Д.Оюунхорол: Боловсрол нь ядуурлыг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг мөн хэмээн тодорхойлон, хэлэлцэх гэж байгаа нь манай орны хувьд цаг үеэ олсон, чухал асуудлуудын нэг болж байна

  2019-05-27 15:32  223

-Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын хэлсэн үг-

 

        Эрхэм анд найз нараа,

        Хүндэт парламентчид аа,

       Хатагтай, ноёд оо


Тогтвортой Хөгжлийн Зорилгын хэрэгжилтийг хангах асуудлаар манай эх оронд болж байгаа Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй Та бүхэнд Монгол Улсын Парламентын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

            Дэлхий нийтээрээ хамтран баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад улс орнуудын Парламентын оролцоо их гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Парламент нь Тогтвортой Хөгжлийн Зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн таатай орчныг бий болгох, шаардлагатай нөөц хөрөнгийг улсын төсөвтөө суулгах, улмаар үр өгөөжтэй хэрэгжүүлэх талаар Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлж, хяналт тавих онцгой үүрэгтэй.


            Монгол Улсын Их Хурал дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн энэхүү үүргээ биелүүлэн, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг 2016 онд баталснаар хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг үзэл санаа, чиг хандлагыг үндэсний бодлогодоо тусган баталгаажуулсан анхдагч улсуудын нэг болсон.

            Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудал дан ганц улсын дотоод хэрэг байхаа нэгэнт больж, бүс нутгийн болоод дэлхий нийтийн хамтын ажиллагааг шаарддаг болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Бүсийн улс орнууд газар зүйн байршил ойроос гадна шашин, соёл, зан заншил, тулгамдсан асуудлууд ч мөн нийтлэг байгааг өнөөдөр тавьсан илтгэлүүдээс харж болно. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хамтын шийдэл, гарц олоход ихээхэн дөхөмтэй. Ази, Номхон далайн бүс нутаг нь хүн амын тоо, дэлхийн эдийн засагт эзэлдэг хувь, оролцоогоороо ч томоохон жин дарж буй. Энэ агуулгаараа тулгардаг бэрхшээл, сорилтууд нь ч мөн багагүй юм.

            Ийм цаг үе дор Олон Улсын Парламентын Холбоо нь Ассамблейн нэгдсэн хуралдаанаараа ТХЗ-уудыг удаа дараа нухацтайгаар хэлэлцэж ирсэн. Мөн хэрэгжилтэд гарч буй ахиц дэвшил, сайн туршлагыг хуваалцах, тулгарч буй бэрхшээл сорилтоо шийдвэрлэх арга замаа хамтран тодорхойлох боломж олгох зорилгоор бүс нутгийн парламентын чуулганыг санаачлан, хамтран зохион байгуулан, тусалж дэмжиж байгаад бид ихээхэн талархаж байгаа.

            Вьетнам Улсын Хочимин хотод болсон ТХЗ-ын асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй  арга хэмжээ, гарч буй ахиц дэвшлийн талаар товч танилцуулъя.

            Өнгөрсөн чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг хангахад гүйцэтгэх парламентын үүрэг оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлуудыг түлхүү хөндөн ярилцсан.

            ТХЗ-ын хэрэгжилтэд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын парламент 2018 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн дэд хороог байгуулсан. Ижил чиг үүрэг бүхий хороо дэлхийн улс орнуудын парламентын зөвхөн 30 орчим хувьд нь л байгаа нь Монгол Улсын Их Хурал уг асуудалд ихээхэн ач холбогдол өгч буйн нотолгоо юм.  Уг дэд хороо нь байгууллага хоорондын уялдааг сайжруулах, НҮБ болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах, хурал чуулганд илтгэл тавьж, хэлэлцүүлэх, Үндэсний сайн дурын тайлан бэлтгэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Мөн Хочиминий чуулганаар ашиглахыг уриалсан ТХЗ-ын хэрэгжилтийн асуудлаар парламент өөрийгөө хэрхэн үнэлж байгаа тухай ОУПХ-ны удирдамжийг орчуулан, үйл ажиллагаандаа хэрэглэж эхлээд байна.

           Хэлэлцсэн гол сэдэв болох уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны асуудлын тухайд Монгол Улсын парламент энэ чиглэлээрх олон улсын гэрээ, конвенцуудад нэгдэн орсноос гадна “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний бодлогын баримт бичиг батлан, ногоон хөгжил, ногоон эдийн засагт шилжихийг зорьж байна. Монгол Улс Дэлхийн ногоон эдийн засгийн индексийн “Манлайлал”-ын үзүүлэлтээр “сайн” үнэлгээ авсан. 

          Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход анхаарахаас гадна үйлдвэрлэлийн салбарт байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, бохирдуулагч нь төлбөр төлөх зэрэг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нэгэнт ялгарсан хүлэмжийн хийг шингээх ой мод, ургамалан нөмрөгийг нэмэгдүүлэх зэрэг хүлэмжийн хийн бус аргаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах чиглэл баримтлан ажиллаж байна.

            Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр сүүлийн 2 жилд монголын парламент Хог хаягдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ус бохирдуулсны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулснаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон татвар, ногоон худалдан авалтын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн орчны томоохон шинэчлэлүүдийг хийж чадлаа. 

            Монгол Улсын хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдэд 2015-2018 онд нийт 4 удаа үнэлгээ хийсэн. Түүнээс гадна Засгийн газар 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэ хүрээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтын шалгуур үзүүлэлтүүдийг үндэснийхээ онцлогт тохируулан нэмж боловсруулж байна. Ингэхдээ, үнэлэх боломжгүй тохиолдолд аргачлалыг нь бий болгох, мэдээллийн эх үүсвэр нь тодорхойгүй бол тодруулах зорилгоор ажиллаж байна.   


            Энэ удаагийн чуулганаар  ядуурлыг бууруулахад боловсролын гүйцэтгэх үүрэг; байгаль орчин, байгалийн нөөцийг хамгаалах, зүй зохистой хэрэглэх; уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах; хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан аж төрөх байдлыг хангах; Тогтвортой Хөгжлийн Зорилгын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэхэд шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг олж авах; иргэний нийгмийн оролцоог дээшлүүлэх зэрэг асуудлаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлох, бусад улс орнуудын туршлага, ажлын арга барилаас суралцах, санал солилцох өргөн боломж олгож байгаад түүний ач холбогдол оршиж байна.

Боловсрол нь ядуурлыг бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг мөн хэмээн тодорхойлон, хэлэлцэх гэж байгаа нь манай орны хувьд цаг үеэ олсон, чухал асуудлуудын нэг болж байна. Учир нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн орчинд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэлд өртөх нь ихсэж, тэдний аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдөх явдал газар авсаар байна. Энэ нь иргэдийн боловсролын түвшин доогуур, нийгэм дэх ажилгүйдэл их байгаагаас үүдсэн архидалт, ядууралтай шууд холбоотой. Боловсрол, ядуурал, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг нийгмийн асуудлууд харилцан хамааралтай байгаа нь парламентчид биднээс хууль тогтоомж, бодлогын уялдаа холбоогоо улам сайжруулахыг амьдрал зүй ёсоор шаардаж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд ирээдүй, хойч үеийнхэндээ хор хөнөөл учруулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангаж, дэлхий нийтээрээ ядуурлыг бууруулж, орлогын тэгш бус байдлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалж, хүн бүр амар тайван амьдрах хөгжил цэцэглэлтийг бий болгож, өөрсдийн амьдралын хэв маягаа, хөрөнгө оруулалтаа, бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ болон хэрэглээнийхээ арга барилыг өөрчлөхийг бид бүхэн уриалж байгаа.

Өнөөдөр хэнийг ч ардаа орхилгүйгээр хүн бүр хөгжлийн үр шимийг хүртэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг зорьж буй энэ хандлагыг бид мөн хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна.

Дэлхий дээр урьд өмнө байгаагүй мэдээллийн урсгал, мэдээлэл хуваалцах боломжийг зөв ашиглаж, мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэх хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой анхаарч, хамтран ажиллахыг Та бүхнээс уриалж байна.

Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд улс орнуудын түншлэл тэр тусмаа бүс нутгийн хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон хэлэхийг хүсэж байна.

Энэ удаагийн уулзалт анхдугаар чуулганаар гарсан санал, зөвлөмжийг улам бататган баяжуулах, ТХЗ-ыг хангахад шаардлагатай шинэ шийдэл, арга замыг тодорхойлох, бүс нутгийн парламентын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд ач холбогдол бүхий арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.  


          Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

          Анхаарал тавьсанд баярлалаа.


  2019-05-27 11:42  223