Ажлын хэсэг хуралдаж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл сонслоо

  2021-09-24 10:14  275

Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр (2021.09.24) хуралдаж, холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл сонслоо.


Усны талаар баримтлах бодлого, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны бодлого зохицуулалтын газрын дарга Л.Эрдэнэбулган мэдээлэл хийв.

Мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт сүүлийн таван жилийн дунджаар 38 хувийн хэрэгжилттэй байгаад шүүмжлэлттэй хандан, энэ талаар тодруулав. Усны бодлого зохицуулалтын газрын дарга Л.Эрдэнэбулган, хуулийн хэрэгжилтийн үр дүн орон нутгаас гарч буй шийдвэртэй холбоотой. Иймд эрх зүйн орчинд нэмэлт, өөрчлөлт хийх шаадлагай байна гэсэн тайлбар хийв.


Оюу толгой төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүний аудитын талаар БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр, салбарын сайдын 2019 оны тушаалаар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах журам”-ын дагуу “Оюу толгой” ХХК-ийн тухайн жил бүрийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, дүгнэлт гаргаж, биелэлтийг хувиар дүгнэдэг бөгөөд 2010-2020 онд “хангалттай” гэж дүгнэгдсэн. БОАЖЯ-ны Төрийн сангийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд “Оюу толгой” ХХК-иас нийт 850 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн гэв.


Үргэлжлүүлэн Оюу толгой төслийн усны нөөц ашиглалтын хяналтыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлын талаар Усны газрын дарга Ш.Мягмар, Оюу толгой ХХК-д хяналт шалгалт хийсэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч С.Нямжав нар мэдээлэл хийв.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Наранбаатар нар Усны тухай хууль удахгүй шинэчлэгдэнэ, үүнд холбогдох байгууллагуудаас санал оруулах, эрх зүйн шинэчлэлийг хийхэд цаашид нягт холбоотой ажиллах шаардлагатай талаар санал хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2021-09-24 17:50  275