Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдлаа

  2021-09-24 16:14  316

 

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2021.09.24)  Төрийн ордонд боллоо.

    Ажлын хэсгийн дөрөв дэх удаагийн тус хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Ажлын дэд хэсгийн ахлагч УИХ-ын Тамгын газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн болон Үндэсний аудитын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Оюутны холбоо, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургууль, Монголын Үндэсний Олимпийн Академийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

 

    Хуралдаанд Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр "Үндэсний шигшээ баг, спортын холбоодын үйл ажиллагаа", "Монгол дахь спортын шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн байдлыг үнэлэх, бие даасан шинжлэх ухаан болгох", "Биеийн тамир, спортын байгууллагын нийтийн биеийн тамирын арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахад улсын төсвөөс олгодог санхүүжилтийг оновчтой болгох, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх"  гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. 


    Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан "Биеийн тамирын багш бэлтгэж байгаа одоогийн боловсролын тогтолцоо болон давтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох" асуудлаар танилцуулга хийв. Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж,  хариулт авлаа. 


    Ташрамд дурдахад, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор уг Ажлын хэсгийг  Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн,Т.Энхтүвшин нарын  бүрэлдэхүүнтэйгээр  байгуулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  

 


  2021-09-24 16:14  316