Цэс

Холбоо барих

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.30) хуралдаан 09 цаг 46 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороо Мягмар гарагийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтээс үүдэх үр дагаварыг нягтлах шаардлагатай тул хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжсэн юм. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв. 


    Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцэд Улсын дээд шүүх хоёр асуудлаар хандсан. Эхнийх нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хууль сахиулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа тус бүрийг хамааруулахгүй болсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд шинээр нотлох баримт цуглуулахыг хязгаарласан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хүлээн авч, маргааныг хянан хэлэлцээд холбогдох дүгнэлтийг гаргасан байгаа юм. Хоёрдугаар асуудалтай холбогдуулан гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд захиргааны хэм хэмжээтэй холбоотой акт бүтээх үйл ажиллагаа буюу үүнтэй холбоотой төрийн удирдлагыг үйл ажиллагааг бүхэлд нь процессжуулж, зохицуулсан байдаг. Захиргааны эрх зүйн шинжлэх ухаан талаасаа төрийн удирдлагыг хэрэгжүүлэх хоёр арга бий гэж үздэг. Итгүүлэх, албадах гэсэн хоёр арга бий гэж онол талаасаа үздэг. Итгүүлэх аргын хэрэгжилт нь Захиргааны ерөнхий хуулиар илэрдэг. Бусад буюу хууль сахиулах, зөрчил шалган шийдвэрлэх, цэцэд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа нь тус тусын процессын хуулийн хүрээнд буюу төрийн удирдлагын албадлага хэрэгжүүлэх хэлбэр юм. Нэг дэх асуудалтай холбоотой дүгнэлтийг хүлээн авбал зөрчил шалган шийдвэрлэхтэй холбогдсон процесс бүхэлдээ тодорхойгүй байдалд орж, гацаа үүсэх эрсдэлтэй” гэлээ. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хариулт өгсөн юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж нар байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулав. 


    Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ...” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй.

    Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, ...” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …”, гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжээгүй юм.

    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжсэнгүй.

    Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэнгүй.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг гишүүдийн 73.3 хувь нь дэмжээгүй юм. 


    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг 66.7 хувийн саналаар гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжив.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг 73.3 хувь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн санал өгөв. 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь хүлээн зөвшөөрөхийг дэмжлээ. 

    Ийнхүү санал хураалт явуулсан шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл