Цэс

Холбоо барих

Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал  танилцуулав.

Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй тул дэгийн тухай хуульд заасны дагуу уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр  санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг “5.Албадан эмчилгээнд хамруулах хүнийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.”, төслийн 7.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг “9.Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох 23 хуульд өөрчлөлт, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг 57.4-70.2 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Дараа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэн байна.


Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэл хэвээр үйлчилнэ”, 2 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчил шалгах ажиллагааны шатанд байгаа бол Зөрчил шалган шийвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно”, 3 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр баталсан Зөрчлийн тухай хуулиар   баривчлах шийтгэлгүй болсон зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан шийтгэлийн үлдсэн хоногийг эдлүүлэхээс чөлөөлнө”, 4 дүгээр зүйлд “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхэлсэн зөрчил шалгах ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн явуулж, хянан шийдвэрлэнэ. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үргэлжлүүлэн тоолно” гэсэн заалтууд тусгагджээ. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд уг хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг, 184 дүгээр зүйлийн 184.1, 184.2, 184.3 дахь хэсгийн “улсын байцаагчийн” гэсний өмнөх “захиргааны шийтгэвэр,” гэснийг тус тус хасахаар тусгасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.9 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 57.4 хувь нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 61.7 хувь нь дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.


Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдлаа гэдгийг онцлоод эдгээр хуулийг иргэд олон нийтэд сайн сурталчилж тайлбарлан таниулах, хууль хэрэгжиж эхлэх долдугаар сарын 1-нээс өмнө бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудад санууллаа.

Монгол Улс Залуучуудын хөгжлийг дэмжих бие даасан хуультай боллоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.  


Байнгын хорооны Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийх явцад санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй зарим засвар, өөрчлөлт хийсэн байна. Мөн “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учир Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс шалтгаалахгүйгээр хуулийн төслийг батлах боломжтой гэж Ажлын хэсэг үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Н.Учрал, Н.Оюундарь, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг нар салбарын сайд болон Байнгын хороо, Ажлын хэсгээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд энэ удаагийн Улсын Их Хурал улс орны хөгжлийн ирээдүй болсон, хүн амын багагүй хувийг эзэлдэг залуучуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр чухал арга хэмжээ авч бие даасан хуультай болж буйд талархалтай хандаж байгаагаа илэрхийлээд хуулийг дагаж гарах журмуудыг шуурхай боловсруулан гаргаж хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар санаачлагатай ажиллах шаардлагатайг онцолж байв.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувийн саналаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 76.6-81.2 хувийн саналаар эцэслэн баталсан юм.

Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм.  Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. Байнгын хорооны Ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас чиглэл өгч нээлттэй үлдээсэн зарчмын гурван санал, найруулгын шинжтэй хоёр саналын томъёолол бэлтгэн санал хураалгаж шийдвэрлүүлсэн байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Ингээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.5 хувийн саналаар бүхэлд нь батлав. Мөн холбогдох бусад өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.

Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэлх шилжилтийн үеийн харилцааг зохицуулах үүднээс дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь нь дэмжив. Ингээд гишүүдийн 75.5 хувийн саналаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл батлагдлаа.

Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 ондхөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Баттөмөр, Л.Болд, С.Чинзориг нар тогтоолын төслийн болон хавсралтын нэрний “2016-2020” гэснийг “2017-2020” гэж өөрчлөх, хугацааг ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаархи 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтуудыг төслөөс хасах, мөн 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах, тогтоолын төслийн 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх, төслийн хавсралтын Дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаархи Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.


Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй нийт 25 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Чинзориг нар “усан замын тээврийн салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, усан замын тээврийн үйлчилгээнд хяналт тавих, зохицуулах талаархи орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, усан замын тээврийн хэрэгслийг ашиглах, бүртгүүлэх талаархи тусгай зөвшөөрөлтэй холбоотой дүрэм, журам гаргаж, тэдгээрийг дахин дахин өөрчлөх зэргээр иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулдаг явдал гаргуулахгүйн тулд энэ талаархи нөхцөл, шаардлага, зохицуулалтыг иргэд, хувийн хэвшилд ойлгомжтой, хүндрэлгүй байхаар төсөлд тодорхой тусгах, татлагат гатлага төхөөрөмж, хөвдөг гүүрийн талаархи зохицуулалтууд Автозамын тухай хуулиар зохицуулагдах болсонтой холбоотойгоор эдгээртэй холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг төслөөс хасах, усан замын тээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгох, хариуцлага ногдуулах заалтуудыг усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулан зохистойгоор тогтоох” зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг “3.1.4.“усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл” гэж төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх цэрэг, цагдаа, онцгой байдлын алба, хил хамгаалах, гаалийн байгууллагын усан замын тээврийн хэрэгслийг;” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлд “усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж усан замын тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжпийн үнэмлэх авсан усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг;” гэсэн агуулгатай 3.1.15 дахь заалт нэмэхээр болов. Мөн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтын “усан замын зогсоол, төв буудал, хөвдөг гүүр, татлагат гатлага төхөөрөмж” гэснийг “тухайн орон нутгийн өмчид байгаа усан замын зогсоол, төв буудал” гэж өөрчлөх, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг “16.1.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллагаас жил бүр усан замын тээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан байдалд техникийн хяналтын үзлэг хийж, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухай бүр тэмдэглэл хийнэ.” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал дэмжигдлээ.

Ийнхүү Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл