гадна дагуул хотын төвийг хөгжүүлэх зохицуулалт хийжээ. Дагуул хотод барьж, ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөхийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, дагуул хот, дэд төвүүдэд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн албан татварыг хөнгөлөх, дагуул хотын оршин суугч, иргэдийн албан татварыг тодорхой хугацаанд тавин хувиар хөнгөлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг ашиглахаар тусгасан байна.

            Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах төсөл арга хэмжээг дэмжих, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах арга хэмжээний зохицуулалтыг нарийвчлах, нийслэлийн  иргэдийн эрүүл мэндэд тустай агаар шүүгч зэрэг төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.  

Хуулийн төслийн танилцуулгын дараа оролцогчдын дунд хэлэлцүүлгийг эхлүүллээ. Танилцуулгатай холбогдуулан “Төсөлд зорилтот үйл ажиллагааг хуульчлахаар тусгасан нь  тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй”, “Үндсэн хуулийн суурь зарчимтай уялдуулж, ойлгомжгүй асуудлын зангилааг тайлах зохицуулалт хийх шаардлагатай”, “Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс хотын даргыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайдын эрх хэмжээтэй болгох зохицуулалт байвал зүгээр байна” гэх зэрэг санал хэлсэн юм.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар оролцож, байр сууриа илэрхийлэн үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 2012 онд хуулийн төслийг УИХ-д оруулж ирэхэд тухайн үед хотын дарга байсан Э.Бат-Үүлд хотын дүрмээрээ шийдэх асуудлыг төсөлд оруулж ирсэн нь буруу гэдгийг хэлсэн. Тулгамдсан асуудал бүрийг хуульчлах гэх шаардлагагүй юм. Энэ удаагийн төсөлд бас ингэж туссан байна  хэмээв.  

Мөн  Хотын дахин төлөвлөлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний хууль гэхчлэн 2012 онд оруулж ирж байсан багц хуулийн төслийг хамтад нь дахин оруулж ирвэл үр дүнтэй гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Нийслэлийн орчин ийм болсон нь Үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуульд хаана ч амьдарч болно гэж тусгасан гээд дураараа хот руу нүүдэллэсэн. Гэвч аюулгүй орчинд амьдрах ёстой гэдэг Үндсэн хуулийн зарчим хэрэгжээгүй" гэсэн юм. Мөн олон нийтийн эрх ашгийн үүднээс шууд шийдвэрлэх асуудлыг шийдэж явах ёстой талаар саналаа хэлэв.

Оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Асуултад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа нар хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл