Инфографик:Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга

  2021-09-24 16:24  65

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. 

    Энэ хуулийн зорилт нь төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 8 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд бодлогын шинжтэй дараах зохицуулалтыг хуульд тусгасан. Үүнд:


    Төрөөс тусгайлан дэмжих соёлын үйл ажиллагааны чиглэлийг зааж, байгаль орчин, уламжлалт ахуйтайгаа харилцан шүтэлцсэн нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг хадгалсан орон зай, газар нутаг болон монголын ард түмний оюун санааны нэгдмэл байдлыг илэрхийлэх бэлгэ тэмдэг болсон түүхэн суут хүний алдар, дүр төрхийг эрхэмлэн, хүндэтгэлтэй хандаж, хамгаалах, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх арга хэмжээг орон даяар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэргээр монголчуудыг бусдаас ялгах, монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулах, хамгаалах, тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлнэ. Соёлын үнэт зүйлийг хадгалж, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа нь бүх нийтийн оролцоо, үйл хэрэг байх юм.

    Соёлын үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг тодорхойлж, соёл судлал болон соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэн зааж, иргэдийн соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэх, соёлд насан туршдаа суралцах боломж бүрдлээ. Монгол Улс, монгол үндэстний оршин тогтнохын үндэс болсон үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх, монгол соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх нөхцөл бүрдэнэ. 

    Соёлын үнэт зүйлийг бүртгэж, хадгалж хамгаалах, дэмжих, түгээн дэлгэрүүлэх зүйлээ бүрэн тодорхойлж, бодлого, үйл ажиллагааг зохистой үр дүнтэй төлөвлөх боломж бүрдэнэ.

   Соёлын салбар дахь түншлэлийг нэмэгдүүлж, түншлэл нь соёлын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүх хэлбэрийг хангасан байж, оюуны бүтээлч үйл ажиллагаа, санхүүгийн, шинжлэх ухаан, технологийн болон хүний нөөцийг багтаасан, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний үр ашигтай, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ. Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэд, түүний үр хүүхдийг соёлын үйл ажиллагаанд оролцуулах, үндэсний соёлоо танин мэдэх, суралцах боломж, нөхцөл бүрдлээ. 

   Соёлын орчин, орон зайг бүрдүүлэн, хөгжүүлэхээр заасан нь хүний гоо зүй, ёс зүйн хэм хэмжээ, нийгмийн харилцаанд эерэг нөлөөлөл бий болгож, нийгмийн харилцааны бүх хүрээллээс соёлыг мэдрэх, суралцах нөхцөл бүрдүүлэх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдэнэ. 

    Соёлын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага тодорхой болж, соёлын үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, үйлчилгээг зөөврийн болон нүүдлийн хэлбэрээр хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил соёлын үйлчилгээ авахад зориулсан нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж, материал, хэрэгсэл, программ хангамж, орчин нөхцөлийг бүрдүүлнэ. 

    Соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгож, нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно.

    Техник технологийн хөгжил болон хүний хөгжлийн хүчин зүйлд тулгуурласан мэдлэгийн эдийн засагт шилжих, мэдлэгийн менежментийг нэвтрүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлж, хөгжүүлэх нөхцөл бүрдлээ. Цаашид Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуультай болно.

    Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад соёлын хяналтын улсын байцаагч ажиллана.

    Соёлын тухай хууль ийнхүү шинэчлэн батлагдсанаар дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явц, технологийн үр дүнд соёлын солилцоо, харилцан нөлөөлөл идэвхжиж, давамгай соёлд уусах, автах байдал эрчимжиж байгаа энэ цаг үед эх хэл, бичиг үсэг, түүх, соёл, өв уламжлал, зан заншил зэрэг үндэсний үнэт зүйлийг төрийн онцгой анхаарал, ивээлд байлган, эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх нөхцөл бүрдүүлэх замаар соёлын дархлаа бүхий монгол хүнийг төлөвшүүлж, хүн төрөлхтний болон үндэсний соёл иргэншлийн ололт, соёлын үйл ажиллагааны үр шимийг хүртэн, авьяас чадварыг хөгжүүлэх нөхцөл, бололцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хууль боллоо. 

Улсын Их Хурлын Тамгын газар 



  2021-09-24 16:21  65