Цэс

Холбоо барих

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, эцэслэн батлуулахаар тогтлоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо чуулганы өнөөдрийн (2021.04.23) нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж, Засгийн газраас хаврын тариалалттай холбогдуулан боловсруулж өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхны хэлэлцүүлгийг үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Б.Жавхлан Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дэмжигдсэн хуулийн хэрэгжих хугацааг төсөлд зааснаар үлдээх саналтай буйгаа хэлээд энэ талаар зарчмын зөрүүтэй санал гаргахаа илэрхийлсэн юм. Уг саналтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар зарчмын зөрүүтэй санал чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгэнт дэмжигдсэн учир Засгийн газраас төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийн хуулийн төслийг боловсруулах үедээ зохицуулж өргөн мэдүүлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлэв.


Ингээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу гишүүний гаргасан саналаар дахин санал хураалт явуулах эсэх талаар санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэх олонх нь дэмжив. Энэ үндсэн дээр хуулийн төслийн 3 дугаар зүйлд тусгагдсан хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэвээр үлдээх талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаас гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг зарчмын зөрүүтэй саналын хамт нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймээс төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулж, төслийг батлуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл