Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 45 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийг “37.4.Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн өөр хүнийг Улсын Их Хуралд оруулна.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

Мөн дугаарт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Мөнгөний бодлого нь эдийн засагт гарч байгаа эерэг үр дүнг бэхжүүлж, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулна хэмээн тусгажээ. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн, уян хатан тогтох зарчмыг баримталж, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэхээр заасан байна.
Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалын цар хүрээг өргөжүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тохиолдолд банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Тусай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

Дээрх тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатар, Дамдины Цогтбаатар нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Бямбасүрэнгийн Энх-Амгалан, Лувсанвандангийн Болд, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсан юм.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл